Дэлхийн банкны нээлт Монголчуудыг цочроов

Дэлхийн банкны судлаачид том нээлт хийв бололтой. Учир нь тэд өчигдөр Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Нийгмийн

хамгаалал хөдөлмөрийн яам, Үндэсний статистикийн хороо, элчин сайд, олон улсын судлаачдын өмнө Монгол Улсад ядуурал хоёр дахин буурсан (2003-2008 оны хооронд) хэмээн мэдэгдлээ. Бас болоогүй “Энэ их амжилтад бардамнаж болохгүй, эдийн засгийн хямрал болсон тохиолдолд олон айл ядуурах эрсдэл байгаа”-г захиж байна лээ. Энэ нээлт төрийн байгууллагуудын төлөөллийн магнайг тэнийлгэж, бараг л алга ташихад хүргэв. Арга ч үгүй биз, жил ирэх бүр халамжийн хэмжээг нэмэгдүүлж, хүн бүрт бэлэн мөнгө тарааж байгаа боловч ард түмэн улам л ядуурч байгааг шүүмжилсээр ирсэн. Гэтэл тэд Дэлхийн банкны цочирдом нээлтийн ачаар өнгөрсөн хугацаанд төр засаг хэчнээн сайн ажиллаж, тарааж цацсан халамж ямар олон өрхийг ядуурлаас гаргасныг сая л нэг юм мэдлээ. Ийм байхад баярлахаас өөр яах билээ. Бас тэд “Өнгөрсөн хугацаанд ядуурал нэмэгдсэн. Ард түмний амьдрал улам дордсоор байна. Бэлэн мөнгө тараах, халамжийг нэмэгдүүлэх нь ядуурлаас гаргахгүй” гэж хэлсэн хүний өөдөөс “битгий хуц” гэж хэлэх эрхтэй болов.
Уг нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2002-2008 оны хооронд ядуурал буураагүй буюу ойролцоогоор 35 хувьтай байсан. Харин хямралын жилүүдэд ядуурал гурван хувиар нэмэгдэж одоо 38.7 хувьд хүрсэн юм. Тэгвэл дэлхийн банкны судалгаагаар 2002 ондядуурал 61 хувьтай байсан. Түүнээс хойш 5-6 жилийн дотор Монгол Улс ядуурлыг бууруулж 2008 онд 35 хувьд аваачсан юм байх. Өөрөөр хэлбэл, Үндэсний статистикийн хороо 2002 онд ядуурлыг 35 хувьтай байна хэмээн буруу тооцжээ. Уг нь тухайн үед ядуурал 35 биш 61 хувь байсныг нь манай статистикийнхан гадарлаагүй юм гэнэ. Гэхдээ Дэлхийн банкны судлаач статистикийн байгууллагыг буруугүй гэв.

Тэдний ядуурлыг тооцож байгаа аргачлал зөв, өмнө нь ч зөв байсан гэнэ. Тэгвэл яагаад ийм өндөр зөрүү гараад байгаа юм бэ хэмээн тодруулахад “Бидний тооцсон аргачлал бол урт хугацаанд ядуурлын дүр зургийг гаргадаг юм. Харин статистикийн хэрэглэж буй арга тухайн жилд ядуурал ямар түвшинд байгааг илтгэдэг. Энэ хоёр арга бүгд зөв. Олон улсад хэрэглэгддэг” гэх ойлгомжгүй тайлбарыг хийв. Харин статистикийнхан Дэлхийн банкны судлаачтай санал нийлэхгуй байна. Тэд ядуурлын түвшинг зөв тооцсоор ирсэн, мөн одоогийн аргачлал манай нөхцөлд хамгийн тохиромжтой болохыг хэлэв.
Тэгвэл аргачлалыг түр орхиод үнэхээр монголчууд ядуурлаас гарсан уу гэх асуулт тавиад үзье. Дэлхийн банкныхан ядуурал буурсан гэдгийг малын тоо толгой өссөн, хадгаламж их хэмжээгээр нэмэгдсэн, боловсрол эзэмших явдал сайжирсан, ядуусын дунд өвчлөл буурсан, эрчим хүч, харилцаа холбооны хүртээмж сайжирсан зэрэг үзүүлэлтүүдээр тайлбарлаж байна. Эдгээр үзүүлэлт үнэхээр ядуурал буурсан гэдгийг баталж чадах уу. Өнөөдөр малын тоо толгой өссөн боловч энэ нь цөөн хүнд ногдож байна. Мөн боловсрол эзэмших явдал нэмэгдсэн ч яг хэрэгтэй мэргэжлээ чанартай эзэмшиж, түүгээрээ ажиллаж байгаа хүн цөөн байна. Харилцаа холбооны хүртээмж сайжирсан нь ярианы өртөг, утас хямдарсан, мөн хүмүүсийн зайлшгүй хэрэглээ болсонтой холбоотой. Өнөөдөр гурван жилийн өмнө 100 мянган төгрөг байсан утас 60 мянган төгрөг болж хямдарчээ. Ярианы тариф ч улам хямдарч, бүр сүлжээндээ үнэгүй ярих болсон. Үүнээс гадна ихэнх бизнес эрхлэгч, төрийн албан хаагч хоёр утастай болсон. Тэгэхээр энэ бүхэн ядуурал буурсан гэдгийг шууд илтгэж чадах уу.

Статистикийн хорооны хувьд ч асуудлыг дээрх байдлаар тайлбарлаж байсан. Дэлхийн банкны судалгаагаар инфляцийн өсөлт ядууралд хүчтэй нөлөө үзүүлээгүй гэсэн дүн гарсан. Тэгвэл энд нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Ядуу өрхийн сарын хэрэглээний 60 гаруй хувийг хүнс эзэлдэг. Харин жирийн иргэдийн хувьд 40 орчим хувийг эзлэж байгаа юм. Харин инфляцийн өсөлт хүнс, тэр дундаа махнаас үүдэлтэй байгаа. Эндээс үзэхэд инфляцийн өсөлт ядуу өрхийн амьдралд хамгийн хүнд тусч байна. Үүнээс гадна ядуу иргэд боловсрол, мэргэжилгүй, ихэвчлэн хөдөө, орон нутгаас шилжин ирсэн байдаг. Иймээс ихэвчлэн хувийн байгууллагад үйлчлэгч зэрэг бага албан тушаалд ажилладаг. Энэ тохиолдолд төрийн албан хаагчийн цалингийн өсөлт тэдэнд нөлөө үзүүлэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн цалин 30 хувь өсөхөд тэдгээр иргэдиин цалин дагаад нэмэгддэггүи гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, Дэлхийн банкнаас ДНБ өссөн дүнг танилцуулсан. Тэгвэл уг өсөлт зэсийн орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор бий болж байгаа.

Түүнээс биш нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өссөн гэх үзүүлэлт биш юм. Энэ мэт нөхцөл байдлыг харгалзаж үзээд Дэлхийн банкнаас хийсэн судалгааны аргачлал манай ядуурлын түвшинг бүрэн илэрхийлж гаргаж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрч болохоор байна. Дашрамд дурьдахад Дэлхийн банкны судалгаагаар манайд баян, хоосны ялгаа эрс өссөн гэх дугнэлттэй хүн бүр санал нэгдэж байв.


URL:

Сэтгэгдэл бичих