Татвар төлдөггүй бизнес

19

Хэв журам, сахилга батыг бий болгоно гэчихээд овлигогүй загнасан учир та бид харахаас ч зэвүүцдэг болсон хүмүүсийн төлөөлөлтэй хотын гудмаар хэсэг “сэлгүүцлээ”. Гэтэл уриалгахан гэж жигтэйхэн юм, тэд. Уг нь чанга яригчаар жолооч нарыг “сүрдүүлж”, үгийг нь үл тоомсорлосон нэгэнд 60.000 төгрөгийн торгууль ногдуулах “эрхтэй” хүмүүсийн төлөөлөл шүү дээ. Тэд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн тээврийн хэрэгслийг ачдаг юм.

Авто замын нэгдүгээр эгнээ, зогсохыг хориглосон газар байрлуулсан тээврийн хэрэгслийг чирэгч машиндаа хоромхон зуур хүлээд л “зугтчихдаг” тэд ачаад явж байсан машинаа буулгаад, эзэнд нь хүлээлгэж өгөхийг нь харж байгаагүй би өөртөө ч итгээгүй. Хэрэгт дурлаж очсон намайг “Бид Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ачигч нар. Ачсан машины эзэн нь гүйгээд ирж байхад яаж явах вэ дээ” гэж бүр алмайруулсан юм даг. Тэдэнтэй хэсэг явахдаа хоёр ч машин ачаад, эзнийг нь гарч ирмэгц буулгасан.

Улаанбаатар хотын хэмжээнд замын хөдөлгөөнд саад учруулсан жолоочийн тээврийн хэрэгслийг 17 компанийн 85 машин ачдаг. Тэдний гаргадаг зөрчил дутагдлыг энэ удаа сонирхсонгүй. Харин жолооч нар дүрэм зөрчсөнийхөө төлөө төлсөн торгуулийн мөнгө хаачдагийг хайсан юм. 17 компанийн нэг нь л Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийнх. Тус компани 12 машинтай аж. Харин үлдсэн 73 машин нь 16 компанид харьяалагддаг гэнэ. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 12 машин өдөрт арай чүү 30 машин ачиж, 1.8 сая төгрөг хуримтлуулж, нийслэлийн төсөвт оруулдаг аж.

Харин хувийн компаниудын нэг машин өдөрт доод тал нь таван машин ачдаг гэнэ. Арван ачигчтай бол өдөрт дунджаар 50 машин “журамлана” гэсэн үг. Ингээд ачигчид нь компанидаа гурван сая төгрөг “чирээд” авааччихаж байгаа юм. Гэхдээ тэр орлогоосоо сохор улаан зоос ч хотын төсөвт өгдөггүй юм байна. Татвар ч төлдөггүй гэх мэдээлэл бий.

Энэ талаар нийслэлийн Авто замын газрын ахлах мэргэжилтэн О.Энхбаатараас тодруулахад “Манай газар ачих үйлчилгээ явуулдаг компаниудтай үйл ажиллагааны гэрээ хийдэг. Гаргаж буй зөрчил, дутагдалд нь Замын цагдаагийн газар хяналт тавих учиртай. Ер нь машин ачих журмыг эргэж харах нь зүйтэй. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ачигч машины орлого л хотын төсөвт ордог. Хувийн компаниуд нэг ч төгрөгийн татаас өгдөггүй, бүх орлогоо өөрсдөө халаасалж байгаа шүү дээ” гэв.

Үүнээс үзэхэд машин ачих үйлчилгээний компани байгуулах нь өнөө цагийн хамгийн ашигтай бөгөөд эрэлттэй бизнес бололтой. Энэ байдлыг анзаарсан зарим нь ганц машин, хоёр ачигчтай компани байгуулсан тохиолдол ч байдаг гэнэ. Орлого нь тухайн компанид үлддэг учир ачигчид нь үйл ажиллагаа явуулах хил заагаа давж олныг ачихын тулд дотор нь хүн байсан ч хамаагүй аваад явчихдаг, яарсандаа бэхэлгээгээ дутуу хийж, бусдын эд хөрөнгийг эвдлэх нь энүүхэнд аж. Цаашлаад ачигч нар нь дүрэмт хувцасгүй, ачдаг машин нь шаардлага хангадаггүй гэсэн зөрчилтэй байгууллага ч хэд хэд бий юм билээ. Ачдаг машин нь зориулалтын бус, жийп чирч явах чадамжгүй учир хоёр жийпний дунд байсан жижиг тэргийг “сугалдаг” гэнэ. Илүү их мөнгө олохын тулд ачигч нартаа “Өдөрт таваас цөөнгүй машин ачих ёстой” гэж үүрэгддэг байгууллага ч буй сурагтай.

20

Л.БАТЦООЖ: ОРЛОГЫН ТОДОРХОЙ ХУВИЙГ ХОТЫН ТӨСӨВТ АВАХЫГ ДЭМЖЭЭГҮЙ

Хоёр жилийн өмнө машин ачих үйлчилгээ хэл ам дагуулж, ачих үйлчилгээний хөлсний тодорхой хувийг хотын төсөвт авдаг болох асуудлыг ярьж эхэлсэн. Гэвч энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Ачих үйлчилгээний гажуудал болон шийдэгдээгүй асуудлын талаар Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожоос тодруулсан юм.

-Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, бусдад саад учруулсан тээврийн хэрэгслийг ачих үйлчилгээ үзүүлдэг танай ачигчид өдөрт цөөн машин ачдаг юм биш үү?

-Тусгай тэмдэгтэй газар зөрчил гаргаж байрлуулсан машин олон байдаг ч ачих үйлчилгээ хангалтгүй байгаа. Өөрөөр хэлбэл, замын цагдаагийнхан ачиж, зөөвөрлөж буй компаниудтай уялдаа холбоотой ажиллах шаардлага бий. Учир нь зөрчил гаргасан автомашиныг замын цагдаагийн дуудлагаар ачих ёстой шүү дээ. Хувийн компаниудаас цөөн машин ачиж байна гэдэг нь цагдаа нартайгаа хамтарч чадахгүй байгаагийн илрэл. Тиймээс би ажилчдадаа энэ талаарх ажлаа идэвхжүүлэх үүрэг өгсөн.

-Зарим компанийн ачигчид цагдаа нартай үгсэн тохиролцож, машин ачдаг гэх мэдээлэл байна.

-Цагдаа нар хувийн компаниудтай илүү уялдаатай ажилладаг гэсэн яриа байдаг. Гэхдээ тийм айхтар болчихсон байна гэж ойлгодоггүй.

-Өнгөрсөн зургадугаар сард хувийн компаниуд шалгалтдаа бүдэрсэн тухай мэргэжлийн хяналтынхан ярьж байна. Үнэн үү?

-Нийслэлийн Засаг даргын орлогч асан Н.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг ачиж, зөөвөрлөх үйл ажиллагаа явуулсан компаниудын техник, хүний нөөцийг шалгасан. Ингээд шаардлага хангасан байгууллага нийслэлийн Авто замын газартай гэрээ байгуулдаг юм. Өнгөрсөн зургадугаар сард Мэргэжлийн хяналт, Замын цагдаагийн газраас хамтран байгууллагуудад шалгалт хийсэн. Тус шалгалтад манайхаас бусад нь хангалтгүй дүн авсан байна лээ. Үнэндээ дахин шалгалт хийж, зарим байгууллагын гэрээг цуцлах шаардлага бий. Ер нь ийм олон байгууллага байх шаардлагатай юу гэдгийг ч ярих ёстой.

-Хувийн байгууллагуудын ачих үйлчилгээнээс олсон ашгийн тодорхой хувийг хотын төсөвт авч байя гэж ярьж байсан. Чухам юуны учир шийдэгдэхгүй байна вэ?

-Бид ийм хүсэлтэй байсан нь үнэн. Энэ асуудлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийслэлийн ИТХ-д өргөн барьсан. Гэвч хурлаар хэлэлцэх үед нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид хувийн компаниудын орлогын тодорхой хувийг хотын төсөвт авахыг дэмжээгүй. Чухам яагаад дэмжээгүйг мэдэхгүй байна гэв.

Яагаад торгуулийн мөнгийг бүгдийг нь компаниудад өгөх шийдвэр гаргасан талаар зарим эх сурвалж “Дарга нар хувийн хэвшлийнхний хийж чадах ажлыг төр хийх шаардлагагүй гэж үзсэн” гэдэг тайлбар хэлэв. Хувийн компанийн төлөөллүүд “Бид үүнээс ашиг гээд байх юм олдоггүй. Зөрчил гаргадаг жолооч цөөхөн шүү дээ. Шатахуун, ажилчдын цалин гээд орлогоороо зарлагаа нөхдөг төдий. Түүнээс биш сүртэй их ашиг олдоггүй” хэмээн тайлбарласан. Хувийн хэвшлийн хийж чадах ажлыг тэдэнд даатгах нь зүйтэй ч цаасан дээр байгуулсан шинэхэн компанийг иргэд хэдэн бор төгрөгөөрөө санхүүжүүлэх нь утгагүй.

Ачиж, зөөвөрлөх үйл ажиллагаа явуулах хүсэлтээ нийслэлийн Авто замын газарт гаргаад, ажлын хэсгийн шалгалтыг давчихвал машин ачих эрх авна гэдэг дэндүү амар юм. Тэгээд л ямар ч татвар төлөхгүй, орлогын эх үүсвэртэй болчихно шүү дээ. Хэрэв үйл ажиллагааныхаа явцад шалгалтад бүдэрчихвэл өнөөх цаасан дээрх компаниа татан буулгаад, өөр нэрээр дахиад гэрээ байгуулчихдаг гэсэн. Ийм замналтай компани ч өдгөө үйл ажиллагаа явуулж байгаа аж. Гар дээрээс жижиглэн худалдаа хийгээд, сард багадаа 10.000 төгрөгийн татвар төлдөг хүмүүс бий.

Тэр мөнгийг хотод шаардлагатай бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зарцуулна. Тухайлбал, авто зогсоол баривал нийслэлд хэрэгтэй. Нийслэлийн хэмжээнд нийтийн 20 орчим авто зогсоол бий. Бусад нь төлбөртэй болон байгууллагын эзэмшлийнх. Авто зогсоол хүрэлцээгүй нь жолооч нар зөрчил гаргаж, нэгдүгээр эгнээнд машинаа түр байрлуулах шалтгаан болдог нь үнэн. Ийм шалтгаанаар машинаа ачуулж байсан хүн ч цөөнгүй. Тэдний нэг Д.Бадраа “Би машинаа гурван удаа ачуулсан. Хамгийн сүүлд гэхэд бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гэж байгаад ачуулсан.

Карт минь гараад ирчихсэн, машин мөнгө тоолж байхад би яах юм бэ. Мөнгөө хаяад гүйлтэй биш. Мөнгөө авчихаад араас нь гүйгээд очиход “Хөдөлчихсөн. Журмын хашаанд хүргэх мэдээ өгчихсөн” гээд машиныг минь өгөөгүй. Уг нь бол замын цагдаагийн зөвшөөрлөөр машин ачих учиртай юм билээ. Гэтэл хувийн компаниуд эхлээд машинаа аччихаад, дараа нь цагдаагаасаа зөвшөөрөл авдаг юм байна лээ” гэсэн юм.

Хувийн компаниудын орлогыг цөмийг нь биш юм аа гэхэд хагасыг нь нийслэл аваад авто зогсоолд хөрөнгө оруулалт хийвэл үнэхээр хувийн хэвшлийг дэмжсэн ажил болно. 16 компанийн мөн тооны эзэд орлоготой байхаас гадна барилгын ажил гүйцэтгэх компаниуд ч ажилтай болно. Үүнийг дагаад жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь ч багасна. Удахгүй шалгалт хийдэг ажлын хэсэг солигдох нь тодорхой. Энэ асуудалд анхаарлаа хандуулаарай гээд хотын даргадаа хошуу хүргэчихье.

Эх сурвалж “Өнөөдөр” сонин

URL:

Сэтгэгдэл бичих