Олон жил эмнэлгийн сахиул хийж чөтгөрүүдтэй нөхөрлөсөн Одвогмэд-4

9d411c5b05be04e3greatЧөөгий Одвогмэд нэг удаа шар өвчин тусаад “өөрийнхөө” эмнэлэгт хэвтэж байжээ. Эргэлт ирээгүй хоёр ч хонож байтал нэг халуун савтай хоол, барьсан эмэгтэй ороод иржээ. Одвогмэд бүсгүйг танихгүй. Гэтэл тэр ногоон торгон дээлтэй бүсгүй барьж ирсэн хоол цайгаа ширээн дээр тавиад өөриймсөг байдлаар Одвогмэдийн толгой дээр гараараа дарж үзээд “Зүгээр ээ” гээд хоолноосоо аягалж өгчээ. Бүсгүйн хоол, цай өөх тосгүй яг л шарласан хүнд зориулагдсан байв.

Одвогмэд гайхаж “Би чамайг танихгүй шүү дээ. Арай манай эхнэр чамайг гуйж явуулсан юм биш биз дээ” гээд аваад тавьчихав. Бүсгүй гомдов бололтой нүднээс нь том гээчийн нулимс бөнжийтөл гарч ирж доод зовхинд нь удаан тогтож байгаад “тасраад” доошоо уначихжээ.

Одвогмэд, бүсгүйн нүдний доор яг тэр дүүжлэгдэж байгаад унасан нулимс шиг хар мэнгэ байгааг олж харжээ. Тэрхэн зуур бүсгүй цай хоолныхоо савыг суллаж аваад гарч оджээ. Одвогмэдийн ар гэрээс ямар ч эргэлт ирэхгүй болохоор нь тэр таньдаг асрагчдаа хэлж яасныг нь мэдээд ир! гэж явуулжээ. Асрагч авгайг очиход Одвогмэдийн эхнэр гэртээ байсан бөгөөд “Би маргааш эргэе гэж бодож байлаа. Өнөөдөр дүү нь эргэнэ гэсэн болохоор очсонгүй л дээ” гэж учирлаад нөхрөө өвчтэй байхад халамж анхаарал тавьдаггүй хаашаа янзын хүн бэ гэж асрагч бодох вий гэж болгоомжилж байв гэнэ.

Асрагчаас ийм үг сонсоод Одвогмэд гайхахын ихээр гайхав. Түүнд ганцхан эрэгтэй дүү байдаг аж. Тэр нь бүүр хол Сэлэнгэ аймгийн нэгэн Сангийн аж ахуйд тракторчин хийдэг. Харилцаа холбоо муу байсан болохоор аймаг, хот хоорондын ярианы үйлчилгээ бараг бүтэшгүй зүйл байжээ. Дүүгийнх нь эхнэр гэж нэг хүн байдаг тухай сонссон боловч зүс царайг нь огт хараагүй. Тэд гэрлэсэн үедээ ч нутагт ирээгүй байж.

Тэгээд ч холын нутгийн бэр нь юу гэж ирээд эмнэлэгт хэвтэж байгаа Одвогмэдийг эргэж тойрч явах билээ. Оньсого шиг сонин явдалтай таарсан Одвогмэд дахиад нөгөө асрагчдаа “Эхнэрийг нэг хүрээд ирээч гэж байна гээд дагуулаад ирэхгүй юу” гэж гуйжээ. Цаг гаруйн дараа эхнэр нь гэрийнх нь шаахайг барьчихсан ороод ирэв. Юу болоод байгааг эхнэрээсээ сонсоод Одвогмэд бүүр ч мэл гайхаж, цэл хөхөрчээ. Хоёр хоногийн өмнө эхнэр нь эмнэлэгт хэвтэж байгаа нөхрөө эргэхээр цай чанаад халуун савандаа юүлж байтал гэнэт халуун сав шархийгээд хагарчихаж. Бэлгэгүй юм болж байна гэж сэжиглэсэн бүсгүй ч паалантай данханд өөр цай чанаж юүлээд эсгий уутанд хийж хөрөхөөс хамгаалан гарах гэж байжээ. Тэгтэл нэг ногоон торгон дээлтэй бүсгүй ороод ирж. Огт танигүй тэр бүсгүй “Одвогмэд ахын бие гайгүй байна аа. Төв газар, тэгээд эмнэлгийн хавиар ажилтай болохоор эрт мэдэж, эмчилгээ ч сайн хийгдэж байгаа юм байна. Би хэдэн хоног Одвогмэд ахыг эргэж тойрно. Та өнөөдөр очсоны хэрэггүй. Би очоод ирлээ” гэх зэргээр ярьсан байна.

Эхнэр нь Одвогмэдийн хамаатных нь хүн юм байлгүй гэж бодоод эмнэлэг рүү авч гарах гэж байсан цайнаасаа түүнд аягалж өгчээ. Бүсгүй ч цайг ганц хоёр оочоод гарч явсан байна. Энэ бүх жигтэй тохиолдлын талаар Одвогмэд сонсоод тийм ногоон торгон дээлтэй үл таних бүсгүй өөрийг нь эргэж ирснийг эхнэртээ хэлэхэд эхнэр нь бас өөр нэг жиг ургамаар юм ярьжээ.

Тэр ногоон дээлтэй бүсгүй гарч явсны дараа Одвогмэдийн хамар хашааны эмгэн орж иржээ. Эхнэр нь тэр хөгшинд цай аягалж өгөх гэж эсгийнд боож бумбалсан данхтай цайгаа автал их хөнгөн байв. Тагийг нь авч үзэхэд цайг хэн нэгэн юу ч үгүй болтол шавхаж орхисон байжээ. Тэгсэн чинь Одвогмэд цочих мэт болжээ. Тэр ногоон дээлтэй бүсгүйн авчирсан цай хоол яг л эхнэрийнх нь гарынх юм шиг байсан аж. Эхнэр, нөхөр хоёр энэ бүхнийг нэмж шимэн ярьсаар байгаад эцэстээ “Одоо яахав” гэдэг асуудалд тулж очжээ.

Эхнэр нь “Данзан гуай дээр очиж асууя. Энэ ямар нэг муу ёрын юм болоод байна” гээд гарч оджээ. Хүүхэд насандаа хүрээ хийдэд шавилж байсан Данзан өвгөн:
- Улаан албин гээч юмны хорлол болжээ. Хаврын цагт газар ус, хад чулуу, мод цэцгээр оролдож болдоггүй юм. Тэр улаан албины гүйдэл чинь хаврын цагт их сэргэдэг зүйл байгаа юм. Улаан албин нөхрийн чинь сэтгэл санааг эзэмдээд авчихаж гэж хэлээд нэг жижиг цаас авч гурвалжилж хайчлаад дээр нь хэдэн төвд үсэг бичиж өгчээ. Тэгээд бас “Энэ зүйлийг нөхөртөө хэлэлгүй толгой тушаа газар нь аваачаад наачих. Ер нь буг чөтгөртэй газар идээшсэн хүнд л улаан албин чинь үзэгдэж харагддаг, илбэ мэхээ үзүүлдэг юм” гэж нэмж хэлсэн байна. Эхнэр нь нөхөр рүүгээ очоод: “Санаа зовсны хэрэггүй. Тийм нэг сэтгэл санааны өвчтэй хүн байдаг юм байна. Дотрын тасагт хэвтэж байсан нэг өвгөнд тамхи хүртэл оруулж өгсөн байсан” гэжээ.

Ингэж ярьж байх зуураа нөгөө төвд номын үсэгтэй гурвалжин цаасаа нөхрийнхөө орны толгой тушаа наачихжээ. Одвогмэд ч “Хн, золиг гэж. Тэр мэдрэл муутай амьтан надад цай хоол авчирч өгдөг нь ч юу билээ” гэж хэлээд төдөлгүй хурхирч гарчээ. Одвогмэд маргааш өглөө нь хаалга дуугарахтай зэрэг сэржээ. Нөгөө ногоон дээлтэй бүсгүй бас цай, хоол бололтой тортой юм барьчихсан орж ирэх гэж зогсов. Урагшаа нэг алхсанаа хойноосоо ямар нэг юмаар оосорлуулаад татуулж байгаа юм шиг буцаад явчихаж байв. Одвогмэд түүнийг мэдрэл муутай гэж үнэмшчихсэн байсан болохоор нөгөө алдарт Шар хадныхан шиг сэтгэцийн гажигтай үйлдлийг хийж байгаа юм байна гэж боджээ. Харин номч өвгөн Данзангийн мэс хэлбэртэй цаасан дээр бичиж өгсөн тарнийн хүч тэрхүү улаан албиныг өрөөнд нь оруулахгүй байсныг тэр бүүр хожим ойлгосон гэдэг. Бас манай “Сайн эр” Одвогмэд ярианыхаа төсгөл болгож нэг зүйлийг ярьсан юм. Тэр элдвийн сонин юм нүдэнд нь үзэгдэж харагдаад, зүс царай нь хачин муухай болоод байхаар эмнэлгийн сахиул хийхээ больжээ. Энэ нь учиртай. Задлангийн ажилчин байхгүй хооронд түүнийг аймшиггүй болохоор онош тодруулах гэсэн эмч нар морг руу дагуулж оржээ.

Эмч нарын алдарт үг бол “Үхсэн хүнээс бүү ай, харин амьд хүмүүс л аюултай” болой. Архинд дуртай болохоор Одвогмэд ч татгалзаагүй байна. 10 гаруй насны хүүхдийг задлах болжээ. Тэр хүү хөдөө сумаас ирж хэвтээд тэр өдрөө нас барсан байлаа. Тархийг нь зүсч үзэх шаардлагатай. Дахиад ийм тохиолдолд өвчтөнийг эмчлэхэд хэрэгтэй гэж эмч нар ятгасаар байсан ч эцэг, эх нь хүүхдийнхээ биед мэс хүргүүлэхгүй, зөвшөөрөхгүй гэжээ.
Тэгсэн ч тэд дур мэдэн задлан хийх гэсэн нь тэр байлаа. Хүүгийн тархийг зүсэхэд дотроос нь нэг ноосорхог шавьж гарч иржээ. Хэлбэр төрх нь яг ямаа шиг харагдсан байгаа юм. Эмч нар ч гайхаж, насаар ахимаг нь “Дээр үед ийм дом хийдэг байсан юм гэнэ лээ. Тархи толгойн өвчтэй хүний чих рүү нэг төрлийн ургамал нунтаглаж хийдэг. Тэр ургамал нь битүү дулаан орчинд очихдоо өөрчлөгдсөн амьтан болдог байж. Тэгээд тэр шавьж шиг амьтан хүний тархин доторх ян, идээ бээр болон аль л муу өвчний эх үүсвэрийг идэж устгаад үхдэг байсан байна. Тэр ургамлын нэрийг санахгүй байна” гэжээ.

Одвогмэдийг харсаар байтал нас барсан хүүгийн тархинаас гарч ирсэн шавьж моргийн буланд очиж, жоомтой “зодолдож” гарчээ. Яг ямаа шиг ухарч байгаад жоомыг мөргөж байж. Түүнээс хойш удалгүй Чөөгий Одвогмэд ажлаасаа гарах өргөдлөө өгчээ. Тэр зэвүүн ямаа шиг хэлбэртэй амьтан түүний бодлоос ер салдаггүй байжээ. Нэг удаа малчин айлд очиход хотны захад хэвтэж байсан нэг хөх сэрх эврээ духайлган ирж Одвогмэдийг мөргөхөд нөгөө моргт болсон явдал санаанд нь орж амьдралдаа айгаагүйгээрээ айсан гэдэг.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих