Ө.Мөнхбат: Бид улстөрчдөд хэзээ ч авлига өгөхгүй

“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ”-Н ХУВЬЦААНЫ 10 ХУВИЙГ ХУДАЛДАХ ШИЙДВЭРЭЭ ЦУЦЛАХААР ЯРЬЖ БАЙГАА НЬ ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙГ ГАДУУРХАЖ БАЙГАА ХЭРЭГ-

УИХ-аас Таван тол­гойн ордын нийт хувь­цааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь ху­далдахаар болж өнгөрсөн оны дол­дугаар сарын 7-нд 39 дүгээр тогтоол гаргасан билээ. Гэтэл УИХ дээрх шийдвэрээсээ буцаж ма­гад­гүй байна. Тодруул­бал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс-Та­ван толгой” компанийн хувь­цааны 10 хувийг ху­дал­дах тухай заалтыг цуцлах асуудлыг хэлэл­цэн дэмж­сэн билээ. УИХ дахь Ард­чилсан намын бүл­гийн дарга Ч.Сайхан­билэг бүл­гээс ийм шийд­вэр гар­гахад гурван шалт­гаан нөлөөлсөн тухай өнгөр­сөн долоо хоногт мэ­дэгд­сэн. Түү­ний хэлс­нээр, Монгол Улсын хэм­жээнд 53 мянган аж ахуйн нэг­жүүд бүртгэлтэй байд­гаас 23 мянга нь л татвар төлдөг.

Эдгээр 23 мянган ком­панийн цаана 2700 ор­чим иргэн байгаа гэсэн мэдээлэл бий. Тиймээс “Эр­дэнэс-Таван толгой” ком­панийн хувь­цааг 2700 хүнд эзэмшүүлснээс 2.7 сая иргэнд тэгш хуваа­рилах ёстой аж. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн үзэж байгаа­гаар үндэсний аж ахуйн нэгж гэсэн ойлгол­тыг хуулиар зохицуулаа­гүй учраас тэдгээр 23 мянган компа­нийг “үн­дэснийх” гэж ойлгох бо­ломж байхгүй. Тэгээд ч үндэсний аж ахуйн нэг­жүүдэд хувьцаа эзэм­шүүлэх замаар биш ха­рин том, том төсөл хөтөл­бөрүү­дийг дагасан бүтээн байгуулалтын ажилд орол­­­цуулах нь санхүү­гийн хувьд боди­той дэмж­лэг болно гэж АН-ын бү­лэг үзэж байгааг дуул­гасан юм.              “Эрдэнэс-Таван толгой”-н хувь­цааг үндэсний компаниудад заруу­лахгүйн тулд УИХ-ын гишүүдийн гаргасан дээрх үндэслэлүүдийг харин хувийн хэвшлийнхэн няцааж байна. Бүр “Төсвийн дийлэнхийг бүрдүүлж, баялгийг бүтээж байгаа тодруулбал, ДНБ-ий 80 хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлүү­дийг битгий гадуурхаач” гэж шаар­даж байгаагаа илэрхийллээ. Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Хувийн хэвшлийнхэн хэзээ ч тө­рөөс халамж хүсдэггүй. Гэхдээ тэд ажлын байр бий болгож, баялгийг бүтээж байна. Үндэсний аж ахуйн нэгжүүд “Эрдэнэс-Таван толгой”-н хувьцааг зүгээр өгөөч гээгүй. Ху­далдаж авах санал гаргасан. УИХ ч энэ саналыг нь дэмжсэн тогтоол гар­гасан. Хувийн хэвшлийнхнийг дэмжсэн энэ шийдвэрээсээ битгий бу­цаач” гэсэн. Мөн Монголын арил­жаа эрхлэгчдийн холбооноос “Өөрийн хөрөнгийн 25-аас доош­гүй хувь нь гадаадын хөрөнгө оруулаг­чийн хувь хөрөнгөөс бүрд­сэн аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулалттай гэж үзэх тухай хуульд заасан байдаг. Тэгэ­хээр гадаадын хөрөнгө оруулалт нь хувь нийлүүл­сэн хөрөнгийн 25 хувь нь хүрээгүй бол Үндэсний аж ахуйн нэгж гэж үзэх нь тодорхой. Гэтэл хэдэн мян­гаар тоологдох үндэсний аж ахуйн нэг­­жүүдээ үгүйсгэж байгаа нь зүй бус” гэж үзэж байгаагаа илэр­хийл­сэн.

УИХ-ын зарим гишүүний байр суурьт хэрхэн хандаж байгаа талаарМонгол 999 үндэсний нэгдэлхувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ө.Мөнхбат­тай ярилцлаа.

-Засгийн газраас 2700 орчим иргэний мэдэлд 23 мянган үндэсний компани байгаа гэх тооцоог гаргасан юм биш үү. Энэ үндэслэлгүй гэдгийг яаж батлах вэ?

-Энэ мэдээллийг хаанаас авсан талаар Засгийн газраас асуухад хариу ирээгүй. Гудамжинд гараад харахад л энэ тоо үндэслэлгүй гэдэг нь тодорхой. “Монгол 999 үндэсний нэгдэл” компанид хувь нийлүүлсэн 2000 орчим компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэн хувьцаа эзэмшигч­дийн тоо 48 мянга болдог. Мөн “Үнэт цаасны төлбөр тооцоо, төв­лөр­сөн хадгаламжийн төв”-өөс гаргасан мэдээгээр 357 мянган ир­гэн компанийн хувьцаа эзэмш­дэг.

-Та нарын тооцоолсноорЭр­дэнэс-Таван толгой“-н 10 ху­вийг хэд орчим төгрөгөөр худалдаж авах боломжтой вэ?

-Таван толгойн асуудал дээр үндэсний аж ахуйн нэгжүүд өнгөр­сөн оны долдугаар сард мэдэгдэж байсан. Иргэд ч, аж ахуйн нэгжүүд ч Монгол гэдэг айлын хүүхдүүд. Тэднийг ялгаж, салгаж үзэх шаард­лагагүй. Нөгөө талаар аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байж ажлын байр бий болдог. Компаниуд “Эр­дэнэс-Таван толгой”-н хувьцааны 10 хувийг худалдаж авснаар тэнд хяналт бий болно. 2.8 сая хүн нэг компанийг хянана гэдэг хэцүү. Түүний оронд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж, Монгол Улсад татвар төлж байгаа ком­паниуд хяналт тавихад амархан. Эрдэнэтэд хахууль, шахааны биз­нес яаж хөгжсөн билээ. Таван толгой түүнтэй л адил болно. Түүний оронд бид хувьцаагаар хийсэн хөрөнгө оруулалтдаа илүү хариуцлагатай хандана. Хувьцаа­гаа барьцаалан зээл авах, хувь­цаагаараа хөрөнгө оруулах за­маар хамтарсан компани эсвэл хөрөнгө оруулалтын сан гэх мэт санхүүжилтийн эх үүсвэр болгох боломж нээгдэнэ шүү дээ.

Бидний тооцоолсноор Таван толгойн 10 хувь нь 70-100 тэрбум төг­рөг болж байгаа. Тэр мөнгөөр Хон­конг эсвэл Английн бирж дээр хувьцаа гаргах анхан шатны хө­рөнгө босчихно. Бид өнгөрсөн жилээс Таван толгойд 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэж хүсэлт гаргахад хариу өгөө­­гүй. Тэгсэн атлаа Хятадын “ЧайлКо” компаниас 250 сая ам.дол­­ларын зээл авчихсан. Ийм байдлаар төр монголчуудаас илүү гадаадынхныг дэмжээд байгаа нь буруу асуудал. Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ гэдэг үг цаасан дээр л үлддэг шүү дээ.

-Төрөөс иргэдээ халамжаар дэмжээд хувийн хэвшлийнх­нийг ялгаварлан гадуурхаад байна гэж ойлгож болох уу?

-Бид зохих шаардлага, хүсэлтээ тавьдаг. Дэмжинэ ч гэдэггүй, бас дэмжихгүй ч гэдэггүй. Ердөө ч хариу өгөхгүй байна.

-Шаардлага гэдгээ тодруу­лаач?

-Татвараа төлдөг, ажлын байр бий болгодог компаниудыг битгий хаагаад, илүү үзээд, гадуурхаад байгаач гэж шаардаж байгаа юм.

-Үндэсний аж ахуйн нэгжүү­дэд хувьцаа эзэмшүүлэхийн оронд бүтээн байгуулалтын ажилд оролцуулах ёстой гэд­гийг юу гэж ойлгох вэ?

-Таван толгойд л гэхэд үндэс­ний компаниуд тээвэр, хоол мэтийг нь хийх тухай яригдаж байна. Хамгийн ашигтай бизнесүүдийг нь гадаадынханд өгдөг. Ашиг багатай салбаруудыг нь Монголын аж ахуйн нэгжүүдэд хуваарилж байгаа хэрэг. Айлын өргөмөл хүүхэд шиг байлгаж болохгүй шүү дээ.

-Үндэсний компаниуд ажлыг нь хийдэг, гадаадын ком­па­ниуд ашгийг нь хүртдэг гэж үү?

-Таван толгойд санал ирүүлээд байгаа гадаадын компаниуд тээв­рийг нь хийе, баяжуулах үйлд­вэрийг нь барья гээд байгаа. Гэтэл цаа­наа нүүрс экспортлох эрх (квот)-ийг авахын төлөө ингэдэг. Тэгээд ч авдаг.  Түүнээс биш бидэнд баяжуулах үйлдвэр барьж өгөөд ашиг авъя гэсэн компани маш цөөхөн байдаг.

-Та нарын хардаж байгаагаар төрөөс яагаад үндэсний ком­паниудыг гадуурхаад байгаа юм бол?

-Олон хандлага байна. УИХ-ын 2012 оны сонгуультай холбоотой байх. Мөн хувийн хэвшлүүдийн удирдлагууд улс төржихгүйгээр ажиллаж байгаа нь эрх мэдэлтнүү­дэд биднийг дэмжих нь ашиггүй байна л даа. Харин гадаадынхныг дэмжвэл авлига маягаар мөнгө нь орж ирдэг ч байж болох юм. Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг гэдэг эрх мэдэлтэн алга байна.

-Та нар ч гэсэн гадаадынхан шиг улстөрчдөд хандаад үз­вэл зорилгодоо хүрэх юм биш үү?

-Бид улстөрчдөд хэзээ ч авлига өгөхгүй. “Монгол 999 үндэсний нэгдэл” бол “Дэлхийн авлигатай тэмцэх холбоо”-нд нэгдчихсэн байгаа. Харин бид бизнес эрхэлд­гийн хувьд Оюу толгойн орд газрын 16 хувийг худалдаж авъя, Таван толгойн хувьцааны 15 ху­вийг ху­далдаад авъя гэсэн санал тавьж байгаа. Харин төрөөс то­дорхой хариу өгөхгүй байна.

-Хүсэлтэд чинь хариу өг­дөггүй. Харин ч УИХЭр­дэ­нэс-Таван толгой“-н хувь­цааны 10 хувийг хувийн хэвш­лийнхэнд зарах тогтоолоосоо татгалзаж магадгүй байна. Ингэхээр та нарын ажил үр дүнд хүрэхгүй байгаа юм биш үү?

-УИХ-ын гишүүд энэ чигээрээ байхгүй гэж найдаж байна. Ажил хийснээрээ, ажил олгосноороо хувийн хэвшлийнхэн хохирох ёс­гүй. Бүгдээрээ компани байгуу­лахгүй гэртээ 21 мянган төгрөгөө аваад хэвтвэл яах билээ.

Бид Оюу толгойд гарсан алдааг давтахгүйн тулд Таван толгойн хувьцааг худалдаж авахын тулд санал тавьж байгаа. Таван толгойн гэрээ хийгээгүй байж гадаадын компаниас их хэмжээний зээл авчихлаа. “Баялгийн хараал” ийм маягаар үүсдэг. Бид Оюу толгойд ч хэдэн тэрбумын өртэй байна. Таван толгойд ч 250 сая ам.дол­ларын өртэй байна шүү дээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

udriin sonin


URL:

Сэтгэгдэл бичих