Архинд таван хүн хордож амиа алдсан хэрэгт спиртийн үйлдвэрийн ажилтнуудыг шалгаж байна
-СПИРТИЙН ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДЛЫГ АЖИЛТАН НЬ БУСДАД ЗАРДАГ БАЙСАН НЬ ТОГТООГДЖЭЭ-
Хан-Уул дүүрэгт одоогоос хоёр сарын өмнө таван хүн архинд хордож нас барсан билээ. Энэ хэрэгт холбогдуулан “Хархорин“, “Хүчит шонхор” зэрэг захуудаар явж спирт зардаг хүмүүсийг шалгаж байгаа аж. Бүр спирт зардаг бүлэглэл байсныг илрүүлсэн ч гэх мэдээлэл байна. “Хархорин” захын ойролцоох архичид “Гомбоо олдохгүй хэцүү байна” гэж шагширч байгаа нь ч үүнээс үүдэлтэй. Иргэдийг хэнд ч хэрэггүй, гудамжны архичин болгоход нь нөлөөлж, бүр амиа алдахад хүргэсэн гэх спирт зардаг бүлэглэлийн талаар сурвалжиллаа.
“Азийн чоно” компанийн үйлдвэрлэсэн архинд 15 хүн хордож амиа алдсан хэргийг шалгахад ажилтнууд нь хэдхэн төгрөгийн ашиг харж үйлдвэртээ техникийн спирт нийлүүлсэн нь тогтоогдсон. Хоёр сарын өмнө амиа алдсан таван хүн ч техникийн спиртээр найруулсан архи гэгчийг уусан гэдэг. Энэ хэрэгт спиртийн үйлдвэрийн ажилтнууд холбоотой байжээ. Тодруулбал, спиртийн үйлдвэрийн хаягдал болох техникийн спиртийг ажилтан нь хүмүүст зардаг. Худалдаж авсан хүмүүс нь зах, олон нийтийн газарт зардаг байсан аж. Архичдын магтан дуулаад байгаа “Гомбоо” гэгч спиртийн үйлдвэрүүдээс эхтэй аж.
Техникийн спиртэд таван хүн хордсон гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газар (УМБГ)-т шалгаж байна.
Хэргийн талаар УМБГ-ын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Мөнгөншагайгаас тодрууллаа.
-Архинд хордсон гэх таван хүн байнга шахам архи хэрэглэдэг байсан уу?
-Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт 2011 оны наймдугаар сарын 19-21-ний хооронд таван хүн согтууруулах ундаа мэт зүйл ууснаас хордож амиа алдсан хэрэг гарсан. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаад Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-тай хамтарсан ажлын хэсэг гарч мөрдөн байцаалтын ажиллагаа хийж эхэлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд талийгаачид “Хархорин” захад спирт найруулж зардаг иргэдээс согтууруулах ундааны зүйл тогтмол авч хэрэглэдэг нь тогтоогдсон. Тиймээс архи мэт зүйлийг зарж борлуулдаг гэх найман этгээдийг шалгаж байна. Тэд “Хархорин” болон “Дэнжийн 1000″ дахь “Хүчит шонхор” зах дээр спирт найруулж зардаг байсан нь тогтоогдсон.
-Тэдгээр хүмүүс хаанаас спиртээ авдаг байсан бол?
-Спиртийн үйлдвэрүүдийн хаягдал спиртийг авдаг. Тэндээс авсан спиртээ хоёр, гурван шат дамжлагаар зардаг. Өөрөөр хэлбэл, спиртийн үйлдвэрээс авсан спиртээ нэг этгээдэд зардаг. Нөгөөх нь цаас борлуулах замаар гудамжны гэх архичдад зардаг байсан. Сүүлийн дамжлага болох этгээдүүд нь тав, 10 литрээр нь авдаг. Улмаар нэг литр спирт дээрээ нэг литр ус хийгээд хоёр литр архи гэгч болгодог. Түүнийгээ 100, 200 граммаар савлан зардаг байсан.
-Спиртийн үйлдвэрийн хаягдал гэхээр техникийн спирт болж таарах уу?
-Техникийн спирт. Спиртийн үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн явцад хаягдал буюу техникийн спирт зайлшгүй гардаг юм байна. Харин хаягдал спиртийг хэрхэн устгах талаар нэгдсэн заавар, зөвлөмж байдаггүй. Хаягдал спиртийг устгах талаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас холбогдох байгууллагуудтай хамтарсан төсөл хийж байгаа гэсэн. Зарим үйлдвэрүүд хаягдлаа устгадаг. Зарим нь устгах спиртээсээ 100, 200 литрийг нь зарж борлуулдаг. Тэр нь явсаар орон гэргүй хүмүүст хүрч хордуулаад байна.
-Ямар үйлдвэр хаягдлаа зардаг юм бол?
-Энэ бол мөрдөн байцаалтын нууцад хамаарах асуудал.
-Үйлдвэрээсээ хаягдлаа гаргадаг хүмүүс байж таараа. Тэд энэ хэрэгт холбогдсон уу?
-Үйлдвэрийн ажилтнуудыг шалгаж байгаа.
-Шалгаж байгаа хүмүүс нэг бүлэглэл үү. Эсвэл спирт зардаг толгой хүмүүсийг нь шалгаад байна уу?
-Аль, алийг нь шалгаж байна. Бүлэглэл гээд байх юу байх вэ.
-Таны яриагаар үйлдвэрээс нь борлуулдаг хэсэг хүмүүс, тэднээс авдаг, цааш нь зардаг гээд нэлээд олон хүн бүлэглэл болчихсон байгаа юм биш үү?
-Олон хүн байгаа мэт боловч мөрдөн байцаалт хийхээр “Хархорин” захад 4-5 хүн зарж байдаг. Тэдэнд нэг л хүн спирт нийлүүлдэг байх жишээтэй.
-Ерөнхийдөө захуудад спирт зарж байгаа бүх хүнийг саатуулсан гэсэн үг үү. “Нарантуул” захад ч найруулсан архи зардаг гэх мэдээлэл бий.
-Мөрдөн байцаалтын хүрээнд хийсэн шалгалтаар нийслэлийн хэмжээнд спирт найруулж орон гэргүй хүмүүст зарж байгаа нийт цэгүүдийг тогтоосон. Шалгалтаар “Да хүрээ”, “Дэнжийн 1000″-ын зах, “Хархорин” гэсэн гурван газарт л спирт найруулж зардаг нь тогтоогдсон. “Нарантуул” захын хувьд дотоод хяналт сайтай учраас гар дээрээс спирт зардаггүй. Тэнд архидан согтуурдаг хүмүүс ихэнхдээ хувийн үйлдвэрийн хямд архи авч уудаг нь тогтоогдсон.
-Хоёрдогч түүхий эд авдаг цэгүүд найруулсан спирт зардаг гэдэг. Тэднийг шалгасан уу?
-Тийм зүйл одоогоор тогтоогдоогүй. Хүмүүс хоёрдогч түүхий эд тушааж мөнгөтэй болсныхоо дараа найруулсан архи авч уудаг.
-Ямархуу амьдралтай хүмүүс спирт зараад байна вэ. Олон жил энэ наймаагаа хийж байгаа болов уу?
-Ерөнхийдөө таваас дээш жил ийм төрлийн наймаа хийсэн нь тогтоогдсон. Амьдралынх нь талаар ярих боломжгүй.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
udriin sonin
URL:














