Татварт дөрөөлсөн тодотгол

21_500x500

Монгол Улсын энэ оны төсвийн тодотгол УИХ-аар батлагдах гэж байна. Тэгвэл энэ удаагийн төсвийн тодотгол татварт дөрөөлөх бололтой. Өөрөөр хэлбэл, иргэд оршин суугаа байшин, авдаг цалингаасаа хамаарч татвар төлөхөөр болоод байгаа юм. Тодруулбал, 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэд, 150 ам метрээс дээш талбайтай орон сууцтай өрх давхар татвар төлөх болоод байгаа бөгөөд мөн архи, тамхи, дарсанд ногдуулах онцгой албан татварыг нэмэхээр болжээ.
Түүнчлэн энэ оны төсвийг тодотгон батлахаас өмнө тэтгэврийн нас нь хүрч байгаа албан хаагчид өндөр насны тэтгэвэртээ гарах хүсэлтээ байгууллагадаа хүргүүлээд байна. Учир нь тэтгэвэрт гарч байгаа албан хаагчдад олгодог тэтгэмжийг 36 хүртэл сар байсныг 12 сар болгон бууруулж байгаа юм. Тухайлбал, Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог байсныг 12 сар хүртэл болгохоор Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байна.
Мөн төрийн албанд 25 ба түүнээс дээш жил, түүнээс сүүлийн 10 жилийг нь байгаль хамгаалах албанд ажилласан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг тэтгэвэрт гарагахад нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгодог байсныг өөрчилж 1-12 сар болгохоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.
Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлыг 100 хувь төрөөс санхүүжүүлж байсныг 50 хувь болгон бууруулахаар тусгасан байна. Мөн  улс төрийн, төрийн өндөр, төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-30 хувь бууруулах, төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийн дээд хэмжээг 40 хувиас хэтрэхгүй байхаар, төрийн албан хаагчийн гэнэт халагдсаны тэтгэмжийг 6 сар байсныг 3 сар болгон бууруулахаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа.
Ийнхүү энэ долоо хоногт төсвийн тодотголын хэлэлцүүлэг үргэлжилнэ. Үндсэндээ энэ удаагийн тодотгол татварт суурилсан байх төлөвтэй байна.

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих