Хүлээлгийн өрөөнд суугаа залуусыг танилцуулж байна

V ээлжинд “хоолондоо орохоор” хүлээлгийн өрөөнд сууж, ирэх оны сонгуулийн өнгийг зөгнөн, өөрсдийгөө бэлтгэж, ирээдүйн тойрогтоо ажиллаж байгаа залуу улстөрчдийг товч танилцуулж байна. Хийж бүтээх хүслээр жигүүрлэн байгаа эдгээр залуучуудын зарим нь өдгөө УИХ-д суугаа гишүүдээс дутахгүй их ажлыг ирээдүйн тойрогтоо хийсэн байдаг юм билээ. Амбицаар дүүрэн эдгээд залуусын хүчээр орон нутагт олон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Тав дахь удаагийн парламентийг сонгох хуулийг чих тавин хүлээж байгаа эдгээр залуучуудын хэд нь ирэх онд хүслээ гүйцээх бол.

Дорнод аймаг :

“Монголын алт” компанийн дэд ерөнхийлөгч Нямтайширын Номтойбаяр 2012 оны сонгуулиар Дорнод аймагт нэр дэвшинэ. Түүнийг УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын оронд нэр дэвшүүлнэ хэмээн МАН-ынхан үзэж байгаа юм билээ. Тэрбээр намын удирдлагуудын энэ даалгаврыг аль хэдийнэ биелүүлэхээр ажиллаад эхэлсэн ажээ. “МАН-д манайх нэг тэрбум төгрөг хандивласан нь үнэн” хэмээн хэвлэлээр хээв нэг мэдэгдэж байгаа Н.Номтойбаярыг сонгогчид улстөрч гэхээс нь илүү Нямтайширын хүү, бэлэн мөнгөний машин мэтээр харж байгаа. Гэхдээ үүний эсрэг зарим нэг нь Н.Номтойбаяр “Боловсролтой, тэсвэр хатуужилтай сэхээтэн. -40 хэмийн хүйтэнд Тагнуулын ерөнхий газрын үүдэнд зогсч, манаа хийсэн тэрбумтан Монголд байхгүй” хэмээн өмөөрдөг юм билээ.

Дорноговь, Говьсүмбэр :

НХХ-ийн сайд асан Л.Одончимэдийн хүү Одбаяр МАН-аас энэ удаагийн сонгуульд УИХ-ын VI тойрогт нэр дэвших нь.  Түүнийг олон нийт “Харанга” хамтлагийн дуучин Лхагваатай зодолдсон, Бээжин дэхь Монголын ЭСЯ-ны хоолны газрыг ажиллуулж, олон хүн уг хоолноос нь хордож байсан гэх хэргүүдээр нь андахгүй. Тэрбээр Украйнд хууль, АНУ-д эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Өдгөө Ерөнхий сайдын зөвлөх, “Монинтернейшнл” компанийн захирлаар ажилладаг юм байна.

Сүхбаатар дүүрэг:

“Ардчилсан намын ээлжит бус хөдөлгөөн”-ийн зохицуулагч Төмөрбаатарын Хасбаатар гэх Японд мэргэжил эзэмшсэн залуу хэн хүний ам гардаггүй Сүхбаатар дүүрэгт ирэх сонгуульд нэр дэвшинэ хэмээн хэвлэлээр ярих болсон. Өдгөө Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг Лу.Гантөмөр гишүүний арга барилаар улс төрд явах магадлалтай хүн хэмээн тодорхойлдог юм билээ. Нийслэлийн хатуухан тойргийн нэгд тэрбээр ирэх сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшинэ хэмээн горилж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд руу зогсоо зайгүй дайралт хийж байдаг түүний улс төрийн үзэл бодол, төлөвшилийг сайшаадаг олон хүн байдаг юм билээ.

Архангай аймаг:

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нартай ирэх сонгуульд өрсөлдөхөөр Гадаад харилцааны дэд сайд, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч  Баярбаатарын Болор, “Эрдэнэс МГЛ” ХК-ийн дэд захирал Ганзоригийн Тэмүүлэн нар өрсөлдөхөөр шийджээ.  ГХ-ны дэд сайд Б.Болорын хувьд Белги улсын Европын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гарьд тур” компанийн захирал. Түүний энэ бизнесийг одоо дүү нь авч явдаг гэдэг. Б.Болорыг улс төрд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж улс төрд оруулж ирсэн хэмээн улс төрийн хүрээнийхэн үздэг юм билээ. ГХ-ны дэд сайдыг ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцыг эх оронд нь авч ирэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан хэмээн сүүлийн үед олон нийт үнэлэж байгаа. Харин МАН-аас Архангайд нэр дэвших “Эрдэнэс МГЛ” ХК-ийн дэд захирал Ганзоригийн Тэмүүлэнг өндөр боловсролтой нэгэн гэхээс илүү “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн хүү, “Ханбүргэдэй” компанийн эзний хүргэн гэдэг нэр салдаггүй. Түүнийг улс төр, эдийн засгийн хүрээнийхэн олон улсын хөрөнгийн зах зээлийн талаар багагүй мэдлэгтэй нэгэн хэмээн үнэлдэг юм билээ. Түүнийг ажлаас нь гадна моринд хорхойтой чамгүй сайн уяач гэдгээр нь олон нийт анддаггүй.

Говь-Алтай аймаг :

МАН-ын залуу лидер Ж.Энхбаяртай өрсөлдөхөөр тус намын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Амарбаясгалан зэхэж байгаа ажээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж байсан билээ. “Соёмбо принтинг” компанийн эзэн тэрбээр сонгуулийн сурталчилгааны ажлаа аль хэдийнэ эхлэж, сонгогчдын гарт өөрийн намтар, танилцуулгаа тараагаад байгаа ажээ.

Завхан аймаг :

Ш.Отгонбилэг агсны ууган хүү Отгонбилэгийн Содбилэг ирэх сонгуульд Д.Балдан-Очир, Ш.Сайхансамбуу, Д.Оюунхорол нарын хэн нэгнийг түлхэн унагаж, аавынхаа халааг авахаар Завхан аймагт нэр дэвших нь. “Петровис” ХХК-ийн дэд захирал тэрбээр НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, НАСОХ-ны дэд тэргүүн, “Ап таун” сэтгүүлийн эзэн зэрэг гуншинтай. Ш.Отгонбилэг агсан, УИХ-ын гишүүн Д.Туяагийн хүү гэдгээс илүү АНУ-д өндөр боловсрол эзэмшсэн хэмээн МАН-ынхан сайн улстөрч болно хэмээн итгэл хүлээлгэж байгаа гэв.

Өвөрхангай аймаг:

З.Энхболд, Г.Батхүү, Д.Зоригт нарын залгамж халаа болохоор ирэх сонгуульд АН-аас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн газрын дэд дарга  Аюушийн Мөнхбат өргсөлдөхөөр зэхэж байгаа ажээ. АН-ын лидерүүдийн тойрогт нэр дэвшихээр зэхэж байгаа энэ залууг УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэгтийн ойрын хүн гэдэг юм билээ. Гэхдээ түүнд 2012 оны сонгуульд нэр дэвшигч болох боломж тун бага байгаа хэмээн АН-ын нөлөө бүхий хүмүүс үздэг юм билээ.

Хөвсгөл аймаг:

2012 оны хамгийн хатуу тойргуудын нэг болох төлөвтэй байгаа Хөвсгөл аймагт нэр дэвшиж, Ц.Сэдванчиг, Л.Гүндалай тэргүүтэй гишүүдийн халааг авахаар “Классик тохижолт” ХХК-ы захирал М.Амгаланбаатар гэх хуульч залууг бэлтгэж байгаа гэв. Ардчилсан Залуучуудын Холбооны УЗ-ийн гишүүн, “Ардчилсан намаа сэрээх хөдөлгөөн”-ийг үүсгэн санаачлагчдын нэг түүнийг “Алтангадас”-ынхнаас дэмжлэг авдаг хэмээн улс төрийн хүрээнийхэн ярилцдаг юм билээ. АН-ын ҮЗХ-ны гишүүдийг шүүмжилдэг түүний байдлыг фракци хоорондын маргааныг хурцатгахад ашигладаг бүлэглэл байдаг хэмээн улс төрийн хүрээнийхэн яридаг юм билээ.

Хэнтий аймаг :

МАН-аас Д.Арван, Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба нарын залгамж халаа болохоор “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осорын ууган хүү Учрал өрсөлдөх нь. Монголын рояал академийн тэргүүн Н.Учралыг олон нийт хип хоп дуучин “Темон” гэдгээр нь мэднэ. Түүнтэй энэ тойрогт НАМЗХ-ны ерөнхийлөгч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ   өрсөлдөнө.  “Дэлхийн Зөн” Олон улсын байгууллагад ажиллаж байсан, “Алсын хараа” номын зохиогч Л.Оюун-Эрдэнийг төрийн албанд тууштай зүтгэж өнөөгийн байр сууриа эзэлсэн хэмээн НАМЗХ-ны залуучууд нь бишэрдэг юм билээ. МАН-ын залуу улстөрчдийг өнгөлж байгаа Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ нартай АН-аас “Монголын лектор” төвийн захирал, АЗХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Баатархүү өрсөлдөхөөр зэхэж байгаа ажээ.  Тэрбээр УИХ-д орж өнөөгийн улс төрийн тогтолцоо, системийг өөрчлөнө хэмээн нэлээд зоримог өгүүлж байгаа.

Сэлэнгэ аймаг :

МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ы байнгын хорооны дарга Батчулууны  Цогтгэрэл  ирэх сонгуульд төрсөн нутаг Сэлэнгэ аймагтаа өрсөлдөнө. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн эрсэг хөдөлгөөн байгуулан ажиллаж, олонд танигдсан Б.Цогтгэрэл одоо улс төрийн чиглэлээр боловсрол эзэмшиж байгаа. Түүнийг Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нартай уралдан Сэлэнгэ аймагт ажилладаг хэмээн нутгийн зон олон нь анддагүй юм билээ.

Дархан-Уул аймаг :

МАН-аас ирэх сонгуульд ШУТИС-ын проректор Гонгорын Дамдинням Дархан-Уул аймагт өрсөлдөхөөр горилж байна. Түүнийг 2005 онд  МАХН-ын захиалгаар “Эрүүл нийгмийн эсрэг” нэртэй хөдөлгөөн байгуулж ажиллаж байснаар нь мэднэ.

Орхон аймаг :

УИХ-ын гишүүн асан, “Симба” Ц.Батаагийн төрсөн дүү Цогтын Бат-Энх МАН-аас нэр дэвшиж, өрсөлдөх нь. Тэрбээр өмнө нь ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажллаж байгаад ажилтнаа зодсон гэх хэргээр захиргааны арга хэмжээ авахуулж, ажлаасаа чөлөөлөгдөж байсан билээ. Тэрбээр өдгөө Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн дэд захирлаар ажиллаж байна.

С.Заяа

shuud


URL:

Сэтгэгдэл бичих