Оросуудыг ав гэж гуйхын оронд хятадуудад л өгчихөөч дээ

Монгол Улс 50 сая малтай. Хойд хөршийнхөө урд нь зогсоод “Манайхаас чанартай, хямд үнээр, зардал багатай мах аваач” гээд гуйгаад байхад авдаггүй. “Үгүй ээ, танайх малын гоц халдварт өвчин ихтэй” гэнэ. Тэгсэн атлаа хаа байсан далайн чанад дахь орноос мах авна. Монголчуудыг чадаж байгаа нь тэр. Тэд үхэж байсан ч үхэр монголчуудын махыг авахгүй гэж зүтгэдэг. Монголыг мөнгөтэй болгочихно гэхээсээ үхтлээ айж, гол нь харладаг улс. Улс төрийн бодлого нь тийм. Харин “Мах ав, мөнгө дээрээс нь нэмж өгье” гэвэл уухайн тас авна л даа. Манай урд хойд хөрш хоёулаа улс төрийн ийм бодлоготой улс. Цагаан хаан, Манж, Мао, Лениний үед ч л ийм байсан. Хоёр хөршид Монгол Улс хөрөнгөжих нь таалагдахгүй. Тийм учраас оросууд өнөөдөр тив алгасан идэх махаа зөөж байгаа. Монголын мах “муу” л юм бол Английн хатан хаан жил бүр захиалж авах уу. Цэвэр экологийн бүтээгдэхүүн монгол махны давуу чанарыг язгууртнууд хүртэл таашаан амтархаж байхад хойд урд хөршийнхний явцуу улс төрийн бодлого нэг ийм. Энэ мэт шалтгаанаас болж монголчууд бид маш их малтай атлаа махаа “хаданд” гаргаж чаддаггүй. Махаа юм болгож чадахгүй явсаар XXI зуунтай золголоо. Харин саяхнаас хятадууд манайхаас мах авдаг болов. Ямааны махыг тонн тонноор нь нөөцөлж, урд хилээр гаргаж эхэллээ. Өнөөдрийн байдлаар албан бус мэдээгээр 2500 гаруй мянган тонн мах урд хилээр гарсан мэдээ байна. Үүнийг БНХАУ-ын төр авч байгаа ч юм биш. Хоёр орны иргэд, найз нөхөд, танил тал хоорондын нөхөрлөл гэж ийм байдаг.

Иргэд хоорондын үзэл сурталгүй харилцаа юу г ч төрөөс хараат бусаар хийж болдгийн нэг жишээ. Аливаа ард түмэн зах зээлд хэрэгтэй зүйлсээ наймаалцаж, аваа өгөөтэй амьдарч байгаагийн нэг илрэл ч гэж хэлж болох юм.

Хятад наймаачид урд хөрш рүү монгол мах экспортлох шан татаж эхэллээ. Тэд зөвхөн ямааны махыг онцолж аваад байгаа ч юм биш. Монголд зарагдаж байгаа хамгийн хямд үнэтэй махыг онцолж байгаа юм. Үүгээр бизнес хийх зах зээл байгаа учраас тэр. Тэдний буянд өнгөрсөн хавар зудад нэрвэгдсэн “улаан зовлогоо” зарим малчид “шахаж” жаахан ч гэсэн мөнгө болгож чадсан удаатай. Зуд чүүтэй айтай давсан ч бэлэн мөнгөний эргэлтгүй болсон иргэд туранхай, эцэнхий малаа мах болгож ч зарж байсан. Ингэж байж хоног залгуулах мөнгөтэй болж байсан олон малчин бий. Тэр үед 180 гаруй малаа зуданд алдчихаад нэг “зовлогыг” нь хятадууд таван мянган төгрөгөөр өгч байсан тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Увсын ах дүү хоёр малчин нулимс дуслуулан ярьж байв. Үнэндээ бид хятадуудад “улаан зовлого”-оо л өгдөг. Тэд ч ийм л мах авдаг. “Улаан зовлого”, ямааны тарган мах байх хоёрын ялгаа байхгүй. Мах л бол мах. Энэ нь манай болон БНХАУ-д ч ашигтай. Тиймээс удахгүй хятадууд монгол махны амтанд орж эхлэх нь дамжиггүй. Тэр хэрээр Монгол Улсад хөрөнгө орж ирнэ.

Гэтэл Монголын төр амьдрал мэдэхгүй хэдэн сэтгүүлчдийнхээ үгээр орж хятадуудын махны энэ бизнесийг хавчиж хяхаад эхлэв. Хилээр гарч байгаа маханд мэргэжлийн хяналтын, эрүүл ахуйн бичиг хэрэгтэй ч гэх шиг. Хилээр орж ирж байгаа биш гарч байгаа махнаас юуных нь шинжилгээ хүсээд байдаг байна аа. Бид ямар идэх гэж байгаа биш. Зүгээр л өгөөд явуулаад хилээр гаргаж орхиоч дээ. Бидэнд тэр мах шинжилгээтэй байна уу, үгүй юу ямар хамаа байна. Идэх гэж байгаа ард түмэн нь л хяналтаа тавьдаг юм байгаа биз.

Ямаа гэдэг амьтан цас үзэж чадахгүй. Зуд болов уу, үгүй юу л хорогддог. Тэр зовлогыг нь хэн авах юм бэ. Өнгөрсөн жилийн зуднаар хорогдсон малын сэг зэмийг булах гэж төр зургаан тэрбум төгрөг төсөвлөж байсан ч УИХ-ын чуулганаар батлаагүй. Харин малын сэг зэмийг устгасан малчдад тодорхой хэмжээний мөнгө өгөхөөр тогтож байсан. Тэр нь явсаар 2.5 тэрбум болж байв. Өнгөрсөн өвлийн зудыг одоо бид аль хэдийнэ мартагнажээ. Үүнийг эргэн сануулъя. Тэгэхэд бид мал сүргээсээ даруй 8.8 саяыг нь тавиад туучихсан шүү дээ. Улсын хэмжээнд нийт 15 аймгийн 80 гаруй сум гамшгийн байдалтай, 17 аймгийн 95 сум зудтай байв. Нийтдээ 8711 өрх амьжиргааны гол эх үүсвэр болсон малаасаа бүрмөсөн хагацсан, 32.756 өрх 50 хувиас дээш тооны малаа алдаж зуданд сөхөрсөн. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 80,9 хувь буюу 175 сумын 97,5 мянган малчин өрх зудад өртсөн. Тийм өршөөлгүй, хахир хатуу өвөл байлаа. Гамшгийг хохирол багатай даван туулах зорилгоор Засгийн газар 6,8 тэрбум төгрөгийг зарцуулсан. Эдний дийлэнх нь ямаа байв. Баримт л бол баримт. Одоо харин энэ үйл явдлыг мартаад бид “Ямааны мах хилээр олноор нь гаргаад байна. Хятадууд тонн тонноор нь нөөцөлж эхэллээ” гээд л сүржигнээд янз бүрийн хяналтын бичиг нэхэж байх юм. Дэмжээд өгөхийн оронд ийн хяналт энэ тэр гэж цааргалахын хэрэг байна уу. Энэ өвөл хахир хатуу болбол яах вэ. Мал хорогдвол дийлэнхийг нь өнөө гайхал ямаа л эзэлж таараа. Өнөө хэдэн малынх нь сэг зэмийг хятадууд л авна. Түүнээс өөр хэн ч авахгүй. Тэгээд булна гэж бөөн ажил. Хөрөнгө мөнгө төсөвлөөд сүйд болох биз.Тэгэхэд бид юу гэж яриад сууж байх бол. Хятадуудад ч болсон өгөөд хэдэн төгрөг авдаг байж гэж хэлээд суух вий дээ. Ямаа монголчуудад тийм ч хэрэгтэй амьтан биш. Түүнээс ганцхан ноолуурыг нь авах гэж бэлчээрээ талхлуулж, цөлжилт үүсгэж байхын оронд хэрэгтэй нэгэнд нь өгч л орхиё л доо. Эх оронтойгоо байя л гэвэл ямаагаа устгая. Аваач гээд оросуудыг гуйгаад байхын оронд хятадууд өгчихөөч дээ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих