Монголтой түүхий эдийн хэлэлцээр байгуулж чадлаа

БЕРЛИН. /DW-WORLD.DE/. Герман түүхий эдийн хувьд түнш орнуудаас хараат байдаг. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Монголын баян орд газрыг ашиглах тухай хэлэлцээр байгуулсан нь зөв чиглэлд хийсэн чухал алхам боллоо гэж Германы “Die Welt” сонинд бичжээ.
Эхлээд харахад Ангела Меркель цагаа ололгүй буруу газар очсон мэт санагдаж болох юм. Европ тив хямралаас еврог гаргах “мастер” төлөвлөгөөг хичээнгүйлэн боловсруулж байхад Канцлер энэ үеэр эхэ оронд болж буй валютын хямралыг шийдэхэд өчүүхэн хувь нэмэр оруулах чадваргүй улсууд болох Вьетнам, Монголд айлчлав. Энэ хоёр улсад санхүүгийн том байгууллага ч, валютын нөөц ч байхгүй.
Мэдээжийн хэрэг, еврогийн асуудал Меркелийг Ханойд ч, Улаанбаатарт ч тайван байлгасангүй, Европын тогтворжуулах сангийн тухай асуултуудыг тавьж байлаа. Гэхдээ Европт хүнд цаг тулгарсан энэ үед ч Германы ирээдүйн эдийн засагт их ач холбогдолтой гол сэдвүүд болон өөр бүс нутаг ч байна. Тухайлбал, зөвхөн нефть, хий төдийгүй түүхий эдээр найдвартай хангагдах хэрэгтэй байгаа юм. Монгол Улс нь хайгуул хийж илрүүлээгүй түүхий эдийн томоохон орд газруудтай, юуны түрүүнд, гар утас, гибрид хөдөлгүүр, эрчим хүчинд хэмнэлттэй чийдэн зэргийг үйлдвэрлэхэд ашигладаг газрын ховор металлын их нөөцтэй орнуудын тоонд орж байна.
Газрын ховор металлын хэрэгцээ шаардлага эрчимтэй өсч байгааг дагаад дэлхий даяар эдгээр баялгийн төлөө өрсөлдөөн аль эрт эхэлжээ. Энэ түүхий эдийн стратегийн ач холбогдлыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улс бол Хятад.
Энэ улс өөрөө газрын ховор металлын асар их нөөцтэй. Тиймээс зах зээлд ноёрхох байр суурь эзэлдэг бөгөөд компаниудаа өрсөлдөөнд давуу байр суурь эзлүүлж чаддаг. Ийм учир Европ дотоодын асуудлаа шийдэхээс гадна хилийн чанадад болж буй үйл явдлыг анхаарах хэрэгтэй байгаа юм.
Газрын ховор металлууд нь Германы эдийн засгийн бодлогын тэргүүлэх хүрээнд өдгөө ч ороогүй байна. Аж үйлдвэр нь Австралийн уул уурхайн компаниудын хувьцааг эзэмших замаар хэрэгцээгээ хангадаг аж. Гэвч Засгийн газрын хэмжээнд хэлэлцээр байгуулахгүйгээр энэ асуудлыг шийдэхгүй. Түүхий эдээр ядуу Герман улс тийм баялгаар удаан хугацааны турш хангах бусад улстай хийх түншлэлээс хараат байдаг. Энэ үүднээс Монголтой байгуулсан түүхий эдийн хэлэлцээр нь чухал алхам болж, Меркелийн айлчлалыг ч амжилттай болголоо.
Тэрчлэн Германы DPA агентлаг Канцлерын айлчлал амжилттай болсон тухай мэдээлэхдээ, “ThyssenKrupp” концернын ажиглах зөвлөлийн гишүүн Эккехард Шульцаас Ройтер агентлагийн авсан ярилцлагаас иш татжээ. “Ойрын 10 жилд маш ихэээр ховордож магадгүй байгалийн нөөцийн салбарт Герман эвсэл байгуулах ёстой” гэж Шульц хэлсэн байна.
Түүний мэдээлснээр, тус концернын охин үйлдвэр болох “Uhde” компани нүүрс шатаах болон хий болгох тухай гэрээ байгуулах гэж байна. Оронд нь Герман улс Монголд орчин үеийн технологи нийлүүлж, мэргэжилтэн сургах талаар туслахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
DPA агентлагийн мэдээлснээр, айлчлалын үеэр Германы “BBM Operta” болон Австралийн “Machmahon” компанийн хамтарсан консорциум “Эрдэнэс Тавантолгой” компанитай хоёр тэрбум долларын гэрээ байгуулсан тухай мэдээлжээ.
Харин Германы “Siemens” концерн Тавантолгойн уурхайг эрчим хүчээр хангах 300 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцыг барих гэрээ байгуулжээ.
З.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих