Оросын төр мэргэжлийн алуурчид бэлтгэж, төрийн гэмт хэрэгтнүүдээ захиалгаар хөнөөдөг үү

ks8qutlq87Их Британийн “The Daily Telegraph” сонин ОХУ-ын эрх баригчид төрд хэрэггүй, эрэн сурвалжлагдаж байгаа болон зарим нэг рецедив гэмт хэрэгтнүүдийг олж устгадаг мэргэжлийн алуурчдын бүлгийг бодлогоор бэлтгэдэг гэсэн утгатай нийтлэл гарч шуугиан тарилаа. Сонины редакц ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албаны Сөрөх тагнуулын газрын дарга Михайл Нечаевын гарын үсэг бүхий “Маш нууц” ангилалд хамаарах тушаалыг нийтэлсэн байна. Тушаалд “Маш нууц. Зөвхөн албаны хэрэгцээнд. Тушаалын зорилго экстремистүүдийн үйл ажиллагааг таслан зогсооход оршино. Үүнд ОХУ-д эргэн ирэхээр завдаж буй, манай улсын иргэд, эрх баригчдад хор хөнөөл учруулж болзошгүй алан хядагчид хамаарна” гэх зэргээр бичсэн байсан гэнэ.

            Уг тушаалд дээрх тодорхойлолтод багтсан хүмүүсийг хянах зорилготой бүлэглэлүүдийг баруун Европ болон бусад улс орнуудад байгуулах ажлыг зохион байгуулахыг даалгасан байжээ. “Тушаал 2003 оны гуравдугаар сарын 19” гэсэн огноотой байснаас үзэхүл, дээрх бүлэглэл аль хэдийнэ байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэж их британичууд үзэж байгаа аж.

Бүлэг 2004 оны тавдугаар сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхлэх ёстой гэж уг тушаалд дурдсан байжээ. ОХУ аллага хядлагатай тэмцэх хуулийг 2006 онд баталсан. Тэгэхээр тэд хууль батлахаасаа өмнө аль хэдийнэ хилийн чанад дахь дайснуудтайгаа тэмцээд эхэлчихсэн байжээ гэдгийг дээрх баримт харууллаа. Энэ баримтыг их британичууд сурсан зангаараа Александр Литвиненкогийн үхэлтэй холбож үзэхээ ч мартсангүй. Холбооны Аюулгүй байдлын албаны агент эр чухам дээрх бүлэглэлийнхний гарт амиа алдсан гэж таамаглаж байгаагаа редакцийн тайлбарт бичсэн байна.

С.Алдар

Breakingnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих