Араг яснууддаа арьс нөмөргөх болоогүй юу?

e0a9eb_00_barilga00_x800Нийслэлийн хэмжээнд 5-10 жилийн насжилттай баригдаж дуусаагүй балгас болсон 30 орчим барилга байдаг хэмээх багцаа тоог нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа хэллээ. Гэхдээ энэ бол зөвхөн олон жилийн насжилттай “Хангай” зочид буудал шиг болсон дээр үеийн барилгуудын тоо гэдгийг онцолмоор байна.

1980, 1990-ээд оноос хойш хотжилт хурдацтай явагдаж, шил шилээ даган өндөр барилгууд сүндэрлэсээр өнөөгийн хотын өнгийг бий болгосон. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл байдгийн бодит жишээ бол баригдаж дуусахгүй байсаар балгас болсон барилгууд юм. Хотын өнгө төрхийг гутааж буй хуучны хэдэн балгасуудаа яах вэ гэж байхад сүүлийн үед санхүүжилт нь гацсан нэрийн дор улсын болон хувийн царцсан барилгууд олшрох боллоо. Үр дүнд нь метрополис гэгдэх их хотын энд тэндгүй арматур зангидаж орхисон араг яснууд “хөглөрч” байна.

Тиймээс улсын төсвийн болон хувийн өмчийн хөрөнгөөр нийслэлд баригдаж байгаад царцсан барилга, балгасуудын тоо, үүнд тавих хяналт, стандартын талаар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тодруулахад “30 орчим л байгаа байх” гэдгээс илүү тоймтой тоо хэлсэнгүй.

◄1 Иймд салбар хариуцсан БХБЯ-нд хандсан болов ч “Барилгын хөгжлийн төвөөс судалгаа ирүүлдэг” хэмээн ам таглаж орхилоо. Барилгын хөгжлийн төвөөс лавлахад “Манайх барилга захиалагчийн судалгаа л хийдэг. Царцсан барилгуудын тоо байдаггүй” гээд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас тодруулах нь зөв болохыг зөвлөсөн юм. Харамсалтай нь, ингэж явсаар ахиад хоёр газраас тодруулахад хэнд нь ч энэ асуултын хариулт, хайж байгаа тоо маань байсангүй.

Эцэст нь, нийслэлийн Мэргэжлийн газраас дараах хариултыг олж авлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон зээл тусламжийн хүрээнд баригдсан 2000 он хүртэлх бүх барилга нийслэлийн өмчид бүртгэлтэй байдаг аж. Харин үүнээс хойшихыг тоолдог эсэх нь эргэлзээтэй гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн У.Ёндон хэлэв. Тэрбээр “Манайхаас барилгын зөвшөөрөл олгодог байхад багцаа тоо гардаг байсан. 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт энэ эрх үүрэг шилжсэн. Олон жил болсон барилгуудын хувьд цааш үргэлжлүүлэн барихад бетоны бат бэх байдал, арматурын зэврэлт, барилгын суурь шаардлага хангаж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагууд нягталж, дүгнэлт гаргадаг юм; Үүний дүнд тухайн барилгыг үргэлжлүүлэх үү, шинээр барих уу гэсэн хариу гардаг” гэлээ.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа “1980,1990,2000 онд баригдсан барилгуудын хувьд тухайн үед улсаас комисс гарч ажилладаг байсан. Энэ үеийн барилгууд одоо бүгд өмчлөгч, эзэмшчигтэй болсон учраас акт тогтоосон зүйл байхгүй. Манайд хоёроос дээш жилийн насжилттай баригдаж дуусаагүй барилгын тоо байхгүй. Мэдээж хэрэг, тав, зураан жил болсон маш олон барилга бий. Тухайн газрыг ямар нэг иргэн, аж ахуйн нэгж ашиглах болон эзэмших гээд ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулах эрх авсан байдаг. Тиймээс газар эзэмшиж байгаа буюу хөрөнгө оруулагч тал тухайн газар дээр юу хийх нь тэдний асуудал. Манайхаас “Барилгаа хурдан барь” гэсэн шаардлага тавих эрхгүй” гэсэн тайлбар өгсөн юм.

Хүүхдййн 100-д байрлах 1980 онд баригдсан “Хангай” зочид буудлыг 1990-ээд оны үед дуудлага худалдаагаар хувьчилсан. Тэр үеийн ханшаар бараг нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөөр худалдсан энэ объект нийслэлийн төв цэгт өнөөг хүртэл балгас хэвээр үлдэж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй. Тагтаа, щувуу, золбин нохойны үүр, гудамжныхны цуглаж, хоног төөрүүлдэг газар болоод олон жилийн нүүр үзлээ. Уг нь нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл энэхүү балгасыг нураана гэж байсан ч ямар нэгэн шийдэлд хүрээгүй. Улаанбаатар хотод иймэрхүү түүхтэй барилга олон бий. Түүний нэг нь Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан таван одтой зочид буудлын барилга. Хажуу хавийн орон сууцны цонх, гэрлийг хааснаас үүдсэн зарга шат шатны шүүхээр явсаар эцэстээ буулгаж нураах шийдвэрт хүрсэн ч өнөөг хүртэл эзэнгүйдсээр байгаа.

Ашиглаж ч болдоггүй, нурааж ч болдоггүй эдгээр балгасуудыг нэг тийш шийдэхгүй бол нэг л өдөр хүний толгой дээр хөмрөх аюул нүүрлэх вий дээ. Өнгөрсөн гуравдугаар сард Энэтхэг улсын Калькутта хотод баригдаж байгаад балгас болсон барилга нурж, хүний амь нас эрсэдсэн. Барилгын нурангинд 21 хүн дарагдаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр хэдэн арван тонн жинтэй барилгын төмөр болон бетон хүмүүсийн дээрээс нурж ирсэн бөгөөд хүн амын төвлөрөл ихтэй хотын төв хэсэгт ийм хэрэг гарсан нь олон хүн хохирох шалтгаан болжээ. Энэ явдал чанаргүй барилга ямар аюултай болохыг харууллаа хэмээн Калькутта хотын ард иргэд ярьж байна.

Тиймээс стандартын дагуу бариагүй, хэт хуучирсан барилга байшин нурж, хүний амь нас эрсдэх аюул үүсэхээс өмнө зайлшгүй сэргийлж, арга хэмжээ авах шаардлагатай байна.

 

[ЯГМ]


URL:

Сэтгэгдэл бичих