Үндсэрхэг үзэлтнүүдэд дээрэлхүүлж, дээрэмдүүлсэн бол цагдаад хандаарай
Сүүлийн үед үндсэрхэг үзэлтэй ТББ-уудын гишүүд гадаадын иргэдийг дарамталж айлган сүрдүүлж мөнгө төгрөгийг нь хүүлдэг байсан бол одоо бүр сүүлдээ давраад дотоодынхоо иргэдийг тэр дундаа бэл бэнчинтэй өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй, хувийн компанитай бизнес эрхлэгч иргэдийг айлган сүрдүүлж мөнгө төгрөгийг нь дээрэмдэж биед нь халддаг болжээ.
Тухайлбал, “Даяар Монгол”, “Босоо хөх Монгол”, “Хөх Монгол”, “Хас Монгол”, “Ногоон хас” зэрэг төрийн бус байгууллага, хөдөлгөөний 16 хүн эрүүгийн гэмт хэрэг үйлдэн цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тэд гадны хөрөнгө оруулагчид болон дотоодын бизнес эрхлэгчдийг дарамтлаж, мөнгө нэхдэг болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийсэн билээ. Үндсэрхэг үзэлтнүүдэд дээрэмдүүлж зодуулсан иргэд айгаад цагдаад хандаж чаддаггүй. Хэрвээ цагдаад хандах юм бол “ална шүү” гэж айлгаж сүрдүүлдэг болсон гэнэ. Тиймээс дээрх байгууллагын гишүүдэд дарамтлуулсан иргэд айж ичилгүй, санаа зоволтгүй цаг алдалгүй цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж байхыг санууллаа.
Цагдаагийн байгууллагаас дээрх төрийн бус байгууллагын гишүүдтэй тэр дундаа бусдыг дарамталж эд хөрөнгө, мөнгө төгрөгийг нь булааж дээрэмдэж, зодож авсан нөхдүүдтэй хатуу тэмцэж хариуцлага тооцдог байна гэснээ мэдэгдсэн байгаа юм.
“Босоо хөх Монгол” бүлгийн удирдах зөвлөлийн дарга П.Шинжээравдан бусад хүмүүсийн хамт даваа гарагт мэдээлэл хийж, цагдаагийн байгууллагынхан гадныханд зодуулж, дарамтлуулсан Монгол иргэдээ хамгаалахгүй байгаа талаар ярьсан.
Тэрбээр “Сүүлийн үед БНХАУ, БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж буй залуус хэдэн сар цалингаа авч чадахгүй байгаа үүнээсээ болоод цалингаа нэхсэн залуус тэдгээр эздэдээ хэл амаар доромжлуулах цаашлаад хүнд гэмтэл, бэртэл автлаа зодуулах тохиолдлууд ихээр гарах болсон ч энэ хэрэг хууль цагдаагийн байгууллагад очоод шийдэгдэхгүй хаах тохиолдол гарах болсон байна. Энэ нь манай хуулийнхан мөнгөтэй хүмүүсийн талд нааштай шийдвэр гаргадаг, авлигад идэгдсэн гэдгийг харуулж буй хэрэг” гэж ярьсан.
Харин энэ талаар цагдаагийн байгууллагаас тухай бүрт нь хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хамгийн сүүлд ГССҮТ-д нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт бусдад зодуулж хүнд гэмтсэн нэгэн иргэн хүргэгдэн иржээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж, хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээд А-г илрүүлэн баривчилсан байна. Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа гэж мэдэгдлээ.
Үндсэрхэг үзлээрээ түрүү барьж хэт даварч бусдын эд хөрөнгө рүү дайрч өөрийн болгож авах гэсэн иймэрхүү увайгүй нөхдүүдийн нүдэнд өнгөтэй өөдтэй явж болохгүй тийм цөвүүн цаг ирсэн бололтой. Өөрийн хүч хөдөлмөр ажил амжилтаараа бий болгосон өмч хөрөнгө, мөнгө төгрөгөө зүгээр байж байгаад хэн нэгэнд дарамтлуулж алдана гэж юу байх билээ. Бүр сүүлдээ дотоодын буюу элэг нэгтэй монголчуудаа дээрэмдэж байгаа нь арай л байж боломгүй зүйл юм. Тиймээс хэрвээ таныг хэн нэгэн тэр дундаа хэт үндсэрхэг үзэлтнүүд айлгаж ичээж, элдвээр хэлж доромжилж эд хөрөнгийг тань авахыг санаархаж мөнгө төгрөг нэхээд байвал цагдаагийн байгууллагад шууд мэдэгдэж байгаарай.
О.Сайхан
URL:






