Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

9УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжсэн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ талаархи танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл” нь уул уурхайн бус салбар дахь Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхийг бэхжүүлж, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой.

Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, санхүүгийн зах зээл, дотоодын болон олон улсын худалдаа, аж үйлдвэрийн салбаруудыг хамрах энэ төслийг Дэлхийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр жилийн 1.25 хувийн хүү болон 1.25 хувийн бусад шимтгэлтэй, эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр авах юм гэдгийг онцоллоо.

Уг төсөл нь үндсэн 2 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх аж. Үүнд, Экспортыг дэмжих санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох, хөгжүүлэх хэсэг нь экспортод чиглэсэн үндэсний аж ахуйн нэгжүүдэд экспортын зээлийн даатгал болон баталгаа олгох санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, институцийн тогтолцоог бий болгоход чиглэнэ. Харин Экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах хүрээнд дотоодын аж ахуй нэгж, байгууллагуудын өрсөлдөх чадварыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор экспорттой холбоотой тусгай сургалтын хөтөлбөр боловсруулах, сургах, чадавхийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах аж. Уг төсөл нь 5 жилийн хугацаанд хэрэгжих юм байна.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжлээ.


URL:

Сэтгэгдэл бичих