Ипотекийн зээлийг эргэн төлөлтөөр санхүүжүүлнэ
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнгөрсөн сарын 25-вд А-295 тоот тушаалаар орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журмыг шинээр баталсан. Шинэ журмаар голлох хоёр өөрчлөлт оржээ. Тодруулбал, ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкны мэдэлд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөр санхүүжүүлэх аж. Тэгэхдээ тухайн сард хэдий хэмжээний эргэн төлөлт хийгддэнэ, тэр хэмжээгээр санхүүжилт хийх юм байна. Ингэхдээ Монголбанк тухайн сард олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг тухайлсан банк бүрт мэдэгдэх аж. Үүний дагуу банкууд зээлийн шийдвэрээ гаргаж, өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгосны дараа Монголбанк санхүүжилтийг олгох юм байна. Эргэн төлөлтийн хэмжээ сард дунджаар 22-25 тэрбум байдаг аж. Өөрөөр хэлбэл, үүнээс санхүүжүүлж ипотекийн зээл олгоно гэсэн үг. Одоогоор Монголбанкнаас 35.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг шийдэж арилжааны банкууд руу олгоод байгаа аж. Үүнээс цааш тухайн банкны ипотекийн эргэн төлөлтөөр олгоод явах юм байна. Журамд орсон хоёр дахь өөрчлөлт нь тухайн зээлдэгч ипотекийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой аж. Мөн нэг иргэн өөрийн нэр дээр нэг л ипотекийн зээлтэй байх боломжтой юм байна.
URL:












