МҮОНРТ-ын асуудал захирлын суудлаас хальж, улс төржиж эхлэв үү
МҮОНРТ-ийн ажилчид болоод удирдлагуудын асуудал өнгөрсөн долоо хоногоос олны анхааралд өртсөн билээ. Тодруулбал энэ сарын 8-ны өдрийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дундуур Ц.Оюундарь захирлын эсрэг мэдэгдэл гарсан. Уг мэдэгдлийг МҮОНРТ-ийн “Ажиллагсдын түр хороо”-ноос тус телевизийн Үндэсний зөвлөлд хандан гаргасан нь олныг гайхшируулсан билээ. Тиймээс ч МҮОНРТ-ийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, түүнийг нь Ж.Мөнхбатаар ахлахаар болсон юм. Харин МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан бас нэгэн тайлбар мэдээлэл хийсэн байна. Тиймээс МҮОНРТ-ийн “Ажиллагсдын түр хороо” болон захирал Ц.Оюундарь нарын байр суурийг “24 VS 24” буландаа онцолж байна.
| Надад идсэн уусан юм байхгүй болохоор санаа зовоод байх юм алга
МҮОНРТ дээр үүсгээд буй нөхцөл байдлын цаана “Монголын үнэн” сонины эрхлэгч, уруул хэмээх Б.Ганболд буй талаар тус телевизийн ерөнхий захирал Ц.Оюундарь мэдэгджээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “МҮОНРТ дээр өрнөж буй үйл явдлын уг үндсийн талаар, бас миний тухай сүүлийн үед хэвлэл, сайтуудаар гарч байгаа нүүр дүүрэн цуврал мэдээллүүдийн талаар бяцхан тайлбар хийе гэж бодлоо. Энэ айхтар “махны машин” чинь нэг ажиллаад ирэхээрээ айхтар байдаг юм байна кккк. Яахав, надад идсэн уусан юм юу ч байхгүй болохоор санаа зовоод байх юм уг нь алга л даа. Аяндаа шалгаад тогтоогоод ирэхээр би бас шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ. Бид чинь эрх зүйт нийгэмд амьдарч байна, МАН ялсан л бол хууль өөрчлөөд ч хамаагүй ОНРТ-ийг авна гэж улайрч байгааг олон түмэн бас мэдэж байх ёстой болов уу. МАН-ын төв хэвлэл “Монголын Үнэн” сонины эрхлэгч уруул хэмээх Б.Ганболд аль сонгуулийн дараагаас л МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ирэх гэж улайран зүтгэсэн. ОНРТ-ийн тухай хуулиар Ерөнхий захирлыг зөвхөн Үндэсний зөвлөл томилж чөлөөлдөг. Үүний дагуу манай Үндэсний зөвлөлийн зарим гишүүд рүү хандаж тандалт хийсэн юм билээ.
Харин ч манай Үндэсний зөвлөл хуулиа хамгаалж, хуулийнхаа үзэл санааг эрхэмлэж, надтай хийсэн хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгана, хийж байгаа олон шинэлэг ажлуудыг нь дэмжиж байгаа гэсэн хариулт өгснөөрБ.Ганболд хийж сурсан хар муу арга руугаа шилжиж, намайг хууль хүчний байгууллагаар шалгуулж, хэвлэлээр гөвж, айлган дарамтлах тактик боловсруулаад, манай дээр хийгдсэн гүйлгээ, гэрээнүүдийг их эртнээс хувилж хадгалж байсан нь энэ сайтууд дээр тавьсан баримтуудаас харагдаж байна. Иймд адилхан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн та бүхэн МАН-ын уламжлалт “махны машин”-д автаж буй үзэг нэгт нэгнээ бодож, ядаж тэнцвэрт байдлаа хадгалах сэтгүүл зүйн зарчмынхаа үүднээс аливаа асуудал дээр надаас тайлбар авах бүрэн боломжтой шүү.
МҮОНРТ бол олон нийтийн өмч учраас надад нууж хаагаад байх зүйл огт байхгүй. Бүх зүйл дээр хэлэх тайлбар, нотлох баримт байгаа. Энэ “махны машин” Б.Ганболдыг энд иртэл зогсохгүй үргэлжлэх байх. Ийм увайгүй аргаар тусдаа бие даасан статустай байгууллагыг авах гэж зүтгэвэл би ч бас “ясаа цайтал” үзнэ ээ. Намайг шоронд хийж байгаад аваарай, Б.Ганболд дарга аа. Ичихгүй бол ОНРТ-ийн хуулийг өөрчилж байгаад авна биз. Би ийм улайрсан, увайгүй хүмүүст төрөлх байгууллагаа орхиод явах цэвдэг сэтгэлтэй хүн би биш ээ. Ядаж учир ойлгох, энэ салбарын төлөө бас сэтгэл гаргаад ажиллачих хүн байгаа бол өөр хэрэг. Гэтэл очиж очиж тэтгэвэртээ гарсан 61-тэй, увайгүй, хар муу аргатай, үеэ өнгөрөөсөн хүний муу арганд автаж төрөлх сайхан байгууллагаа “хорлох” сэтгэл даанч алга аа” гэгчлэнгийн зүйл өгүүлжээ.
|
Ц.Оюундарийг МҮОНРТ-ийн ажиллагсдын түр хорооноос АТГ-д өглөө
Өнгөрсөн долоо хоногт “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дундуур Ц.Оюундарь захирлын эсрэг мэдэгдэл гарсан. Уг мэдэгдлийг МҮОНРТ-ийн “Ажиллагсдын түр хороо”-ноос тус телевизийн Үндэсний зөвлөлд хандан гаргасан аж.
Уг мэдэгдэлд “Ц.Оюундарийг 2015 оны нэгдүгээр сард АН-ын “генсек”-ийн тамгаа хүлээлгэж өгөөгүй байхдаа МҮОНРТ-д улс төрийн зорилгоор томилогдон ажилласан” тухай дурдсан байна.
Мөн ажиллах хугацаандаа олон нийтийн телевизийг “улстөржүүлж” уран бүтээлчдийн ажиллах нөхцлийг доройтуулсан гэжээ.
Түүнчлэн халаа сэлгээ ихээр явуулдагаас гадна шилэн данс хөтөлдөггүй байсныг ч онцолсон байна. Энэ нь төсвийг үр ашигггүй зарцуулдаг байсантай холбоотой бөгөөд санхүүгийн зөрчилтэй баримтууд ч илэрсэн гэж мэдээлжээ.
Үүний зэрэгцээ МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийг 50 дугаар суваг руу “цөлж”, үзэгчдээс холдуулж, дампууруулсан нь цаашлаад улс төрчдийн хувьчилж авах нөхцлийг бүрдүүлж байгаа.
Тиймээс Ц.Оюундарийг ажлаа өгөхийг шаардаж буй аж. Энэ дагуу МҮОНРТ-ийн Ажиллагсдын түр хорооноос АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан байна.
|
24tsag.mn
URL:














