С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хэлмэгдсэн хүмүүсээс хэн уучлал гуйх вэ

15870519_709907782506227_107181556_nДэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн гэм буруутайг тогтоож, шүүхээс яллагдагч нарт хорих ял оноогоод байна. Арван долоон жил үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагаа сая дуусав. Энэ хооронд хэргийг шалгаж байсан үе үеийн ажлын хэсгийнхэн олон хүнийг хэрэгт сэжиглэж, улмаар аминд нь ч хүрсэн ноцтой хэлмэгдүүлэлт  үргэлжиллээ. Нэгэнт гэм буруутай этгээдүүдийг олж тогтоосон бол тэдний нэр төрийг сэргээх, Монголын төр уучлал гуйх цаг иржээ.

С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан хамгийн ихээр хэлмэгдсэн хүн бол талийгаач Д.Энхбат байлаа. Түүнд энэ хэргийг тохохын тулд 2003 онд Тагнуулын ерөнхий газрын хэлтэсийн дарга Б.Хурцаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Францаас түүнийг хүч хэрэглэн баривчилж, Англи, Герман улсаар дамжуулан Монголд авчирсан билээ. Энэхүү хүний эрхийг зөрчсөн онц ноцтой баривчилгаатай холбоотойгоор Б.Хурц (Тагнуулын ерөнхий газрын дарга) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа Англид баривчлагдан шалгагдаж байсан удаатай.

Д.Энхбатад тагнуулынхан хэрэг тулгаж,  тэрээр 2004 онд хорих газраас суллагдаад хэдхэн хоногийн дараа өвчний улмаас нас барсан билээ. Хууль хүчний байгууллагынхан Д.Энхбатыг хэлмэгдүүлээд зогсохгүй түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэнг энэ хэрэгтэй холбоотойгоор төрийн нууц задруулсан хэргээр хорих ял оноож хэлмэгдүүлсэн нь ч бий. Амьд явах эрхэнд нь халдсан Д.Энхбатын үр хүүхдүүд өнөөдөр эх орондоо ч амьдрах эрхгүйд хүрч харь оронд оршин суугаа. Талийгаач Д.Энхбатын  хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нар  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан 2011 онд захидал илгээж байлаа.

Тэдний ирүүлсэн захидалд “Бидний аав Д.Энхбат 2004 онд хорих ангиас суллагдаад хэдхэн хоногийн дараа нас барсан. Өнөөдрийг хүртэл С.Зориг гэдэг хүний үхэлд буруутгагдаж, тэр нь нотлогдоогүй байсаар байтал аавыг минь цагаатгаасай, муу хүн байгаагүй гэдгийг хэлэх хүслээ тэвчин тохиромжтой цагийг хүлээж байлаа. Тэр цаг нь өнөөдөр тохиосонд бурханд бид талархаж байна. Англи улсад Б.Хурц гэдэг хүнийг саатуулж, шүүх ажиллагаа явуулж байгаа нь энэ хэрэг хууль бус, хүний амьд явах эрхэнд халдсан ноцтой явдал байсан гэдгийг нотолсоор байна. Бидний аав зохион байгуулалттай хилс хэргийн улмаас эрүүдэн тамлуулж, амиа алдсан нь үнэн тул аавын минь нэр төрийг албан ёсоор сэргээж өгнө үү” гэсэн байв. Талийгаачийн хүүхдүүдийн хэлсэнчлэн Монголын төр, хуулийнхан өнөөдөр түүнээс уучлал гуйх тохиромжтой цаг үе иржээ.

Д.Энхбатын эмгэнэлтэй хувь заяа ижил хэлмэгдүүлэлт И.Далхсүрэн гэдэг эгэл жирийн хөдөөний нэгэн залууг ч тойроогүй юм. И.Далхаасүрэнг мөн С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан шалгаж, зургаан жилийн хугацаанд монголын томоохон шорон, мөрдөнгөөр дамжуулан тарчлаан зовоосны эцэст тэрээр амиа алдсан билээ. Хүүхдийн колонид орж дэггүй явсаныхаа шийтгэлд тэрээр ийнхүү хэлмэгдүүлэлтийн нэгэн том золиос болсон байдаг.

Энэ мэт хэлмэгдүүлэлт рецидив хэрэгтэн Энхболд, хулгайч шар Эрдэнэ-Очир, бэлтгэл офицер Г.Отгонбямба, ах дүү Баатаржав, ард Я.Батсүх гэхчлэн олон хүнийг хамарчээ. Онц ноцтой хэрэгт холбогдсон л бол дээрх хэрэгт холбогдуулан шалгадаг, тарчлаан зовоодог хэлмэгдүүлэлт өрнөж иржээ. Хэдий гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдож явсан ч хийгээгүй хэргийн төлөө байцаагдаж, эрүү шүүлтэнд орж, эцэст нь алтан амиа алдана гэдэг харамсалтай хэрэг.

Энэ хэргийг ямар нэгэн аргаар илрүүлсэн болох, хэн нэгэнд тохох гэсэн эрээ цээргүй цагдаа хүчнийхний балмад үйл ажиллагаа олон хүний хувь заяагаар тоглосоныг мартаж боломгүй юм. Энэхүү хэлмэгдүүлэлтийг зохион байгуулсан, үүрэг өгсөн, гүйцэтгэсэн хууль шүүх, цагдаа хүчний байгууллагын албан тушаалтнуудыг нэхэн шалгах, хариуцлага тооцох болсон юм биш үү. Монголын төр, хуулийн байгууллага хэн нэгнийг хэлмэгдүүлээд орхиж болохгүй. Хэлмэгдүүлэлт явуулсан бол уучилж, нэр төрийг нь сэргээдэг, тэр ч бүү хэл нөхөн олговор олгож хохиролгүй болгодог байх ёстой. Харин хэлмэгдүүлэлт явуулсан гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож байх учиртай. Эс тэгвээс хуулийнхан дураараа хүнийг хэлмэгдүүлдэг, шүүн тасалдаг, тарчлаан зовоодог, хүний эрхийг ноцтой зөрчдөг ийм үзэгдэл дахин гарахгүй байх баталгаа алга байна.

Т.Түвшин

http://news.zindaa.mn/1x1c


URL:

Сэтгэгдэл бичих