Агаарын бохирдлыг бууруулах захирамж гаргав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөнийг бүсчлэн хязгаарласан байна. Агаарын бохирдлыг бууруулах зорилготой захирамжаар улаан шугам татсан буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөжээ. Ингэхдээ агаарын чанарын өнөөгийн байдлыг харгалзан нийслэлд агаарын бохирдлын дөрөв бүсчлэлийг тогтоосон байна. Нэгдүгээр бүст орон сууц, байшин хороолол багтаж байна. Уг бүст ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргах ёсгүй аж. Харин 2-4 дүгээр бүст тодорхой заагтайгаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль хэсэгт нь сайжруулсан түлш хэрэглэх вэ гэдэг асуудлыг захирамжилжээ. Мөн зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаагаар нийслэлд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирэхийг зөвшөөрсөн бөгөөд энэ захирамж зээл аван орон сууц худалдаж авсан иргэнд хамаарахгүй аж.
Харин тохиолдолд 2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглов. Хэдийгээр шилжин суурьших нь Үндсэн хуулиар заагдсан хүний эрх боловч нийслэлийн агаарын бохирдол Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байгаа. Үүнээс гадна иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ч мөн зөрчигдөж байгаа тул ийн захирамжилсан байна. Захирамжийг өнөөдөр болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд танилцуулах аж.
Нийслэлийн захирагчийн албанаас уг арга хэмжээг хэрэгжүүлсэнээр агаарын бохирдлыг бодитоор бууруулна хэмээн үзэж байна. Энэ хүрээнд нийслэлд утаа гаргадаг яндангийн тоог нэмэзхгүй орон сууц, барилгажилт, эко үйлдвэрлэлийг дэмжих гэнэ. Мөн автомашины оношилгоо чанаржуулж, шаардлагатай гэвэл Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдэд ч шаардлага тавьж, хөдөлгөөнд оролцуулахыг хориглохоор болжээ.
Д.ДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:













