Хонконгод хулгай хийж байсан монголчууд баригджээ
Манай улсын хоёр иргэн Хонконгийн “Tsim Sha Tsui” их дэлгүүрт хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай орон нутгийн хэвлэлээр мэдээллээ. Баригдсан этгээдүүд тус бүр 34, 41 настай байжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр хулгай хийж байсан монголчуудыг орон нутгийн цагаар 17:00 цагийн үед “H&M” дэлгүүрээс гарч явах үед нь баривчлан саатуулсан байна. Цагдаа нарын мэдээлснээр хулгай хийсэн монголчууд тугалган цаасанд брэндийн үнэтэй хувцас, эд хэрэглэлийг боогоод, улмаар тооцоо хийлгүй шууд гарч явдаг байжээ.
Шалгалтын явцад 18 хувцас, эд материал илрүүлсэн төдийгүй нийт 5000 хонконг долларын үнэ бүхий хувцас хэрэглэл байсан гэнэ.
Баривчлагдсан монголчууд зөвхөн тус дэлгүүрээс хулгай хийгээд зогсохгүй байрлаж байсан буудлынхаа өрөөнд 300 мянган хонконг долларын үнэтэй 500 гаруй бараа, бүтээгдэхүүн нуусан байжээ. Энэ нь бүгд хулгайд алдагдсан хувцас, эд материал байсныг цагдаа нар илрүүлсэн байна.
Хуулийнхний мэдээлснээр гурван монгол хүн Хонконгт бууснаас хойш дөрөв хоногийн дотор брэндийн 5, 6-н дэлгүүрт орж ийм хэмжээний хулгай хийсэн аж.
Түүнчлэн монголчуудын хулгай хийх арга барил нэлээд нарийссан бөгөөд дэлгүүрийн хяналтын төхөөрөмж мэдрэхээс сэргийлж тугалган цаасанд хулгайлсан эд зүйлээ хийн авч гарах явдал цөөнгүй тохиолдох болжээ.
Баригдсан монголчуудын талаар Хонконгийн цагдаагийн албанаас “Монгол Улсын хоёр иргэн ойролцоогоор 305.000 хонконг долларын үнэ бүхий хувцас, бараа, материал хулгайлсан нь илэрсэн. Тэд хулгайн эд зүйлээ эх газрын Хятад руу гарган үнэ хүргэн зардаг сүлжээнд холбогдсон монголчууд. Одоогийн байдлаар хоёр хүнийг баривчилсан. Өөр дөрвөн хамсаатныг нь эрэн сурвалжилж байгаа” гэжээ.
Т.Бат
time.mn
URL:













