Д.Баттөр Б.Чинбатыг толгой дээрээ “гаргажээ”

“Жигүүр гранд”-ын ерөнхий захирал Д.Баттөр хөгжмийн зохиолч Б.Чинбатыг олон зуун саяар ивээн тэтгэж эрхлүүлж байгаа тухай дээр дооргүй ярьж байна. “Гранд” хамтлагийн дуунуудыг төгөлдөр хуураар амилуулж хоёр цомог гаргахаар хоёр уран бүтээлч хэдэн сарын өмнө гэрээ байгуулжээ.

Гэрээний дагуу АНУ-д очиж дууны найруулгыг хийлгэсэн байна. Манай хамтлаг, дуучид Сингапурт очиж хөгжмөө бичүүлэх юмсан, дэлхийн хэмнэлийг цомогтоо оруулах юмсан гэж мөрөөддөг. Гэтэл продюсер Д.Баттөр Б.Чинбааг АНУ-д аваачиж цомгоо бичүүлжээ. Нэг дуу бичих ханш Америкт дунджаар 5000 ам.доллар байдаг. Ойролцоогоор хамгийн багадаа 50 гаруй мянган доллар студийн хөлсөнд төлсөн болж таарах нь.

Америкт өлгийдүүлсэн эхний цомог Монголд хөл тавьжээ. Тус цомгийн төрөл арилжсан мэт сайхан аялгуунуудыг “Давтагдашгүй” тоглолтын үзэгчид анх удаа сонссон. “Гранд” хамтлагийн продюсер Д.Баттөрийн “Амьдрал”, “Үр минь” дуунууд Б.Чинбатын төгөлдөр хуурын доороос гайхалтай аялгуунууд болж амилсан тухай үзэгчид ам сайтай байна лээ. “Мандухай сэцэн хатан”, “Гэгээн алсад одох юмсан” аялгуунуудтай зарим нь жишиж байсан нь хэтрүүлсэн болохоос үнэний хувьтай.

Б.Чинбатын “эрхлэлт” үүгээр дуусахгүй нь. Д.Баттөр “Давтагдашгүй” тоглолтын өмнө “Амьдрал” дуун аялгуундаа клип хийлгэхээр тэнгэрт хадсан үнэтэй “Hero” студийг хөлсөлжээ. “Hero”-гийн Баатар зургийг нь Байгаль далайн эрэг дээр заавал авна гэж зөрүүдэлж, Д.Баттөр бодож бодож баталж өгсөн байна. Энэ клипний зураг авалтыг хийхээр “Hero” студи бүрэн бүрэлдэхүүнээрээ, Чинбаагаас гадна “Sweetymotion” хамтлаг гээд олон хүн Байгаль руу явна. Барагцаагаар 10 гаруй сая төгрөгөөр энэ клип бүтэхээр тооцоотой байна. Б.Чинбат “Давтагдашгүй” тоглолтоо дахин нэг тоглочихоод энэ клипний ажлаар хойшоо явах юм гэсэн.

Ингэж эрхлүүлж эрхлүүлчихээд Д.Баттөр “Давтагдашгүй” тоглолтонд нь гуч дөчин саяыг шидэж ивээн тэтгээд зогссонгүй, 500 ширхэг билет 10 саяар худалдан авч давхар давхар хөрөнгө оруулалт хийжээ. “Б.Чинбат үнэхээр л “Жигүүр гранд”-ын боссын судсыг нь атгасан байна“ гэж бусад хамтлаг дуучид атаархлын үг чулуудаж байгаа аж. Харин энэ талаар продюсер Д.Баттөр “Хүний хэлээр ярьдаггүй адгуус хэдэн зуун сая хүрээд байхад хүний сэтгэлийг хэдэн зуунаар хөдөлгөх урлагт энэ байтугай мөнгө зарсан ч багадна” хэмээн сониуч хүмүүсийн амыг таглаж байгаа сурагтай.

М.Жаргал

gogo


URL:

Сэтгэгдэл бичих