“А” даргын хүргэний сүлжээ
“Жи тайм” гэдэг сүлжээг нэг казах нөхөр оруулж ирээд зүгээр сууж байгаад мөнгө олчих хүсэлтэй гэнэн монголчуудыг баахан хошгоруулж, хэдэн зуун сая төгрөгийг нь авчихаад бултах гэж байсныг нь цагдаагийнхан ямар ч гэсэн саатуулав бололтой. Сүлжээний зарчим ойлгомжтой, чи өөрөө мөнгөө өг, араасаа бас хоёр хүнийг мөнгөтэй нь дагуулаад ир гээд л. Яг энэ сүлжээ шиг юм улстөрчийн тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай дам холбогддог хэрэг дээр гарч ирээд бүр хөгийн юм болж байна аа. Энэ хоёрдугаар сарын 22-нд шүүх хурал нь болох байсан ч хойшлоод байгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэнг экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн гэдгийг монголчууд мэддэг болсон. Хүргэн Дэнзэн гэдэг хэллэг бараг бий болчихоод байгаа. Хүргэн Дэнзэнгийн шүүх хуралтай зэрэгцээд хүргэний хүргэн бас холбоотой болох нь тодорхой болов шүү. “Өнөөдөр” сонинд бичсэнээр бол, Хүргэн Г.Дэнзэнгийн эгчийн нөхөр Түмэнхүү гэдэг хүн “Эрдэнэс Тавантолгой” компанийн худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтэст ажиллаж байсан бөгөөд өөрийн хадам дүүгийн эхнэрийн компанийг тендерт шалгаруулахад нөлөөлсөн гэдэг асуудал яригдаж байна. Хүн хүргэнтэй байх нь зүй, хүргэн ч цаашаагаа хүргэнтэй байхад гайхаад байх зүйлгүй. Хамгийн гол нь А даргыг тойрсон хүргэний сүлжээ Эрдэнэс тавантолгойг тойрон эргэлдээд байсан л асуудал яах аргагүй мөн биз ээ. “А” даргын хүргэний сүлжээний золиос хохирогч нь Эрдэнэс Тавантолгой компанийн захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь болж байгааг улс төрийн хүрээнийхэн ярьж байна.
Эх сурвалж http://www.info.mn
URL:













