Улаанбаатарын тунхагийг гаргажээ
Улаанбаатарчуудын эрхийн төлөө хэлэлцүүлгийг өнгөрсөн мягмар гарагт “Ардчилсан хүчний холбоо”, “Миний Улаанбаатар” клүбаас зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн З. Энхболд, Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Д. Ганхуяг, АН-ын гишүүн Ж. Батзандан болон иргэдийн төлөөлөл оролцов.
Нийслэлийн удирдлагуудаас НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү. Ганболд, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э. Ганхүү, Нийслэлийн газрын албаны дарга Ц. Сандуй, Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар нар оролцож, нийслэл хоттой холбоотой сэдвүүдээр илтгэл тавьж, иргэдийн сонирхсон асуултуудад хариулав.
Энэ үеэр Улаанбаатарын тунхагийг гаргасан юм. Тунхаг бичиг батлагдснаар нийслэлчүүдийн өмнө тулгардаг эрхийн зөрчлүүдийг багасгах чиглэлээр нийслэлийн удирдлагууд болон Засгийн газар, УИХ хамтран ажиллах юм. Тунхаг бичиг нь таван хэсэгтэй бөгөөд төр захиргааны байгууллагуудтай нийслэл хотыг хамтран ажиллуулах, хүний эрх эрх чөлөөг хангах үүднээс дорвитой ажил зохион байгуулах, Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны бохирдол, газрын харилцааг дэвшилтэт арга барилаар хөгжүүлэх, Улаанбаатар хотын төлөөллийг УИХ-д нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг багтаажээ.
Түүнчлэн жилд хоёр удаа хуралддаг нийслэлийн парламентийг сар бүр хуралдуулж улмаар нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлүүлдэг болох талаар хөндөгдөв. Хотын хүн ам нэмэгдэхийн хирээр түм буман бэрхшээл ундарна. Тийм болохоор нийслэлийн удирдлагуудтай хамтарч ажиллаж, тулгамдаж байгаа асуудлуудыг төрд хүргэх дуу хоолой нь байх боломжтойгоо “Миний Улаанбаатар” клүбийнхэн илэрхийлэв.
URL:




