Хөгжмийн зах зээл сэргэсэн жим
Жон Гаппер Канадын рэппер Дрэйкийн гуравдугаар сард гаргасан More Life цомог эхний долоо хоногтоо 385 сая удаа тоглогджээ. Энэ бол зөвхөн АНУ дахь үзүүлэлт. Цахимаар дуу тоглуулах явдал CD-ний борлуулалт, татаж авах, хулгайгаар татахаас ч их эрэлттэй болсон байна. АНУ-ын дуу тоглуулах зах зээл 2016 онд 3.9 тэрбум ам.доллараар өсөж нийт 7.7 тэрбумаар хэмжигдлээ. Анх 1999 онд уг зах зээл үүнээс хоёр дахин их ашиг олж байсан ч цахим орчинд зохиогчийн эрхийг зөрчих явдал газар авснаар сөхөрсөн юм. Харин одоо эргээд эрчээ авч, дэлхийн хамгийн том хөгжмийн лейбл хөгжмийн продакшн Universal Music дуу тоглуулагч сайт Spotify-тай лицензийн гэрээ хийлээ.
Зохиогчийн эрх зөрчигчид харин цайзаа булаан эзлүүлэв. Pirate Bay сайтыг үүсгэн байгуулагч Готтфрид Свартем “Швед бол хойд Европт байдаг улс. Америкийн хууль манайд үйлчлэхгүй” гэж мэдэгдэж байсан. Гэвч дараа нь шоронгийн хаалга татаж, Швед улсын иргэд Apple Music тэргүүтэй үйлчилгээг дэлхийн хамгийн өндөр үнээр авдаг болсон юм.
Цахим ертөнцөд зохиогчийн эрх нь зөрчигдсөн эхний бүтээлд дуу, хөгжим багтаж, хөгжмийн лейблүүд ихээхэн хохирол амсаж, дараа дараагийн үедээ сургамж болсон билээ. Боб Диланы зөвлөснөөр бүгдийг нь битгий хая. Лейблүүд хууль бусаар дуу татаж авсан хувь хүмүүсийг шүүхэд өгч, өөрсдийгөө дээрэнгүй болгож харагдуулсан нь томоохон алдаа байсан. Гэвч тэд студид бичүүлсэн дуу үнэ цэнэтэй, үүнийг сонсохын тулд мөнгө төлөх нь зүйтэй гэдэгт итгэл алдраагүй. Мэдээллээ үнэгүй цацаж, рекламаас олох ашигтаа найдсан сонины эзэн шиг ухаангүй үйлдэл хийгээгүй. Ингэж итгэсэн итгэлийнхээ үр ашгийг тэд одоо амсаж, 2016 онд гэхэд л төлбөртэй дуу сонсох үйлчилгээний ашиг 1.2 тэрбум ам.доллараас 2.5 болж өслөө.
Зөвхөн АНУ-д шүү дээ. Дижитал таталт, биет худалдаа багасаж байгаа энэ үед дуу тоглуулах үйлчилгээ хөгжмийн зах зээлийн гол орлогыг бүрдүүлж байна. Spotify-ийн 50 сая хэрэглэгч 30 сая дууны сангаас хязгааргүй сонсохын тулд мөнгө төлдөг. Тэд рекламаар санхүүждэг үйлчилгээнээс татгалзсан. Spotify шинэ, залуу хамтлаг дуучдыг олж, дэмжихэд нийт орлогынхоо 27 хувийг зарцуулдаг ажээ. Хөгжмийн лейбл урьд нь их зургаа байсан бол одоо нэгдэж их гурвал болжээ. Universal, Warner болон Sony Music гурав нийлээд зах зээлийн 75 хувийг эзэлдэг билээ. Тиймээс ч Spotify болон бусад дистрибьютортой хэлцэл хийхэд ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм. Яг л ном хэвлэх үйлдвэрүүд Amazon-ий хүчин чадалд нийцэхийн тулд нэгдэн “их тавал” болсны адил.
Сонсогчид Аделийн 19, 21, 25 цомгийг сонсохын тулд сард 9.99 ам.доллар төлдөг болохоор дуу тоглуулах үйлчилгээнд хит дуу болон хуучны сан аль аль нь хэрэгтэй. Энэ нь лейблүүдэд үнэ тохирох эрх олгож, ашиг орлогод нь ч сайн нөлөөтэй. Goldman Sachs-ийн мэдээлснээр дижитал борлуулалтын үнэ биет бүтээгдэхүүнээс хоёр дахин их. Дуу тоглуулах үйлчилгээ дуу сонсох явцыг илүү хөгжилтэй болгож, найзуудаараа дамжуулж шинэ дуу, хамтлаг дуучин олох ажлыг хялбарчилсан. Хөгжмийн лейблүүд бие дааж ийм бүтээгдэхүүн бүтээх боломжгүй байсан. Дашрамд дурдахад, Universal шинэ хэлэлцээндээ өөрийн лейблийн хамтлаг дуучдыг шинэ цомгоо хоёр долоо хоногоос ихгүй хугацаанд Spotify-д байрлуулах тухай заажээ.
URL:





