“Чононууд” өлсвөл аюул болно шүү, Усан толгойтнуудаа!
Монголын иргэний хөдөлгөөн, бүлхэмүүд нэгдэж “Гал үндэстэн холбоо” нэрийн дор нэгдээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Тэдний удирдах зөвлөлд МУГЖ дуучин С.Жавхлан ч багтдаг юм. Тэд өнөөдөр MN мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хуралд хүрэлцэн ирсэн МУГЖ дуучин С.Жавхлан: “Өнөөдөр харийн иргэд бидний газар доорх баялгийг авч дуусч байгаа бол одоо газар дээрх баялагт халдаж эхэллээ. Энэ бол мах юм. Биднийг Увс аймагт явж байхад нүүрсэн доор скочдон ачсан мах хилээр гаргах гээд явж байгаатай тааралдлаа. Энэ мэтчилэн урд хөрш рүү тонн тонноор мах гаргаж байна.
Гэтэл эрх баригчид үүнд ямар ч арга хэмжээ авахгүй байсаар байна. Энэ байдал цаашид үргэлжилбэл хавар махны үнэ өснө. Тэр цагт яах вэ? Малгүй бол бид юу идэх вэ? Монголчууд чоно заяатай. Чоно бол махчин амьтан. Чононууд махгүй өлсөж эхлэхээр яаж ч мэднэ шүү! Эрх баригч, Усан толгойтнуудаа!
Хэрэв хавар махны үнэ өсвөл ард түмэн минь бүгдээрээ өлсөцгөөе өө. Төрийн ордны өмнө өлсгөлөн зарлахаар хүчээр эмнэлэгт аваачаад хэвтүүлчихдэг юм билээ. Тэгвэл бүгдээрээ гэр гэртээ өлсгөлөн зарлацгаая.
Мөн бидний тэмцэл зөвхөн мах, газар шороогоор ч дуусахгүй. Монголд болж байгаа бүхнийг дэмжиж, болохгүй байгаа бүхнийг зогсооно.
Төрийн дээр суусан, харь нутагт монголыг худалдаж байгаа ах нар болгоомжтой байгаарай” хэмээгээд нийт ард түмэн энэхүү шударга бус байдлын төлөө хамтдаа нэгдэж, тэмцэхийг дахин дахин уриаллаа.
URL:













