Кидман нэг сая долларын хөлстэйгээр дуулна
Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Николь Кидман өдгөө кинонд тоглох нь бага байгаа. Тэрээр мөн дуу дуулах нь ховор болсон. Харин Болливудын тавьсан хүсэлтэд тэрээр нааштай хариу өгчээ. Түүний дуулсан нэг дууных нь төлөө Энэтхэгийн киночид нэг сая долларын хөлс төлөхөөр болов. Холливудын буржгар үст жүжигчин бүсгүй Николь Кидман Болливудын найруулагчийн бүтээж буй “Гудамжны хулгайч” киноны дууг дуулах саналыг хүлээн авчээ. “Бид Николь Кидманд дуугаа явуулаад түүнд уг бүтээлийг дуулахыг санал болгосон. Жүжигчин бидэнд нааштай хариу өгсөн. Одоо бид хугацаагаа товлох ёстой. Өмнө нь бид энэ дууг Шакирагаар дуулуулах бодолтой байсан ч тэрээр дэндүү өндөр үнэ нэхсэний хариуд больсон билээ” гэж киноны найруулагч Руми Жаффери өгүүлэв.
Түүний хэлснээр бол Кидман гүйцэтгэсэн ажлынхаа төлөө 50 сая энэтхэг рупи буюу нэг сая орчим долларын хөлс авах юм. Өмнө нь Америкийн одод нэг бус удаа Болливудын киноны дууг дуулж байсан билээ. Энэтхэгийн хамгийн үнэтэй бүтээгдсэн киноны дуунуудыг Америкийн рэпер дуучин Эйкон дуулсан аж. Харин жүжигчин Николь Кидманы хувьд тэрээр туршлагатай нэгэн билээ. 2001 онд “Мулен Руж” кинонд гол дүрийг бүтээсэн Кидман уг киноны дүрийн бүх дууг өөрөө амилуулсан юм.
www.wikimon.mn
URL:




