“Мафи болон алан хядагчид” хувьцаат нийгэмлэг
Аль-Каида хуучин ЗСБНХУ-аас хууль бусаар оруулж ирсэн цөмийн дулааны болон биологийн их хэмжээний бодис материалыг хүлээн авсан хэмээн Британийн МI6 тагнуулын алба сэрэмжлүүлж байна. Британийн тусгай албад тус байгууллага нь Варшав, Лондон зэрэг Европын томооон хотууд руу дайрах боломжтой гэж үзэж байна. Саяхан Аль-Каида болон Чеченийн гэмт бүлэглэлүүдийн алан хядагчид Польш, Украины хилээс холгүйхэн нууц байдлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулжээ.
Аюултай бодисыг хууль бусаар хил давуулах ажиллагааг Семён Могилевич зохион байгуулсан бөгөөд түүнийг Британийн сөрөг тагнуулын алба одоо цагийн хамгийн аюултай гэмт хэрэгтэн хэмээн үзэж байгаа юм. Могилевич мафийн томоохон бүлэг болох “Солнцево”-г толгойлдог. “Солнцево” мафийн бүлэг нь сүүлийн жилүүдэд хуучин Зөвлөлт улсад үйлдвэрлэсэн олноор хөнөөх зэвсгийг олж авах оролдлогыг тасралтгүй хийж байгаа юм. Хэрэв тэд хэргээ бүтээж чадсан бол зэвсгийг Аль-Каидагийн алан хядагдчдад дамлан зарсан байх боломжтой. Урьд нь “Нарны ахан дүүс” алан хядагчдад энгийн зэвсэг болон дэлбэрэх бодис нийлүүлж байсныг Израиль нотолсон билээ.
МI6-гийн дарга ноён Ричард Диерлав Их Британийн гадаад хэргийн сайд Жек Строд “бохир бөмбөг” /дэлбэрэх бодис дээрх цацраг идэвхт бодис эсвэл боомын нянтай бөмбөг/ гээчийг ашиглаж Лондонгийн метрод дэлбэрэлт зохион байгуулахгүй байх гэх газаргүй хэмээн мэдэгдэж байжээ. Британийн тагнуулын шинжээчид тун удахгүй дайралт хийх улам өндөр магадлалтай болно гэсэн дүгнэлтэд хүрчээ. Британийн цагдаагийн албаны дарга ноён Жон Стивенс “Алан хядагчид ахин нэг цохилт хийх нь гарцаагүй. Харин хэзээ гэдэг нь л асуудал болоод байна” гэжээ.
“Мафи болон алан хядагчид” ХН
Лондон дахь тусгай албадын дарга нар хэрэв алан хядагчид дайралт хийх болбол Аль-Каида “Нарныхны” бүлгээс олж авсан бодисоо ашиглана гэдэгт итгэлтэй байна. Энэ нь олноор хөнөөх зэвсэг ч байж магадгүй. “Ийм төрлийн зэвсгийн дөнгөж 40 хувь нь /Орост болон бусад социалист байсан орнуудад / цөмийн дулааны болон биологийн бодис хадгалах зохих стандартын дагуу хадгалагдаж байгаа. Ямар нэг хашаа, тусгай түгжээ гээд үндсэн зүйлүүд нь ч байдаггүй хэмээн Америкийн Олон улсын харилцааны зөвлөл сэрэмжлүүлж байгаа юм.
Германы тагнуулын алба түүнчлэн алан хядагчдад олноор хөнөөх зэвсэг байж магадгүй хэмээн болгоомжилж байгаа юм. Германы тагнуулын албанд Орос болон бусад хөрш орнуудаас цөмийн бодисыг хууль бусаар хилээр давуулах гэсэн 800 гаруй оролдлогыг бүртгэн авчээ. Нарны мафийн гурван гэмт этгээд Мюнхен орох замд 17 унци плутони тээвэрлэж явахдаа баригдсан байна. Ийм хэмжээний плутони нь Лондонг юу ч үгүй болтол нь сөнөөж чадах цөмийн цэнэг бэлдэхэд хангалттай хүрэлцээтэй билээ. Гүржийн Сухуми дэх эрдэм шинжилгээний төвөөс хулгайлагдсан 2 кг уран одоо болтол олдоогүй байна. “Цөмийн дулааны хорт бодисуудыг хууль бусаар хил давуулах гэсэн оролдлого маш өргөн цар хүрээтэй байгаатай харьцуулахад тэдгээрийг илрүүлэх оролдлого тэр бүр амжилттай болж чадахгүй байна” хэмээн ХМТ-ны олон улсын алан хядлагын зөвлөх Пол Уильямс ярьж байна.
ОХУ-аас цөмийн дулааны бодисуудыг хууль бусаар хил давуулах ажиллагааны маршрут нь Польш болон Чехэд огтлолцож байгаа бөгөөд эдгээр улс орнуудад алан хядагч нартай хуучин коммунист тусгай албадын офицер байсан этгээдүүд хамтран ажиллаж байгаа бололтой. Саяхан МI6 Европын холбооны тагнуулын албаны бүх дарга нарт хоёр хуудас нууц материал илгээсэн бөгөөд үүнд хуучны коммунист тагнуулын ажилтнууд болон Аль-Каидагийн хоорондын холбоо илүү хүчтэй болж санаа тавих нэн тэргүүний асуудал болоод байгаа тухай сэрэмжлүүлжээ. Энэ хэрэг дээр ХМТ-той хамтран ажиллаж байгаа МI6 хулгайлагдсан эсвэл худалдан авсан цөмийн дулааны хорт бодисуудыг Аль-Каидад Урал дахь агуулахаас нийлүүлсэн байх боломжтой хэмээн сэжиглэж байгаа юм.

Цөмийн бодис тээвэрлэж байх үед илрэх эрсдэл ямагт өндөр байдаг. Харин биологийн материалын хувьд ийм эрсдэл бараг байхгүй юм. Тэгтэл биологийн бодис хулгайлагдсан тухай мэдээ хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан дөрөв гаруй үйлдвэрт бүртгэгдээд байгаа юм.
ЗХУ задран унасны дараа олноор хөнөх зэвсгийн хөтөлбөр дээр ажиллаж байсан эрдэмтдийн нэг хэсэг Иран, Хойд Солонгос, Пакистан зэрэг “тааруу-улс орнуудад” ажилд орсон байна. Бас нэг хэсэг нь “Нарны ахан” дүүс”-ийн төлөө ажиллаж, гэмт хэрэгтнүүдэд дараагийн хулгайг хийхэд нь тусалж байгаа юм. Зөвлөх Пол Уильямсын үзэж байгаагаар Аль-Каида маш аюултай бодис, тэр дундаа биологийн зэвсэг эзэмшиж байгаа бөгөөд түүнийг амиа золиослогч алан хядагчийн биед дэлбэрэх бодистой байрлуулах, эсвэл гранат буудагчаар буудах, пуужингийн тусламжтайгаар буудах, эсвэл удирдлагатай дэлбэрэгч бодисоор дэлбэлэх байдлаар ашиглаж болох аж. Мадрид дахь дэлбэрэлт яг л ийм байдлаар өрнөсөн. Варшав, Лондонд тэгэхээр яах бол?
Загалмайлсан эцэг
Семён Могилевич 1946 онд Киев хотноо төрсөн. Львовын их сургуулийн эдийн засгийн сургуулийг төгссөн. 2001 онд АНУ-д Аль-Каида алан хядах ажиллагаа явуулахаас өмнө Израилийн тагнуулын алба Могилевичийг Израиль болон Зүүн Европын орнуудын аюулгүй байдалд хамгийн ихээр заналхийлэгч этгээд хэмээн үздэг байлаа. ХМТ болон Израилийн тагнуулын алба нь түүнийг их хэмжээгээр зэвсэг болон хар тамхи наймаалсан, бохир мөнгө угаасан /Тэр дундаа Лондон хотод/, захиалгат аллага, амьд бараа наймаалсан, түүнчлэн урлагийн бүтээл хулгайлан хууль бусаар хил давуулсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм.
Могилевич Оросын мафийн нэг дугаарын хүн бөгөөд түүнийг Брэйни Дон гэж нэрлэдэг. Чухам тэр л хүчирхэг “Солнцево” мафийг байгуулсан юм. /энэ нэр Москва орчмын жижиг хот Солнцевогоос гаралтай/ ХМТ-ны олон улсын гэмт бүлэглэлүүдийн талаарх 1995 оны тайланд Нарны мафийг эзэмшиж байгаа хөрөнгө, нөлөө, санхүүгийн хяналтын цар хүрээ зэргээр нь Евро-Азийн хамгийн том гэмт бүлэглэл гэж үзсэн байна. Тэр үед тус бүлэглэл 7 мянган гишүүнтэй байж. Гэмт бүлэглэлийг 1980 онд Вячеслав Иваньков /Япончик гэх хочтой/, урьд нь бөх хэмээн цоллогддог байсан Сергей Михайлов, мөн Семён Могилёвич нар байгуулсан билээ. ХМТ-ны тайланд тусгаснаар ЗСБНХУ-ын үед тусгай албадын өндөр албан тушаалтнууд “Солнцево”-гийнхны албан ёсны удирдагч байжээ. Хилийн чанадад, нэн ялангуяа хуучны Зүүн блокийн улс орнуудад “Нарны бүлэг” одоо ч гэсэн Оросын цэргийн болон иргэний тагнуултай хамтран ажиллаж байгаа юм. Нарны мафийн тагнуулын төлөөлөгчид 50 гаруй улс оронд ажиллаж байна.
Семён Могилевич Канадад бүртгэлтэй YBM Magnex нийгэмлэгийн хамтран эзэмшигч билээ. Тус пүүсийн тусламжтайгаар ЗХУ-ын Коммунист намын өндөр албан тушаатан, тусгай албадын офицер байсан этгээдүүдтэй хамтран ажиллаж тэрбээр Оросоос хөрөнгө гаргадаг байжээ. Түүнчлэн тэрбээр Benex Worldwide пүүсийн албан ёсны бүртгэлтэй эзэн. Нью-Йоркийн банкны Москва дахь хэлтсийн зуучлалаар тэрбээр Оросоос олигархиудын эзэмшилд байдаг хэдэн тэрбум долларыг гаргасан аж. /ХМТ-ны тооцоолж байгаагаар доод тал нь 4 тэрбум, дээд тал нь 22 тэрбум ам.доллар/ Тус банкны хэлтсийг “Солнцево”-ийн гишүүн Наташа Кагаловская удирдаж байжээ. Түүний нөхөр Константин 1995 оныг хүртэл ОУВС-ийн ажилтан байхдаа нарны ахан дүүст ОУВС-аас Орост зээлсэн 16 тэрбум долларын нэгэн хэсгийг өөрийн болгоход тусалжээ.
1997 оны хоёрдугаар сард Могилевич Хорватын иргэншил аваад овгоо Семён Телес болгон өөрчилжээ. Одоо тэрбээр Хорватын хоёр паспорттой бөгөөд нэг нь Телес, нөгөө нь Лев Фишерман /1952 онд Филадельфид төрсөн мэт/ нэртэй гэнэ. Бас Сева Могилевич, Семён Юдкович-Паланюк, Симеон Могилевич, Сеймон Могилевск, Симон Макелвич зэрэг нэрүүдийг ашигладаг. Түүний нэгэн байр Унгарт байх агаад тэнд түүнийг Сева ах /Szewa basci/ гэж дууддаг. Хэдэн жилийн өмнө тэрээр Унгарын телевиз ТВ-3-аар томоохон ярилцлага өгчээ.
1994 оны хоёрдугаар сард Могилевич Варшавт байрлаж байв. Варшаваас тэр хоёр удаа утсаар ярьсныг ХМТ тогтоосон байна. Вентэй холбогджээ. Кали болон Медельин дахь Колумбийн боомтыг хянадаг хар тамхины наймаачидтай хамтран ажиллах нөхцлийн талаар ярилцсан аж. Могилевичийн ойрын туслах Сергей Михайлович гэгч Польш руу олон удаа ирж байжээ /1995-1996, 2001-2003/ Түүний нэр дэлбэрэх бодис ашиглаж үйлдсэн алан хядлагатай холбоотой арав гаруй хавтаст хэрэгт дурьдагдаж байгаа юм.
Оросын сар тутмын хэвлэл “Компромат”-д бичсэнээр Польшид нарны мафийнхан Унгар эсвэл Литвээс ялгаатай нь өөрийн гэсэн бүтцийг байгуулаагүй, харин өөртөө хамгийн хүчтэй бүлэглэл болох “Прушкув”-ыг нэгтгэжээ. 1992 онд Варшавын дүүрэг болох Рембертовад нарны элч Дима гэгч иржээ. Тэрбээр Прушковын дунд гарын албан тушаалтан Ежи Вечерктэй холбоо барьжээ. Димаг Руслан болон Атарик нар дагалдан явж байж. Руслан нь нарны мафийн Кавказ дахь салбарын дарга, харин Атарик /Оросын Спортын сайдад нэр дэвшигч/ мафийн нэрийн өмнөөс НХЛ-ийн лигт худалдагдаж байгаа Оросын хоккейчдыг “рэкетлэж” байсан аж. Прушковтой хэлэлцээр хийхээр талууд 1992 оны дөрөвдүгээр сард Варшавын Marriott зочид буудалд иржээ. Нарныхны ашиг сонирлыг төлөөлж Дима, Атари, Руслан нар, харин Прушковын Войцех Кельбински /Келбаса/, Ришард Шварц /Кайтек/ нар байв.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:














