Дэлхийн хамгийн хачирхалтай хүмүүс
1.30 жил унтаагүй Нгок
Таиландын иргэн өдгөө 64 настай Тай Нгок гэгч 1973 онд хумхаа өвчин туссаныхаа дараа шөнө унтаж чадахаа больжээ. 11 700 шөнийг нойргүй өнгөрүүлэхдээ «хонь, ямааг» хэдэн мянгаар нь тоолсон боловч энэ арга түүнд нэг минут ч гэсэн нүдний хор гаргахад нь тус болоогүй байна. «Шөнө унтахгүй байх нь миний эрүүл мэндэд нөлөөлсөн эсэхийг би сайн мэдэхгүй байгаа.
Гэхдээ би одоог хүртэл эв эрүүл, ферм дээрээ ажиллаж байна» гэж тэрбээр ярьжээ. Нгок өдөр бүр 4 км зайтай газарт 50 кг жинтэй шуудайтай зүйлийг хоёр ч удаа зөөдөг гэж түүний хүү хэлсэн байна. Ямар ч эм хэрэгсэл тэр ч бүү хэл согтууруулах ундаа ч түүнд унтахад нь тус болдоггүй гэж эхнэр нь ярьжээ.
Харин элэгний үйл ажиллагаанд нь бага зэрэг өөрчлөлт орсныг эс тооцвол Нгокийн бие эрүүл гэж эмч нар хэлсэн байна.
Одоо Нгок 5 га бүхий өөрийн фермдээ тахиа, гахай үржүүлэн амьдарч байна. Тэрбээр 6 хүүхэдтэй ажээ.
2.Ихрийн өрөөснөө гэдсэндээ тээсэн Бхагат
Энэтхэгийн Нагпур хотын оршин суугч Санжу Бхагат яг л 9 сартай жирэмсэн эмэгтэй шиг маш том гэдэстэй байжээ. Түүний гадаад төрх нь тун гаж төдийгүй бас амьсгалахад маш хэцүү байсан гэнэ. Бхагатын энэ шаналал нь мэс засал хийн гэдэснээс нь хэдэн галлон /3-4 литрийн хэмжээ/ шингэн болон үс, хөл, үр хөврөлийн, эрхтэн, эрүү гэх зэрэг үр хөврөлийн хэсгүүдийг гарган авсны дараа дуусчээ.
Анх харахад Бхагатыг төрсөн гэж хэлж болохоор байв. Энэ нь үр хөврөл үр хөврөл дотроо орох буюу ихрийн өрөөсөн нь нөгөө ихэр дотроо ордог маш ховор тохиолдол байжээ. Бие организм дотор орсон үр хөврөл хэсэг хугацаанд өсч томордог байна. Харин хэмжээ нь хэтэрхий том болж эхэлмэгц мэс засал хийдэг ажээ.
3.Газар доор 28 жил амьдарсан Екой
Сеити Екой 1941 онд Японы эзэн хааны армид татагдсан бөгөөд удалгүй түүнийг Гуам арал руу илгээжээ. 1944 онд америкчууд ялсны дараа Екой алга болсон байна. Түүнийг нэлээд хожуу буюу 1972 оны нэгдүгээр сарын 24-нд Гуам арлын алслагдсан хэсгээс олжээ.
Тэрбээр ширэнгэн ойн газар дорх агуйд 28 жилийн турш нуугдсан байна. Хэдийгээр Екой Дэлхийн хоёрдугаар дайн дууссан гэдэг бичигтэй цаас харсан боловч нуувчаасаа гарахыг хүсээгүй ажээ. Зэвэрсэн винтов буутай гэртээ ирэхдээ тэрбээр золоор амьд гарсан тухайгаа ярьсан байна.
4.1988-аас хойш нисэх онгоцны буудалд амьдарч байгаа Мехран
Ноён Альфред Мехран гэдэг нэрээрээ олны танил болсон Мехран Карими Нассери гэгч бол «Шарль де Голль» нисэх онгоцны буудлын хүлээлгийн нэгдүгээр танхимд 1988 оны наймдугаар сарын 8-наас эхлэн амьдарч байгаа Ираны дүрвэгч юм.
Тэрбээр шоронд эрүү шүүлт амсан хоригдож байсныхаа дараа эх орноосоо хөөгджээ. Мехран Европын олон орноос орогнох эрх олгохыг хүссэн боловч бүтэлгүйтсэн учир Английг зорихоор шийдсэн байна. Харин «Шарль де Голль» нисэх онгоцны буудалд сууж явсан онгоц нь буух үед түүнийг хулгайлсан гэж тэрбээр ярьжээ. Мехран зугтаж амжин онгоцонд суун «Хитроу» нисэх онгоцны буудалд бууж чадсан боловч түүнийг хүлээж авалгүй Франц руу буцаасан байна.
Нассери өөрийгөө хэн болохоо эсвэл дүрвэгч гэдгээ баталж чадаагүй учраас түүнийг d’attente бүс буюу бичиг баримтгүй аялагчдад зориулсан хүлээлгийн танхим руу шилжүүлжээ. Түүнээс хойш тэрбээр нисэх онгоцны буудалд амьдарч байгаа аж.
2004 онд бүтээсэн «Терминал» киног Нассеригийн амьдралаас сэдэвлэсэн гэж ярилцдаг. Тэрбээр хэн нэгэнтэй чөлөөтэй ярилцах эрхгүй байна. Түүнийг аялагч эсвэл орон гэргүй хүн гэж үздэг ажээ.
5.Японы Иисүүс Христос Мицуо
Матайоши Мицуо бол өөрийгөө бурхан гэдэгт итгэдэг Японы өвөрмөц хачин үзэлтэй улс төрч юм. Түүний хөтөлбөрөөс үзвэл, тэрбээр Христосыг шийтгэдэг шиг Аймшигт шүүхийн тогтолцоог бий болгох гэнэ.
Тэрбээр аврагчийн үүргээ Японы Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоныхоо дараа гүйцэтгэж эхлэх бөгөөд үүнийхээ дараа Японы нийгмийг маш хурдан шинэчлэх бол, дараа нь НҮБ-ын гишүүн орнууд тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга болооч гэж түүнээс хүсэх гэнэ. Тэгэхэд нь Мицуо–Христос шашин, төрийг хослуулж дэлхийг захирагч болох аж.
Мицуо маш олон удаа сонгуульд оролцож байсан боловч тухай бүрт нь ялагдаж байжээ. Тэрбээр өөрийн өвөрмөц хачин үзлээрээ олны дунд ихэд алдаршсан байна.
6. Амьд үхдэл Бихари
1961 онд төрсөн, Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн оршин суугч Лал Бихари гэгч 1976-гаас 1994 онд нас барсан гэж албан ёсоор бүртгэгджээ.
Энэ хугацаанд тэрбээр «Үхэгсдийн холбоог» байгуулж амжин 18 жилийн турш хүнд сурталтай тэмцэн Энэтхэгийн эрх баригчдад амьд гэдгээ нотлохыг оролдсон байна. Бихари 1976 онд банкнаас зээл хүсэх гэж байхдаа үхсэн гэдгээ мэджээ. Тухайн үед түүний ах нь эд хөрөнгийг нь өвлөн авахын тулд түшмэлд авлига атгуулан түүнийг үхсэн гэж бүртгүүлсэн байна.
Хамгийн сонирхолтой нь тухайн үед Бихари өөртэй нь адил байдалд орсон 100 «үхсэн хүнийг» олж илрүүлжээ. Өдгөө түүний байгуулсан холбоо нь амьд гэдгээ нотлохыг оролдож байгаа 20 мянга гаруй гишүүнтэй болсон байна. Гэвч хэрэг тийм ч амар хялбар байсангүй. 2004 онд тэд холбооныхоо ердөө дөрвөн гишүүнийг «амилуулж» чаджээ.
7.Накаматсу: юу идэж байгаагаа хяна
Доктор НакаМатс нэрээрээ олонд илүү танигдсан Йосиро Накаматсу бол Японы зохион бүтээгч юм. 1928 онд төрсөн түүнийг зохион бүтээсэн зүйлийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг гэж үздэг бөгөөд зохион бүтээсэн зүйл нь 3000-гаас давсан гэж ярилцдаг байна. Тэрбээр 34 жилийн турш өөрийн идэж байгаа хоол хүнсний зургийг авч, судалгаа хийжээ. Яах гэж ингэж байгаагийн учир нь тэрбээр 140 наслахыг хүсч байгаа гэнэ…
8.Бүгдийг идэгч месье Лотито
Францын Гренобле хотод төрсөн Мишель Лотито «Monsieur Mangetout» буюу бүгдийг идэгч месье гэдгээрээ алдаршжээ.
Лотито үзүүлбэрээ үзүүлж байхдаа төмрөөр хийсэн зүйл, шил, резин идэх дуртай гэнэ. Түүний хоолны зэсэнд ходоодонд нь хэдийнээ орчихсон унадаг дугуй, Cessna 150 нисэх онгоц болон 100 гаруй янз бүрийн жижиг сажиг зүйлс ордог байна.
Нисэх онгоцыг хоёр жилийн хугацаанд буюу 1978-1980 оны хооронд иджээ. Мишель бүр хүүхэд байхдаа л янз бүрийн зүйл идэж эхэлсэн бөгөөд анх 1966 онд амьдралдаа зарцуулах мөнгө олохын тулд олны өмнө иддэг болсон байна. Лотитогийн ходоод хортойд тооцогддог материалыг шингээхгүй байх тохиолдол бараг гардаггүй гэнэ.
Тэрбээр 1 кг хүртэл жинтэй зоог барихаасаа өмнө ургамлын тос хэрэглэж бас их хэмжээгээр ус уудаг байна. Түүний ходоод, гэдэс нь энгийн хүнийхээс хоёр дахин зузаан бөгөөд ходоодны хүчил нь металл зүйлийг боловсруулах ер бусын шинж чанартай гэнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ”
URL:













