Эрдэнэт үйлдвэрийн захирлыг буруутгав
“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн түр хорооны 10 гаруй гишүүн өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэлээ. Тэд “Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг 33 мянган хувьцаа эзэмшигчтэй манай компаниас гаргасан “Уурхайн овоолго ашиглан хамтарсан үйлдвэр байгуулах тухай” саналыг бүтэн жил гаруй хүлээж авахгүй үл тоосон хэрнээ өөрийнхөө эзэмшлийн “Ачит Ихт” ХХК-д их хэмжээний хүдэр эзэмшүүлэх, үйлдвэр барих зөвшөөрөл олгосон нь хууль бус үйл ажиллагаа” гэж ярьсан юм.
Уг нь Хувьцаа эзэмшигчдийн түр хорооныхон өнгөрсөн сарын 26, 27-нд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад хандан жагсаал цуглаан зохион байгуулсан бөгөөд Ч.Ганзориг захиралтай биечлэн уулзаж хоёр талаас ажлын хэсэг гарган хамтарсан үйлдвэр байгуулах саналыг боловсруулж, Зөвлөлийн хурлаар оруулахаар тохиролцсон аж. Мөн энэ сарын 2-нд ажлын хэсгүүд Төрийн өмчийн хорооны мэргэжилтнүүдтэй хамтран хуралдаж, ашиглахаар зорьж буй овоолгууд дээр туршилт судалгаа явуулах асуудлыг эхний ээлжинд Зөвлөлийн хурлаар оруулъя гэсэн шийдэлд хүрчээ.
Гэтэл “Орхон аймгийн цөөн хэдэн хүн Монголын 2.7 сая иргэний өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг дээрэмдэх гэж байна” гэсэн ташаа агуулга бүхий мэдээлэл өнгөрсөн хугацаанд зарим хэвлэлээр цацагдсан юм. Уг мэдээллийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага санаатай буюу төлбөртэйгээр цацсан гэж тэд үзэж буй аж. Хувьцаа эзэмшигчдийн нэг болох н.Чойсүрэн “Манай аймгийн хөдөлмөрийн чадвартай нийт иргэдийн тал хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй. Нийт иргэдийн 30 орчим хувь нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой гэсэн албан ёсны статистик бий. Төр иргэдээ ажилгүй, санаачилгагүй байна гэж шүүмжилдэг. Тэгсэн хэрнээ тодорхой ажил санаачлаад хийх гэсэн хүмүүсээ дэмжихгүй байна” гэсэн юм.
“Зэс эрдэнийн хувь” ХХК нь өнгөрсөн оны аравдугаар сард албан ёсоор байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 33 мянган хувьцаа эзэмшигчтэй, тэдний 21 мянга нь насанд хүрсэн иргэн аж.
Сэтгүүлч Ч.Дашдэлэг
URL:













