Өөрийн засаглалыг тогтоохыг хүссэн Ц.Нямдорж сайдын өргөн барьсан хуулийн төслийг танилцуулж байна
2008 оны долоодугаар сарын 1-нээс Монголчууд багагүй зүйлийг ойлгосон. Төр засаг болоод улстөрийн намуудад иргэдийг хэтэрхий басамжилж, доромжилж болохгүй бөгөөд иргэд, сонгогчдын тэвчээр алдагдах үе байдаг юм шүү гэдгийг сануулсан бол ард түмэн түүнээс нэг том зүйлийг ойлгосон.
Тэр нь төр засаг ард түмэн рүүгээ буу шагайж, гудамжны нохой адил хөнөөгөөд хаячихдаг юм байна шүү гэдгийг яс махандаа тултал ухаарсан. Гэхдээ л Монголын ард түмэн цаашид ямар ч шударга бус зүйлийг тэвчин дуугүй суухгүй гэдэг нь ойлгомжтой.
2008 оны долоодугаар сарын 1-нд буудуулж амиа алдсан иргэдийн хэрэг нэг тийшээ болоогүй л байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэг шийдэгдэхгүй байсаар дараагийн сонгуультай золгох нь. Иргэдийг буудан амь насыг нь хохироосон цагдаа, цагдаагийн удирдах албан тушаалтнуудын хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдан шалгагдсаар байна. Хэрэг хаашаа эргэх нь тодорхойгүй л байна. Энэ хэрэг яах нь тодорхойгүй байтал Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэгэн хачирхалтай гэмээр хуулийн төсөл өргөн барьсан нь нийгмийг цочроогоод буй.
Тодруулбал, тэрбээр:
• Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай,
• Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
• Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай,
• Монгол Улсын Хилийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай,
• Төрийн нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ.
Түүний өргөн барьсан энэхүү багц хуулийн төслийн танилцуулгын эхэнд “Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас нийгмийн хэв журам алдагдсан тохиолдолд цагдаагийн байгууллага үүссэн нөхцөл байдлыг өөрийн бие бүрэлдэхүүн, хүч хэрэгслээр зохицуулах бөгөөд энэхүү хүч хэрэгсэл, бие бүрэлдэхүүн нь тухайн нөхцөл байдлыг зохицуулах боломжгүй болсон нөхцөлд цагдаагийн байгууллагын дарга, хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналаар, Засгийн газрын шийдвэрийн үндсэн дээр цагдаа, тагнуул, хил хамгаалах, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон дотоодын цэргийн хамтран ажиллах эрх зүйн үндэслэлийг хуулийн төслүүдэд тусгалаа” гэжээ.
Хуулийн төслийг бүр тодруулаад харвал, Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан байгууллагуудын нийтийн эмх замбараагүй байдлын үед хамтран ажиллах төлөвлөгөөг Засгийн газар, тусгай хэрэгслийн нөөц бүрдүүлэх, галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх зааврыг Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэжээ.
Харин энд дурьдагдсан 3 дахь хэсэг гэдэг нь “Нийтийн эмх замбараагүй байдлын улмаас нийгмийн хэв журам алдагдсан тохиолдолд цагдаагийн байгууллага үүссэн нөхцөл байдлыг өөрийн бие бүрэлдэхүүн, хүч хэрэгслээр зохицуулах боломжгүй болсон нөхцөлд тагнуул, хил хамгаалах, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон дотоодын цэргийн туслалцаа авна” гэсэн байгаа юм.
Энэхүү хуулийн төслөөс үзэхээр нийтийн эмх замбараагүй байдлын үед галт зэвсэг буюу буу хэрэглэх болоод цагдаагийн байгууллага хүч хүрэхгүй болсон үед бусад хүчний байгууллагуудыг командлах эрх Ц.Нямдорж сайдад шилжих болж байна.
Бодит байдлыг үнэлээд үзэхээр, үнэхээр манай оронд дахин нийтийн эмх, замбараагүй байдал үүслээ гэхэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайдыг алгасан эцсийн бүхий л онц аюултай шийдвэрийг ганц сайд гаргаад суух нь хэр оновчтой вэ. Хэтэрхий ард түмнийг айлган, сүрдүүлсэн бас харалган шийдвэр биш гэж үү?
Ц.Нямдорж сайдыг ийм хуулийн төсөл өргөн барьсныг эсэргүүцэн ажлаа сайн дураараа хүлээлгэн өгөхийг өнөөдөр Хохирогчдын нэгдсэн холбооноос шаардсан юм. Тус холбоог долоодугаар сарын 1-ний хар өдөр амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэн бүрдүүлдэг.
Үнэхээр ч өмнө нь буудаж хороосон иргэдийнхээ хэргийг шийдэж чадаагүй байж дараагийн “аллага”-ныхаа тухай хэлэлцэж суух нь Монголын төр засаг минь хаашаа явж байна даа гэсэн эмзэглэлийг хэн хүнгүй төрүүлж байна.
Уншигч та бүхэн дээр дурьдагдсан хуулийн танилцуулга болоод төслийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл энд дарж татаж авна уу.
Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn
URL:




