Б.Амарсанаа: Сонгуулиар луйвар хийдэг эзэд нь харин ч Ардчилсан намынхан байх шүү

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Амарсанаатай уулзаж намын дэргэдэх оюутны байгууллага, улс төрийн сэдвээр ярилцлаа.

-НАМОХ-оос ойрд ямар ажил амжуулж байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Манай НАМОХ-ны гол ажил нь нийгэмд ардчилалын үзэл санааг дэвшүүлэх явдал юм. Манайд үндэсний үзэл баруун, зүүн гээд олон үзэл байна. Түүнээс манай нам зүүн төвийн үзэл баримтлалыг хөгжүүлэхэд чиглэдэг. Зүүний үзэл гэхээр зүүн төвийнх, зүүний зүүн, зүүний баруун гээд олон үзэл байна. Зүүн төвийн үзэл гэхээр юу яриад байгаа юм, комнизмыг яриад байгаа юм уу гээд олон ялгааг нь оюутнуудад ойлгуулах нь бидний зорилго байдаг. Зун намынхаа ойн арга хэмжээнд оролцож, “Ард түмнээ сонсох аян”-д манай оюутнууд маш их идэвхтэй оролцсон.  Бүх аймаг сумаар явж оюутан залуучуудтай уулзлаа.

Мөн БНХАУ-ын Комнист намын залуучуудын байгууллагатай хамтран ажиллах, харилцан солилцох асуудлаар 200 залууг хятадад айлчлууллаа. Энэ арга хэмжээнд миний бие оролцсон. Хятадын залуучууд, оюутнуудын байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцож манай залчуудын байгууллага таван зүйл дээр хамтран ажиллах талаар санамж бичигт гарын үсэг зурсан.

-Хөдөөгүүр явж байхад оюутан залуучуудад тулгамдаж буй асуудал юу  байна, тэдний санаа оноог сонссон байх?

-Хөдөөгийн болон хотын оюутнуудад тулгамдаж буй асуудал өөр өөр байна. Хөдөөнөөс хотод ирж суралцаж байгаа оюутанд дотуур байрны асуудал тулгамдаж байгаа нь илт байдаг. Мөн сургалтын чанарын асуудал хүнд байна. Сургуулиа төгссөн залуус ажлын байран дээр гараад туршлага дутаж, ажилд гологдох нь их байгаа юм. Өөрөөр хэлбэл практик дээр ур чадвар дутах, онолын мэдлэгэ нь ч гологдож байна.

Залуус ч өөрсдөө ч хэлж байна, сурсан зүйл бага байна, боловсролын чанар ч муу байна гээд. Мөн төгсөөд ажлын байр ч дутмаг байна гэж үзэж байна. Сургалтын төлбөрийн хувьд төрөөс бараг тал хувийг сүүлийн хоёр жилд олгож болсон. Мөн хотод сурч буй оюутнууд хөнгөлөлтийн билэтээр зорчиж байгаагийн дээр он гараад сар бүр 70 мянган төгрөгийн степендтэй болох гэж байна.Үүн дээрээс  сар бүр 21 мянган төгрөгөө авч байна. Ингээд бодохоор манай оюутнууд санхүүгийн хувьд шийдэгдээд байна. Ерөнхийдөө оюутнуудын тавьдаг зүйл бол ажлын байр  байгаа  юм. Ер нь нийгмийн салбарын залуус ажлын байр хомс байхад, инженер техникийнхэнд  ажлын байр бэлэн байдаг нь өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм. Тэгэхээр бид зөв зохистой мэргэжлээ харж сонгох нь чухал  байгаа харагдаж байна. Дээх нь үед бол төлөвлөгөөтэйгээр сургадаг байлаа. Тэр үе маань одоо ард хоцорч хамгийн амраар их мөнгө олдог бизнес маань их дээд сургууль болоод байна.

Түүнчлэн оюутнуудын суралцах орчинг сайжруулах нь чухал байна. Оюутаны номын сан, дадлага хийлгэх газар, техник технологи гээд суралцах орчинг сайжруулах нь чухал. Их дээд сургуулиудыг цөөлөх ёстой байгаа юм.

-Аяны хүрээнд залуучуудын агентлагтай байна гэж яригдаж байсан. Танай намын залуусаас гарсан санал байх аа?

-Намын дэргэдэх НАМЗХ, НАМОХ-оос ерөнхий сайдтай уулзсан юм. Энэ уулзалтаар бид залуучуудын бодлогыг тодорхойлсон агентлаг хэрэгтэй юм байна гэдэг саналаа тавьсан. Монгол Улс төсөв мөнгөнийхөө асуудлаас үүдээд Гэр бүл залуучуудын агентлагтай болсон дээр гэж үзсэн. Гэхдээ үүнийг бид тусад нь залуучуудын агентлагтай байх ёстой гэж бодож байгаа. Гэр бүл гэдэг тусдаа, залуучуудын бодлого ч тусдаа байх ёстой. Гэр бүлийн асуудал гэхээр 2,7 сая хүн бүгдээрээ хамрагдана гэсэн үг. Гэр бүл бол маш том асуудал байхад, залуус гэдэг бол тодорхой хүрээгээр хязгаарлагдана. Ер нь залуучуудын асуудал зөв байж чадвал дагаад гэр бүлийн асуудал шийдэгдэнэ гэсэн үг шүү дээ.

-Сонгуулийн тухай хуулийг одоо хүртэл эцэслэн шийдээгүй байна. Аль системийг  дэмжиж байна вэ?

-Сонгуулийн тогтолцоонд болохгүй байгаа зүйл байхгүй. Яг сонгууль явуулахад л будлиан гардаг явдал байна. Сонгуулийн санал луйварддаг, засдаг гээд асуудал гардаг. Аль ч тогтолцоогоороо явсан тоолох дээрээ луйвар хийгээд байна. Тоолох дээр нь санал луйвардаад, санал авах байрны гадаа мөнгө тараагаад байвал ялгаа  байхгүй.

Ер нь монголчууд танихгүй бурхнаас таньдаг бурхан нь дээр гэдэг үг байдаг. Гэтэл Ардчилсан намынхан таньдагаас илүү танихгүй бурхан нь дээр гээд байна. Аль нь ч яахав сайн л бурхан нь байвал.

Гэхдээ Ардчилсан намынхан бол иргэд намын даргыг л сонгочих, Алтанхуягийг, Ардчилсан намыг сонгочих. Бид та нарын өмнөөс тэр Дондог, Дорж, Дулмааг чинь нэрийг нь хэлж өгье гээд байгаа юм.

Манай намынхан, манай нам ч гэхгүй үндсэн хуульд юу гэж заасан гэхээр хувь хүнийг намын нэрийн дор болон хувиараа өрсөлдөнө гээд заасан байгаа шүү дээ. Түүнээс нам сонгуульд ялаад түүний дор улс төрч УИХ-д суух эрх зүйн үндэслэл байхгүй.

Манайхан шинэ тогтолцоо гаргаж ирчихээд энэ нь сайн гэж яриагүй шүү дээ.

-Та сонгуулийн хуульд намынхаа бодлогыг дэмжиж байна уу?

-Хувилбар хамаагүй, сонгуулийн процитур сайн байх ёстой. Луйвар хийдэг тэр үйл ажиллагааг таслан зогсоох тал дээр сайн ажиллаж  анхаарах ёстой л доо.

-Ер нь Ардчилсан намынхан болоод зарим намууд Ардын намынхан сонгуулийн луйварыг хийдэг гэж үздэг. Тухайлбал 2008 оны сонгуулийн дараах долоон сарын нэгний хэргийг дурьдаж болно. Танай намын байр руу иргэд дайрсан?

-Би маш товчхон хариулья. Ардчилсан намынхан өөрсдөө тийм луйвар хийдэг, юу хийдэгээ сайн мэддэг учраас Ардын намынхан сонгуулийн санал луйвар хийлээ гэж ярьдаг. Гэхдээ олон хүн дотор ямар нэгэн  доголдол байгаа байх. Гэхдээ сонгуулиар луйвар хийдэг эзэд нь харин ч ардчилсан намынхан байх шүү. Би тэгж л хариулна.

-Хуучин танай намын нэрийг /МАХН-ын нэрийг/ Н.Энхбаяр авлаа. Та энэ үзэгдэлд ямар байр суурьтай байгаа вэ?

-1991 онд манай улс шинэ үндсэн хуультай болсон. Монгол Улс гэдэг шинэ нэртэй болсон. Тэр үед хүмүүс үгүй бид БНМАУ-тай байна гээд байсан бол яаж ойлгогдох байсан бол, би сайн мэдэхгүй байна. Яг тэрэнтэй адилхан яваад өгсөн үйл явдалын дараа нэрийг нь ашиглах гэсэн оролдлого хол явахгүй байх. Энэ бол ард түмнийг доромжилсон, мулгуй, юмны наад цаадахыг ойлгодоггүй гэж доромжлол гэж харагдаж байгаа юм.

-Намын нэрийг Улсын Дээд шүүх бүртгэсний дараах танай намынхан их сандарсан гэж ажиглагчид үздэг?

-Манай намынхан ерөөсөө сандараагүй. Шүүхэд өгөх болсон шалтгаан нь энэ шийдвэр угаасаа хууль бус байсан. Тийм учраас шүүхэд гомдол гаргасан. Улсын Дээд шүүх хууль бус шийдвэр гаргасан талаар бид олон удаа тайлбарлаасан. Дээд шүүхэд давж заалдсан ч  шүүх өөрийнхөө шийдвэрийг зөв гэж үзсэн.

Бид нэгэнт шүүх ингэж үзэж байгаа бол шүүхийнхээ шийдвэрийг хүндэтгэхээс өөрцгүй шүү дээ. Энд ямар улс төрийн нөлөө орсныг би мэдэхгүй. Энд мэдээж аль ч утгаар нь харсан улс төрийн нөлөө орсон. Нөлөөлж чадах томоохон нөлөөлөл орсон нь ойлгомжтой.

Нэг зүйл тотодгож хэлэхэд биднийг аянаар явж байхад хөдөөгийхөн энэ МАХН манай нам, хуучин нам минь шүү гэж төөрч будилсан хүн нэг ч таараагүй.

-Танай намын даргаар ажиллаж байсан С.Баяр урд хөршид 10 хоног албан ажлаар ажилласан. Ямар ажлаар явсан юм бол?

-Би сайн мэдэхгүй. Мэдээнээс харсан УИХ-ын томилолтоор хятадад ажиллаж байгаа гэж ойлгосон. Би УИХ-ын гишүүдийн ажлыг сайн мэдэхгүй шүү дээ. Ер нь Баяр дарга ч гэлтгүй, УИХ-ын гишүүд бүгд л Хятад, Солонгос, АНУ гээд УИХ, Засгийн газрын томилолтоор ажилладаг юм билээ. Энэ дээр нэг их онцгойруулах хэрэггүй байх.

-УИХ, Орон нутгийн сонгуулийг хуулиар нэг өдөр явуулах ёстой байгаа. Гэтэл үүнийг танай намынхан өөрчлөх гэсэн санал гаргаж байгаа гэж сонслоо?

-Энэ асуудал хоёр талтай. Сонгууль нэг өдөр болвол УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялагдсан нэр дэвшигч дахиад орон нутгийн сонгуульд өрсөлдөж ялаад гарч ирэх үзэгдэл өмнөх сонгуулиудаар гардаг. Үүнийг нэг өдөр сонгууль явуулснаараа хаах бүрэн боломжтой болж байна. “Дархалсан хуц ухна шиг” үргэлж байж байдаг байж болох уу.

Гэтэл УИХ, Орон нутгийн сонгууль нэг өдөр болоход түүнд нэр дэвшиж байгаа олон мянган хүн, дэмжигчид гээд олон хүн сонгуулийн үйл ажиллагаанд оролцоно. Зарим нь сонгуулийн штабт орж ажиллана, нөгөө хэсэг нь мөнгөө тараана, хороо найруулна гээд бөөн юм болно шүү дээ. Гэтэл хэн нь сонгуулиа очиж өгөх болж байна. Үүнээс үзэхэд алийг нь зөв гэж хэлэхэд бас хэцүү асуудал байгаа юм.

-Одоо УИХ-ын гишүүдийн тоог нэмж 99 болгоё гэдэг саналыг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар гаргасан. Энэ тал дээр ямар саналтай байна. Тэгэх хэрэг байна уу?

-Энэ талаар нарийн хэлж мэдэхгүй байна. Ер нь 76 гэсэн тоо өөрөө хаанаас гарч ирсэн тоо юм мэдэхгүй. Тэгэхээр 99 болохоор яах гээд байгаа юм энэ талаар сурталчилах байх. Ер нь тоог нь ихэсгэснээрээ ямар шигтай юм, аль нь манай улсын нөхцөлд ашигтай зөв шийдэл юм гэдгийг гаргаж ирж байж  тоог нэмэх асуудал яригдах байх. Магадгүй тоог нь цөөлье гэсэн санал ч гарч магадгүй юм. Өөрчлөлт оруулснаар аль нь ашигтай бэ, гэдэг ээ бодох хэрэгтэй байх. Энэ нь зөв буруу гэж хэлэхэд надад мэдээлэл ч алга байна.

-Ирэх сонгуульд хэрхэн оролцох бэ, УИХ-ын сонгуульд өрсөлдөх үү?

-Ер нь нэгэнт улс төрд орсон  хүний хувьд бэлтгэлтэй байх ёстой байх. Гэхдээ одоо сонгуулийн хууль тодорхой бус шийдвэр гараагүй байна. Хэн хаана, аль тойрогт өрсөлдөнө гэсэн шийдвэр алга. Өрсөлдөх эсэхийг намын бага хурлаар л шийддэг учраас одоо ингэнэ тэгнэ гэж хэлэх эрт байна. Хүмүүс тэгж хэлдэг юм билээ “Нам надад итгэл хүлээлгэвэл өрсөлдөнө” гэж. Яг тийм л хариул өгөх байна. Нэгэнт улс төрд оролцож байгаагийн хувьд шийдвэр гаргах түвшинд очих хүртэлээ ажиллах хүсэл байна.

-Таныг Дундговиос өрсөлдөнө гэсэн таамаг дэвшүүлсэн байна лээ?

-Зарим нэг таамагууд явж л байдаг юм. Одоо нэр дэвшсэн юм байхгүй учраас хэлэхэд хэцүү.

-Нэр дэвшигчээс 50 сая төгрөгийн татаас авна гэдэг шийдвэрийг Ардчилсан нам гаргасан. Танай намд ийм  татаас бий юу?

-Манай удирдах зөвлөл дээр нэр дэвшигчээс мөнгө хураана, мөнгөтэй нь өрсөлдөнө гэсэн нэг ч яриа гараагүй. Юу гэж ярьдаг уу гэхээр, улс орныхоо төлөө ажиллаж чадах, намынхаа нэр хүндийг аваад явчих, боловсрол мэдлэгэтэй хүнийг нас хүйс харгалзалгүй сонгоно гэсэн үзэл баримтлалтай байгаа.

Харин тэр чадвартай хүмүүсээ мөнгө санхүүгээр  нам нь ч дэмжээд, нэр дэвшигч өөрөө зохих ёсны мөнгөө гаргаад явах ёстой. Би Ардчилсан намын 50 саяын асуудлыг буруу гэж бодож байгаа.  Энэ бол өөрсдийгөө худалдаж байгаа гэж үзэж байна. Ардчилсан нам энэ тогтолцоогоороо олон жил явж байгаа шүү дээ.

-Та бизнес эрхэлдэг бил үү?

-Би барилгын чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Мэргэжлийнхээ дагуу барилгын бизнес эрхэлдэг.

Т.Амар


URL:

Сэтгэгдэл бичих