Зоригт сайд золигт гарах нь
Журамт цэргийн дунд шударга үнэний төлөө явдаг, дуугардаг хүн бас байнаа. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр нийгэмд үгүйлэгдээд байсан хариуцлагын тогтолцоо, шударга үнэний төлөө дуугардаг хүн энэ парламентад, эрх баригч намынхны дотор бий гэдгийг нотлов. Нэг намын сайд, гишүүн гээд тэрбээр хууль бус, бусармаг үйлдлийг бусад шигээ хараад тэвчээд явсангүй. Үнэн мөнийг олохын тулд хууль бус үйлдлийг илчилж, төр улсынхаа төлөө гэсэн сэтгэл зүрхээр өнөөдөр Д.Зоригт сайдыг огцууруулах асуудлыг тавихаа илэрхийлэв. Хэрвээ энэ парламентад шударга үнэний төлөө явдаг, хууль бус үйлдлийг зүгээр хараад суудаггүй гишүүн байдаг бол түүнтэй нэгдэх байх.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдтай холбоотой сүүлийн үеийн энэ дуулиан бол парламентад сөрөг хүчин үгүй болж, хяналт гээч юм байхгүй болсны нэг жишээ. Мөн сөрөг хүчин байхгүй, бүх зүйл хяналтгүй болсон учраас найз нөхөд, фракц, бүлэглэлээрээ улсын хөрөнгийг хэрхэн идэж буйн ч илрэл юм. Энэ бүхнийг эсэргүүцэн тэдний эсрэг дуугарч, тэмцэж байна гэдэг зоригтойн шинж. Ард түмний төлөөлөл гэдгээ Ц.Батбаяр гишүүн үүгээрээ батлаж байна. Түмэн олон, төрийн эрх ашгийн төлөө гэж дуугарч буй түүнийг бид дэмжих учиртай. Өнөдөөр уушиггүй болж буй улаанбаатарчуудынхаа төлөө хэн дуугарч, түүнээсээ болж ад үзэгдэж байна. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр. Өмнө нь хот гэх их айлыг толгойлж явсан тэрбээр нийслэлчүүдийн зовлон бэрхшээлийг сайн мэднэ. Тиймдээ ч тодорхой асуудлыг шийдүүлэхээр зүтгэж буй.
Эрхэм гишүүн энэ Засгийн газрын нэг “толгой”-гүй сайдад хариуцлага тооцуулж огцруулна гэдэг нь зүйтэй юм. Түүний энэ үйлдлийн нэг сайн тал нь хариуцлага гэдэг зүйл эргэн сэргэж байгаад оршино. Гэхдээ шударга үнэний төлөө явахад олон саад, дарамт ирэх нь ойлгомжтой. Түүнд л шантарч болохгүй. Магадгүй өнөөдөр гэхэд л Ц.Батбаяр гишүүнийг нам болоод намын бүлгээс нь шахаж өгөх байсан өргөдлийг буцаалгахаар дарамталж болох юм. Д.Зоригтыг авч үлдэх гэж түүний хань хамсаатан болсон олигархиуд үхэн хатан зүтгэх нь лавтай. Энэ олон дарамт шахалтын үр дүнд өргөдлийг нь буцаалгаж магадгүй. Эсвэл намын бүлэг дээрээ саналаа багцлаад нэг сайдаа аваад үлдэж болох талтай. Д.Зоригт сайд өчигдөр л гэхэд Тэргүүн шадар сайдын өрөөнд хэдэн цагаар ярьж суусан. Магадгүй хамтрагч намынхаа даргаас дэмжлэгэ хүссэн биз.
Он гаргаад Д.Зоригт сайд өвчний учир гээд гадагшаа хэдэн сараар алга болж магадгүй. Араар нь манай хүний бие дийлэхгүй байгаа учир сайдаас нь чөлөөлж өгөөч хэмээх жүжиг тавигдаж болох. Сайдад ямар мөнгөгүй хүний зовлон байх биш. Австралид ч юм уу, эсвэл бүр нөгөө Фрийдландындаа очоод хэдэн сар хэвтчихнэ. Тэгээд л асуудал намжихаар хүрээд ирнэ. Иймэрхүү жүжиг тавигдаж болох л юм. Гэхдээ Ц.Батбаяр гишүүний энэ үйлдэл эцсийн дүндээ хариуцлагагүй нэг сайдыг огцруулж чадахгүй ч гэсэн алдаа дутагдлыг зүгээр хараад суух бус засч залруулах учиртай гэдгийг бусдад нь ойлгуулах буюу. Нам нь, хамтрагчид нь сайдаа хамгаалан огцруулахгүй ч гэсэн хариуцлагын тогтолцоо гэж байдаг юм, түүнийг ярьж болдог, шударга үнэний төлөө дуугардаг хүн байдаг гэдгийг энэ төрд мэдрүүлнэ.
С.Батболдын Засгийн газарт одоогоор нэг сайдаа алдах гээд айгаад санаа зовоод байгаа юм ажиглагдахгүй байна. Харин “Айвенхоу майнз” компанийнхан өөрийн төлөөний нэг хүнээ алдахаас айж буй нь үнэн. Монголын төрд тэдний төлөөлөл мэт ажиллах болсон Д.Зоригт мэтийн сайд байх хэрэгтэй гэж үү. Энэ сайд Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд уу, “Айвенхоу Майнз” компаний төлөөний хүн үү гэдгийг ялгахаа байсан шүү дээ, манай парламентынхан. Үүнийгээ ил далд хэлдэг ч Ц.Батбаяр гишүүн шиг дуугарч буй нь алга. Д.Зоригт сайдыг огцруулснаар Оюутолгойн төр дэх хүч суларч, тэдний нэг төлөөлөл үгүй болох юм. Юу хүссэнээ хийлгэж байх хүнгүй болно гэдэг тэдэнд гарзтай болох биз. Монголын газар нутгийг дураараа зарж болдоггүй гэдгийн илрэл үүгээр гарч буй. Үнэнийг хэлэхэд, Оюутолгой, Айвенхоу Майнз компанитай холбоотой асуудлыг Д.Зоригт сайд чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаануудад хэрхэн цээжээрээ хамгаалж, ангийн нөхдийнхөө өөдөөс хэрхэн том дуугарч байсан нь мартагдаагүй байна. Одоо ч гэсэн хэвээр. Салбарынхаа асуудлаар ч гэсэн бусадтайгаа яаж харьцаж байгаа билээ.
Өнөөдөр Д.Зоригт сайдын асуудал яригдаж байна. Маргааш С.Баярцогт, Л.Гансүх гээд асуудал нь босохоор хүлээгдэж буй сайдууд энэ Засагт нэлээдгүй байгаа.
Б.ДӨЛГӨӨН
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL:













