Японы эдийн засгийн тусгай бүсийн дуулиан
Японы ерөнхий сайд Шинзо Абэ 2014 онд байгуулсан хэд хэдэн “Эдийн засгийн тусгай бүс”-ээ “Хуулиар хамгаалсан ашиг сонирхлын аварга хадыг дэлбэ татах эргэлт болно” хэмээн амалж байв. Гэтэл гурван жилийн дараа уг эргэлт түүний Засгийн газрыг дэлбэ татах аюултай болж хувирлаа. Тусгай бүсийн нэгэнд ноён Абэгийн дотно андын нээх гэж буй Какэ Гакүэн мал эмнэлгийн шинэ сургуультай холбоотой маргаан ихэссээр.
Эдийн засгийн тусгай бүс нь явцуу ашиг сонирхолтой холбоотой бэрхшээлийг шийдвэрлэж байна уу, эсвэл тэс өөр утга учиртай явцуу ашиг сонирхолд үйлчлээд байна уу гэсэн асуулт ноён Абэгийн андуудтай холбогдон үүслээ.
“Анх тодорхой бүс нутагт гүнзгий нэвтэрсэн зарим тогтолцоог арилгах зорилгоор Эдийн засгийн тусгай бүс байгуулсан” хэмээн сөрөг Ардчилсан намын сүүдрийн Засгийн газрын захиргааны шинэчлэл эрхэлсэн сайд Масато Имай тайлбарлав.
“Какэ Гакүэний хувьд мал эмнэлгийн шинэ сургуулийн хэрэгцээ байсан учраас уг зохицуулалтыг авч хаях ёстой, эсэх нь анхандаа тодорхойгүй байлаа. Хоёрдугаарт, Ерөнхий сайд Абэтэй дотно хүний эрхэлдэг Какэ Гакүэнд ганцааранд нь ивээл үзүүлсэн нь сэжигтэй” хэмээн тэрбээр мэдэгдлээ.
Эдийн засгийн тусгай бүс нь нийт Япон даяар хүчин төгөлдөр үйлчилдэг зарим зохицуулалтад үл хамаарах боломжийг орон нутгийнханд олгодог. Шикокү арлын Имабари хотод байгуулсан тусгай бүс нь Японд мал эмнэлгийн сургуулийн тоог хязгаарласан зохицуулалтад хамаарах ёсгүй.
Чухам энэ нь эдийн засгийн тусгай бүсийн зорилго юм. Мал эмнэлгийн зарим сургуульд элсэх хүсэлтэй хүмүүсийн тоо хүчин чадлаас нь 30-40 дахин их байгаа ч Японы мал эмнэлгийн ухааны холбоо шинэ коллеж байгуулах бүхий л саналд татгалзсан хариу өгсөөр олон арван жил болжээ.
Гэтэл ноён Абэгийн Засгийн газар Ерөнхий сайдын дотно анд Коотаро Какэгийн мэдлийн Какэ Гакүэн сургуулийн харьяанд шинэ коллеж байгуулах шахалт үзүүлж буйг баталсан баримтаас үүдэлтэй шуугиан сүүлийн хэдэн долоо хоног үргэлжиллээ.
Уг дуулиант хэрэг нь ноён Абэгийн нэр хүндэд ноцтой цохилт болж, дэмжигч нар нь 50 хувь хүрэхгүй болтлоо цөөрөв. Шалтгаан нь зөвхөн дээрх хэргээр зогсохгүй. Тэрбээр Моритомо Гакүэн хэмээх өөр нэг сургуульд төрийн мэдлийн газрыг хямдаар зарсан хэрэг энэ оны эхээр дэгдээд намжсан.
Аль аль нь Ерөнхий сайдын найз нөхдөд илүү эрх мэдэл олгосон тул Японы Засгийн газарт танил тал харах явдал газар авчээ гэсэн хардлага төрүүлж байна. Моритомо Гакүэн, Какэ Гакүэний алинд ч онцгой эрх олгоогүй болохоо ноён Абэ мэдэгдсэн.
Эдийн засгийн тусгай бүсийг өмөөрөгчид дээрх хэрэг тогтсон тогтолцоонд сөрөг нөлөөлөх учиргүй хэмээн маргаж байна. “Япон улс мал эмнэлгийн шинэ сургууль байгуулалгүй 50 жил болсон юм шүү. Ийм юмыг улс төртэй хутгаж байгаа нь даан ч урамгүй” хэмээн Шёова эмэгтэйчүүдийн их сургуулийн эдийн засагч Наохиро Яширо тайлбарлав.
Тогтолцоо өөрчлөгдөж буй талаар ноён Яширо хэд хэдэн жишээ дурдаж байлаа. “Хөдөө аж ахуй хамгийн их өөрчлөгдөж байгаа болов уу” хэмээн өгүүлсэн тэрбээр Хиого мужийн Ябү эдийн засгийн тусгай бүсэд фермийн газар эзэмших компанийн хуучин журмыг зогсоосон талаар дурдсан юм.
Токио, Оосака орчмын тусгай бүсэд шилжин суугчдыг дэмжих зорилгоор цагаачлалын зарим зохицуулалтыг түр зогсоожээ. Галт тэрэгний Токио өртөө орчмын бүсэд үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч нар өндөр барилга байгуулахыг дэмждэг өгөөмөр журам урьдынхаасаа ч зөөлөрлөө.
Эдүгээ шийдвэрлэх ёстой чухал асуудал бол Эдийн засгийн тусгай бүсийн цар хэмжээг өргөжүүлэх явдал хэмээн дэмжигчид нь үзэж байна. “Хууль зүйн зохицуулалтыг өөрчлөн шинэчлэхэд Эдийн засгийн тусгай бүс ердөө ганц хэрэглүүр” хэмээн Васэдагийн бизнесийн сургуулийн санхүүгийн профессор, хэд хэдэн Засгийн газарт зөвлөх байсан Юүко Кавамото тайлбарлав. “Төслүүдийг нэг нэгээр нь авч үзвэл онцын нөлөөгүй мэт боловч нийтэд нь авч үзэх тохиолдолд том зөрүү гарна” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
Эдийн засгийн тусгай бүсүүд Какэ Гакүэн шиг байгууллагад өгөөжөө хайрлаад зогсохгүй. Ийм бүсийн утга учир нь “Тодорхой туршилт хийж, амжилттай болох тохиолдолд улс даяар нэвтрүүлэх явдал” хэмээн ноён Яширо үзэж байна.
Суларчихаад байгаа эдийн засгийн бүтцийн шинэчлэл, улс төрийн нэр хүндээ сэргээх гэвэл ноён Абэ одоогийнхоо хийж буйг үргэлжлүүлэх хэрэгтэй бололтой.
Робин Хардин
Засгийн газрын мэдээ
URL:













