Архи уух сайхан байна уу
-ГССҮТ-д гурван цагийн дотор архинаас үүдэлтэй осолдож гэмтсэн 100 орчим хүн ирж байна- Ойрын өдрүүдэд -30 градус хүртэл хүйтрэх тухай анхааруулгыг Ус цаг уур, орчин шинжилгээний төвөөс өгч байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн орчимд цас орсон учраас ойрноос сүрхий хүйтрэх төлөвтэй. Хальтиргаа гулгаа ч ихэсч, замын түгжрэл нэмэгдэв. Өнгөрсөн баасан гарагаас хойш авто ослын тоо өсч, ГССУГ-д хүргэгдэж ирсэн ослын 60 хувийг нь авто ослын дуудлага эзлэх болжээ. Манай сурвалжлах хэсэг даваагаас мягмар гарагт шилжих шөнө 23-аас 02 цаг хүртэл тус төвд саатлаа. Биднийг очих үед эмнэлгийн ажилчдын бололтой хэдэн машинаас өөр харагдах юм үгүй байв. Харин ГССҮГ-ийн хаалгаар ороход гаднах байдлаас тэс өөр байх аж.
Гэмтлийн эмнэлгийн үүдний хонгилд толгойгоо хагалуулсан нэг нөхөр цусаа тогтоох гэж сандарч, эмч сураглана. Харин түүний эхнэр нь бололтой 30 орчим насны эмэгтэй “Чи гэртээ байсан бол ингэж зодуулах уу. Архи байнга уухаар сайхан байна уу” гэж зандчина. Тэдний цаана 40 орчим насны эмэгтэй хүнээр түшүүлж өвдөг толгойгоо барин ёолно. Түүний хувцас нь урагдаж, шороо болсныг бодоход осолд орсон бололтой. Харин үүдний тэрүүхэнд нас ойролцоо гурван залуу бие биеэ тэврээд зогсч байх юм. Тэд гараа улаан будаг болгочихсон гэлтэй нил цусанд будагдсан байв. Хүний цуснаас наг тийм эвгүй нялуун үнэр үнэртдэг юм билээ. Гаднаас орж ирсэн болохоор тийм содон байсан байх. Тэд өөрсдийгөө ч сөхөөрөхөөргүй согтуу байх нь харамсалтай. Харин коридорын сандал дээр суух толгойгоо боолгочихсон эрэгтэй “Энэ одоо яачихсан юм бол” гэсэн маягтай хүн бүрийг сонжих аж.
Хүлээн авахын эмч нар саяхан ирсэн бололтой нэг өвчтөнг мэс засалд оруулах, дараагийн хүнийг толгойд нь оёдол тавих гээд түмэн ажилтай холхиж эхлэв. Бид ч бас нэг хэсэгтээ түүгээр холхилоо. Жижүүр эмчээр нь Н.Ганзориг гэдэг эмч гарч байгаа аж. Харин тэрбээр мэс засалд орсон байлаа. Ийн байх зуураа хүн бүрийг сонжин хүлээж суух нөгөө хүнтэй цөөн хором ярилцсан юм. Түүнийг З.Болд гэдэг бөгөөд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд оршин суудаг байна. Түүний өргөмөл дүү нь ажлынхантайгаа нийлээд архи уугаад, гэртээ ирэхгүй болохоор нь дүүгээ гэртээ очихыг шаардсан байна. Гэтэл түүнийг зодчихсон гэнэ. Тэрбээр “Миний баруун талын нүдийг ингээд таглачихсан. Цагдаад гомдолтой гэж хэлнэ. Сая эмчид үзүүлсэн юм” гэв. Тэрбээр 18 цагаас хойш ГССҮГ-д байсан байна. Тэр энэ тухай “Манай төрсөн дүү ирж авна гэсэн юм. Гэтэл одоо хүртэл байдаггүй. Ирж авахгүй бол эндээ байж байхаас. Одоо автобус зогсчихсон. Гэр рүүгээ явж чадахгүй нь” хэмээн санаа зовсон шинжгүй суух юм. Биднийг ингэж ярьж байх зуур хөл дээрээ босч чадахгүй болтлоо осгосон эмэгтэй хүргэгдэж ирлээ. Түүнийг хүлээж авсан сувилагч нь “Цээгий эгч ээ, дахиад хүн хүрээд ирлээ. Үүнийг аргалаарай” гэв. Гэтэл хүлээн авахын өрөөнөөс асрагч бололтой 40 гаруй насны эмэгтэй гарч ирэн “Би түрүүчийн хүнийг явуулаа биз дээ. Гэтэл дахиад намайг дуудаж байгаа нь яаж байгаа юм бэ” хэмээн уцаарлан нөгөө осгосон эмэгтэйг ойролцоох сандал дээр суулгалаа. Тэр бөмбөгнөн чичирч, цээж нь хэржигнэнэ. Харин нөгөө сувилагч “Өө энэ чинь өмдөндөө…” хэмээн бушуухан холдох аж. Сувилагчаас энэ хүмүүсийг хааш нь явуулдаг юм гэж лавлахад “Сайн дурын ТББ-ууд руу явуулдаг. Тэд хүлээж авахгүй бол эндээ аргална даа” гэв.
Тухайн эмэгтэйг амихандаа тэднээс өмөөрч суутал нөгөөх чинь эмнэлгийн коридорт бөөлжих нь тэр. Одоо түүнийг чирээд гаргах байх даа гэж бодож байтал тэгсэнгүй. Эмнэлгийнхэн харин ч ийм байдалд дасал болсон бололтой. Түүнийг займчуулж коридорын шалыг цэвэрлэнэ. Иймэрхүү дүр зурагтай тэнд хоёр цаг суув.
Эхлээд ирж байгаа дуудлагыг тэмдэглэж байсан бол сүүлдээ тоогоо алдлаа. Ямар нэгэн зүйл хүлээж байгаа юм шиг хэсэг азнаж байснаа осолдсон, гэмтсэн хүмүүс бөөн бөөнөөрөө орж ирэхийг яана. Н.Ганзориг эмчтэй тухтай уулзах гэсэн боловч тэр надтай ярих нь битгий хэл утсанд дуудлага ирэхэд авах ч завгүй ажиллах юм билээ. Төд удалгүй Баянзүрх дүүргийн нутаг Улиастай орчимд осолдож гэмтсэн иргэд хүргэгдэж ирлээ. Тэдний хоёр нь 16-18 насны залуус аж. Тэд согтуугаар жолоо барьж яваад явган зорчигч эмэгтэйг дайрч сүрхий гэмтээсэн бололтой. Хохирогч ямар ч ухаангүй эмнэлэгт ирсэн. Түүний ах дүүс бололтой хүмүүс нөгөө хоёр залуугаас машин хэн барьж явсныг шалахад “Би дөрвөн пиво уугаад тасарчихсан байсан. Тэгээд машин мөргөлдөхөд сэргэсэн. Такситай явж байснаа сүүлд мэдсэн. Бид ч гэсэн та нартай ижилхэн хохирогч” хэмээн гүрийнэ.
Харин тэдний үгэнд эгдүүцсэн 40 гаруй насны эмэгтэй ”Та хэд хэдэн өдрийн өмнөөс эхэлж архи уусан. Чи манай гудамжны адагт байдаг залуу мөн биз дээ. Ослын үед жолооны ард байсан өндөр залуу танай ах чинь мөн. Би та хэдийг сайн танина” хэмээн маргах аж. Харин нөгөө хоёр залуу юу ч болоогүй юм шиг гэмгүй царайлан “Би үнэнээ хэлж байна” хэмээн пээдэлзэнэ. Тэнд ирж байгаа ихэнх дуудлага архитай холбоотой. Н.Ганзориг эмч “19 цагаас хойш архинаас үүдэж осолдсон дуудлага тасрахгүй ирдэг. Харин cap бүрийн эхний өдрийг архигүй өдөр болгосноор нэг өдөр ч гэсэн амсхийх боломж олддог. Гэхдээ л архинаас үүдсэн осол тасардаггүй” гэж ярьж байсан. Шөнийн 02:00 цаг болоход тус төвд нийтдээ осолдож гэмтсэн 160 хүн иржээ. Эдгээр ослын 100 орчим нь тодорхой хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэснээс үүдсэн байх юм. Хэрэв манайхан архи уухаа больчихвол ГССҮТ-ийн ачаалал 80 хувь хөнгөрөх нь. Бид ер нь өөрийгөө ч, бусдыг зовоон ингэж уух нь ямар учиртай юм бол доо.
Д.Сүхбаатар
URL:













