Хакүхо Кайогийн дээд амжилттай эн зэрэгцэв
Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн энэ сарын 9-ний өдөр эхэлсэн. Энэ башёд дөрвөн аварга, гурван арслан барилдах болсон нь олны анхааралд өртөж байв. Гэвч башёгийн дундаас аварга Какүрюү М.Ананд, Кисэносато нар бэртлийн улмаас өнжсөн. Тиймээс их аварга Хакүхогийн ээлжит түрүү байхаас аргагүй гэсэн таамаг үлдээд байгаа юм.
Хамгийн чухал нь Хакүхо даваагаа ахиулж хамгийн олон ялалт авсан рекорд амжилт болох 1047 даваатайгаа озэки Кайогийн амжилтыг эвдэхээ амалсан. Тэгвэл тэрбээр Нагоя хотноо болж буй зуны тэмцээний 12 өдрийн барилдаанд буюу өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргилыг давж, Кайогийн амжилттай зэрэгцэж ирлээ. Өөрөөр хэлбэл тэрбээр 1047 дахь даваагаа авсан юм.
Хакүхо өчигдрийн барилдаанд Митакүмид унасан ч өнөөдрийн барилдаанд хийгүй сайхан барилдаж, хамгийн олон ялалт авсан рекорд амжилттай зэрэгцэж ирлээ. Одоо тэрбээр маргаашийн барилдаанд арслан Такаясүтэй барилдах бөгөөд түүнийг ялбал энэхүү рекордыг шинэчлэн тогтоох юм.
Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сүмод 20 орчим жил барилдаж, олон рекордыг тогтоосон бөгөөд тэрбээр дээд зиндаанд 36 удаа түрүүлсэн амжилтаар нэгд, ялагдалгүйгээр 11 түрүүлсэн амжилтаар мөн нэгд бичигддэг юм. Түүнчлэн долоон удаа дараалан түрүүлсэн амжилтыг Асашёорюү Д.Дагвадоржийн хамт эзэшдэг..
Долдугаар сарын тэмцээн эхлэхийн өмнө 39 дэх түрүү, 1047 ялалтаа авна гэсэн зорилготой байсан Хакүхо эхний зорилгоо биелүүллээ. Түүний араас Болгарын бөх Аояама ганцаараа 10 даваатай нэхэж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад Озэки Кайо 1988-2011 оны хооронд 1047 давааг авч хамгийн олон ялалт авсан дээд амжилтын эзэн болсон юм.
URL:













