Сонгуулийн хуулиар ”шоудах” дөхөв

Сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийнхэн Төрийн ордонд парламентад суудалгүй улстөрийн намууд болон иргэний хөдөлгөөнийхний төлөөлөлтэй   уулзаж хуулийн төсөлд оруулахаар хүргүүлсэн саналуудыг тойрч ярилцлаа. Уулзалтад УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Г.Батхүү, УИХ-ын гишүүн З.Энхболд, Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил, З.Алтай, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин, Ж.Сүхбаатар нар, парламентаас гадуурхи нам, иргэний хөдөлгөөнүүдээс МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог, МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл, Ардчилсан хөдөлгөөний намын дарга Б.Оюунаа, Улстөр, стратеги судлалын хүрээлэнгийн тэргүүн Л.Эрдэнэтуул, Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга, Үндэсний хас хөдөлгөөний тэргүүлэгч Б.Нанжид, Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн Л.Болд, Либерал намын Б.Эрдэнэчимэг нар оролцсон юм. УИХ-ын гишүүд хуулийн хүрээнд асуудлаа ярихыг хүсч, намуудын төлөөлөл улстөржсөн ярианд үе үе шилжиж байв. Эндээс нэг зүйл тодорхой ажиглагдсан. Иргэний хөдөлгөөнүүд, улстөрийн жижиг намууд төрийн ажлыг гацаах, хамтарсан Засгийн газарт гох дэгээ тавих, болж өгвөл парламентын ажиллагааг саатуулах зорилго агуулсан нь тодорхой байв. Бусдын хийсэн, санаачилсныг өөлж гоочилдог, өөрийн болгох гэдэг нь урд ургасан чихнээс хойно ургасан эврийн үлгэрийг санагдуулна.

Хаврын чуулган завсарлах үед сонгуулийн хуулиар хоёр намын бүлэг тохиролцоонд хүрч чадаагүй байсан. Энэ үед Монгол Ардын Нам сонгуулийн тогтолцоо ямар байхыг ард түмнээсээ асууя гэхэд АН-ынхан зөвшөөрөөгүй юм. Гэтэл Монгол Ардын Намын эл санаачлагыг Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн Л.Болд гэгч өөрийн болгочихсон маадгар ярьж, жишимгүй суух юм. “Сонгуулийн тогтолцоог ард түмнээс асуух хэрэгтэй хэмээн сүржигнээд түүнийг нь УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “санал нэг байна” гэж хөөрөгдөөд инээдэмтэй л дүр зураг харагдсан. Монгол Улсын баатар хүн ингэж дүрсгүйтэж байхад Монголоор овоглосон энгийн нэгэн хөдөлгөөний тэргүүн аргагүй ч юм уу. Өнөөдөр хэлснээ маргааш нь мартдаг уймраа зан жижиг нам, иргэний хөдөлгөөнийхөнд ханиад мэт тархсан байна. Ажлын хэсгийнхэн улстөрийн намуудын төлөөллүүдийг дуудан уулзаж сонгуулийн тогтолцоо хуулийн талаар санал хүсэлтийг нь хэд хэдэн удаа сонссон. Төрийн албанд байж үзээгүй, төр түшилцээгүй болоод тэр үү цаг хугацаа барихыг ядаж мэддэггүй гэлцдэг. УИХ-ын ажлын хэсгийнхэн цаг товлоод уулзахаар хүлээгээд байхад гунин тунисаар арайхийж ирнэ. Тэгснээ санаанд орсон зүйлээ шаардана. Ерөөсөө дарамт шахалт үзүүлээд

сурчихжээ. Үүнд улстөрчид ч буруутай. Хэлсэн бүхэнд нь “за” гэсээр давилуун болгосон. МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл “Сонгуулийг улс нэг тойрог болж 76 мандаттай явуулах шаардлагатай” гэж ярилаа. Ажлын хэсгийнхэнтэй уулзаад “холимог тогтолцоогоор сонгууль явуулахыг дэмжиж байна” гэсэн атлаа түүнийгээ хоёр жилийн өмнө ҮШН байхад л тэгж хэлсэн хэмээн УИХ-ын гишүүдийн урдаас улаан цайм мэлзэж суухыг нь харахаар өрөвдмөөр ч юм шиг. Хол¬имог тогтолцоог хоёр жилийн өмнө биш хэдхэн сарын урдаас ярилцаж тохиролцоонд хүрсэн. Сонгуулийн шүүх байгуулах юм гэнэ. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ард түмний шүүх байгуулж зарим хүнийг яллаж байсны жишиг бололтой. Сонгуулийн дараа нь цагдаагийн, уул уурхайнхны шүүх байгуулах нь. Монгол Улсын салбар бүхэн шүүхтэй болох бололтой. Бас болоогүй Сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн хэсгүүдэд улстөрийн бүх нам, иргэний хөдөлгөөнийхнөөс төлөөлөл оруулах учиртай гэнэ. Төрийн байгууллагад гудамжны тэмцэгчдийг бөөндөн шахаж ажилтай болгох гэсэн санаа. Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх шалтгаан мундаагүй байлтай.

Арай л хэтрээд байна. Хуулийн төсөлд долоо хоногийн лхагва гаригт сонгууль явуулахаар оруулсныг ням гаригт болго. Монгол Ардын Нам, Ардчилсан нам санал луйвардах гэж заавал ажлын өдөр сонголоо ч гэх шиг. Өөрөө ажил хийх дургүй, өрөөлийн хийснийг шүүмжилдэг хүн байдаг. Иргэний хөдөлгөөнийхөн, парламентын гадуурх намууд яг ийм дүр төрхтэй болоод удлаа. Засгийн газрын сайд нар, УИХ-ын гишүүдийг сонгууль зарласнаас хойш албан тушаалаасаа түдгэлзээд сонгуульд оролцох ёстой гэнэ. Тэгэхгүй бол тэдний тойрогтоо сонгогчдынхоо төлөө хийсэн ажлын нэр сүрд дарагдаад жижиг нам, иргэний хөдөлгөөнийхөн парламентад суудалтай болж чадахгүй байгаа юм байх. Үндсэн хууль, УИХ-ын тухай хуультай зөрчилдөнө. Төрийн түшээд ийм хариулт өгөхөөр “Өө тэгвэл, жижиг нам, иргэний хөдөлгөөнөөс нэр дэвшигчдийн сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэгүй нэвтрүүл хэмээн шинэ “болзол” тулгах юм.

Албан тушаал, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй болчихжээ, иргэний хөдөлгөөн, парламентаас гадуурхи намууд. Ингэхдээ дандаа ард түмний нэрийг барина. Төр нь хүртэл ард түмний нэрийг баригчдын өмнө бөхөлзөж байна. 2012 оны УИХ-ын сонгуулийг сэрүүн зүүдлэгсэд улам олширно. Тэдний гол дүрд жижиг намууд, иргэний хөдөлгөөнийхөн тоглох нь тодорхой болов. Наана нь шантаажилж байгаад өөрсдөдөө ашигтай ганц хоёр заалт ч болов Сонгуулийн тухай хуульд шургуулах санаатай бололтой. Ийнхүү иргэний хөдөлгөөн, парламентаас гадуурх намууд сонгуулийн хуулиар “шоудах” дөхөв.

Д.Дорж


URL:

Сэтгэгдэл бичих