Зөрчил гаргасан жолоочийн торгуулийн хуудсыг гэрт нь хүргэж өгдөг болно

Замын хөдөлгөөний удирдлагын төв өчигдөр нээлттэй ажиллалаа. Энэ төв нийслэлийн гол замуудыг камераар хянадаг билээ. Сэтгүүлчдийг очиход цагдаа нар дэлгэцэн дээрх шууд бичлэгээр ямар таэврийн хэрэгсэл аль зам дээр дүрэм зөрчиж байгааг  хянан бүртгэл хийгээд сууж байлаа. 11.00 цагийн байдлаад хяналтын дэлгэцэн дээрээс Энхтайваны өргөн чөлөө, Замын цагдаагийн уулзвар, Их тойруугийн зам, Сансарын тунелээс 13 дугаар хороолол хүртэлх зам хамгийн их ачаалалтай харагдаж байв. Цас орж, замын халтиргаа их байгаа учраас автомашинуудын хөдөлгөөн удаашралтай байсан юм. Гэхдээ бөглөрөөд таг зогссон зам байхгүй байв. Харин зуун айлын уулзвар дээр хоёр суудлын машин шүргэлцэж, цагдаа нар хэмжилт хийж байгааг харууллаа. Үүнээс болоод Зуун айлын барилгын материалын дэлгүүр рүү өгсдөг зам нэлээд түгжрэлтэй байсан юм. Хөдөлгөөн удаашралтай, халтиргаа ихтэй байгаа ийм үед осол аваар гарвал таг бөглөрдөг учраас жолооч нар эгээ байраа зөв сонгон дүрмээ баримтлан явахыг анхааруулж байв. Нөгөө талаар  замын хөдөлгөөний зөрчил гаргасан бүх тээврийн хэрэгслийн үйлдэл эндээс тод харагдаж байдаг юм байна. Ноцтой алдаа гаргасан жолоочийн мэдээллийг зам дээр зохицуулалт хийж байгаа цагдаа нарт станцаар хэлж, торгууль оногдуулдаг байна. Одоо төв үйл ажиллагаагаа өргөжүүлж, улам боловсронгуй болгох гэж байгаа гэнэ. Тодруулбал, дүрэм зөрчсөн жолоочийн үйлдлийг фото зургаар хэвлэж гаргаад торгуулийн хуудсыг нь хавсарган гэрийн хаягаар нь хүргүүлж байх гэнэ. Ингэж ажилласнаар дүрэм зөрчсөн жолооч нар торгуулиас зугтаж чадахгүй гэдгийг албаныхан онцолж байв.

Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожоос тодрууллаа.

-Хяналтын камераар харж байхад өдөрт дунджаар хичнээн зөрчил гарч байна вэ?

-Өнгөрсөн есдүгээр сараас хойш хурд хэтрүүлсэн, гэрлэн дохио зөрчсөн 445 мянган зөрчил гарсныг камераар илрүүлээд байна. Өдөрт мянган зөрчил гарч байсан гэсэн үг. Энэ зөрчлийг багасгаж чадвал тэр хэмжээгээр жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож байна гэсэн үг. Тэр хэмжээгээр бөглөрөл, аваар ослын тоо бага байж чадна. Одоо энэ зөрчлүүдэд 100 хувь хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Торгуулийн арга хэмжээг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна. Эдгээр бүх зөрчлийг фото зургаар хэвлэж гаргаад жолооч нарын гэрт нь юм уу, замын хөдөлгөөнд оролцож байх үед нь зогсоогоод өгөх болно. Та ийм зөрчил гаргасан байна гэдгийг он сар, цагтай нь зургаар үзүүлээд торгуулийн арга хэмжээ авна. Хэрвээ торгуулиа төлөхгүй байвал дараагийн арга хэмжээг авах юм. Ийм маягаар ажиллахаар төлөвлөж байна. Гадаадын бусад оронд ч гэсэн ийм маягаар ажилладаг. Зөрчил гаргасан жолоочийн торгууль гэрт нь хүрээд ирдэг. Хөдөлшгүй баримттай учраас торгуулиа төлөхөөс өөр арга байхгүй шүү дээ. Тиймээс манайх ч гэсэн жолооч бүрт гэрийн хаягаар нь торгуулийн хуудас хүргэж өгдөг механизм руу шилжихээр ажиллаж байна.

-Торгуулийн хэмжээ нэмэгдэх асуудал яригдаж байгаа юм уу?

-Замын хөдөлгөөний торгуулийн хэмжээ нэмэгдэх тухай хууль УИХ дээр яригдаж байна. Одоогоор батлагдаагүй байна л даа. Яагаад гэвэл одоогийн торгуулийн хэмжээ хангалттай хэмжээнд байж чадахгүй байгаагаас зөрчил буурахгүй байна гэж үзэж байгаа юм. Өдөрт нэг жолооч хэдэн ч удаа таван мянган төгрөгөөр торгуулсан ч тоохгүй дүрэм зөрчөөд л яваад байна шүү дээ. Тиймээс торгуулийн хэмжээг нэмэх шинэ хууль явж байгаа. Одоогоор батлагдаагүй учраас торгуулийн хэмжээ төд хүрнэ гээд хэлээд яахав. Нэг торгуулбал ахиж торгуулахыг хүсэхгүй болтол нь нэмэх санал явж байгаа.

-Өдөрт аль замын хамгийн их ачаалалтай байдаг юм бэ. Нийслэлийн замын хөдөлгөөнд өдөрт хичнээн машин оролцож байна?

-Хан-Уул дүүрэг сүүлийн үед маш их барилгажиж байна. Орон сууцууд баригдаж, хүн ам ихээр суурьших болсон. Гэтэл дэд бүтэц, замын асуудал нь шийдэгдээгүй байгаа. Тиймээс Энхтайваны гүүр, Замын цагдаагийн уулзвар гээд хотын урд хэсгийн зам өдөржин, байнгын ачаалалтай, түгжрэлтэй байдаг. Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу Баянхошуу, нэгдүгээр хорооллоос хотын төв рүү орж ирж байгаа урсгал бас ачаалалтай байдаг. Мөн хувьсгалчдын өргөн чөлөө буюу Баянхошууны арын зам нэлээд ачаалал өндөртэй байдаг. Улаанбаатар хотын ачааллыг судлаад үзэхэд, өглөө хот руу орж ирж байгаа хөдөлгөөн их, орой хотоос гарч байгаа хөдөлгөөн их байдаг. Ер нь хотын төвийн ихэнх зам байнгын хөдөлгөөний ачаалалтай байдаг даа. Өдөрт 200 мянга гаруй тээврийн хэрэгсэл нийслэлийн замын хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа байна.

-Хичнээн камер хотын замын хөдөлгөөнийг хянаж байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд манай мэдлийн 100 камер байдаг. Төв дээрээс шууд дүрсээр нь хянадаг 27 камер байгаа. Үлдсэн нь хөдөлгөөний хурд, ачааллыг харуулдаг, тээврийн хэрэгслийг тоолдог камерууд байна. Зөрчил гаргасан, хурд хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг бүртгэж авдаг камерууд ч байдаг. Автомашинуудыг эрэн сурвалжлахад зориулсан бүх машиныг 24 цагийн турш бүртгэдэг камерууд ч бий. Цаашдаа хотын төв хэсгээс гадна захын хороолол, товчоон дээр, нисэх онгоц руу явдаг хурдны зам дээр хүртал камер суурилуулах шаардлагатай байна.

-Автомашины дугаарын давхцлыг арилгах ажил өрнөж байгаа гэсэн үү?

-Саяхан аравдугаар сарын 28-нд нийслэлийн Засаг дарга, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаал гарсан. Автомашины дугаарын давхардлыг арилгах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Манайд автомашины дугаарын давхцал асар их байдаг. Иргэн хүний регистрийн дугаар давхцахаар ямар сайн байх билээ дээ. Үүнтэй адил юм. Гадаад орнуудад дугаарын давхцал гэж байдаггүй. Дугаарын давхцлаас болоод гэмт хэрэг, зөрчил гаргасан машиныг илрүүлэхэд хүндрэл гарах, жолооч нар автомашины татвараас зугтах гэх мэт олон сөрөг байдал үүсч байна. Цагдаа, хуулийн байгууллага дээр ижил дугаартай жолооч нар дуудагдаж цаг хугацаа алдаж, буруугүй байтлаа хариуцлага хүлээх тохиолдол ч гарах магадлалтай байна. Тиймээс энэ асуудлыг цэгцэлж эхлээд байна. Гэхдээ иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр зохицуулж байна. Хоёр ижил дугаартай тээврийн хэрэгслийн жолооч байлаа гэхэд, нэг нь 1999 онд дугаараа авсан, нөгөөх нь 2000 онд дугаараа авсан бол эхний жил дугаар авсан жолооч машиныхаа дугаараа хадгалж үлдэнэ. Дараа онд нь дугаараа авсан жолооч Автотээврийн газраас шинэ дугаар сонгоод үнэгүй авах боломж олгож байна. Гурав, дөрвөн машины дугаар давхцсан тохиолдол ч байгаа. Одоогоор 910 гаруй машины дугаар давхцсан байсныг илрүүлж, давхцлыг нь арилгуулаад байна. Энэ ажил дугаарын давхцал байхгүй болтол үргэлжлэх юм.

Х.ЦЭНД-АЮУШ


URL:

Сэтгэгдэл бичих