АНУ-ЫН УЛСЫН ӨР 15 ТРИЛЛИОН ДОЛЛАРООС ДАВЖЭЭ

ВАШИНГТОН./ИТАР-ТАСС/. АНУ-ын улсын өр 15 их наяд /триллион/ доллароос давж, дахин дээд үзүүлэлтэд хүрсэн тухай тус улсын Сангийн яам мэдээлжээ.
Одоогийн байдлаар Америкийн улсын өр 15 триллион 33 тэрбум 607 сая доллароор хэмжигдэж байна. Он дуусахад ердөө бүтэн хагас сар үлдээд байгаа энэ үед өрийн нийт дүн АНУ-ын Засгийн газрын төлөвлөж байсан хэмжээний 99 хувьд хүрээд байгааг Америкийн шинжээчид тэмдэглээд «энэ нь үндэсний эдийн засаг нэлээд ноцтойгоор суларч байгаагийн шинж тэмдэг» гэж үзэж байна. Одоогоор АНУ-ын улсын өрийн дээд хязгаарыг 15 их наяд194 тэрбум доллар гэж албан ёсоор тогтоогоод байна.
Түүний сацуу олон улсын чансааны «Фитч» агентлаг «Европын өрийн хямрал даамжирсан тохиолдолд АНУ-ын тэргүүлэх банкуудын зээлийн чансааг одоогийн «тогтвортой» гэсэн зэрэглэлээс бууруулах талаар хянан хэлэлцэхээ» мэдэгджээ.
Д.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих