Дуучин Тэнгэрийг хорьж шалгаж, дуулах эрхийг нь хассан уу?
Өмнөд Монголын Ордос нутгийн алдарт дуучин Сайнбаярын Тэмцэлт “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож, үнэнийг илэн далангүй өгүүлж, монгол хүний сайн сайхны төлөө тэмцнэ гэсний төлөө шоронд хоригдон, шалгагдаж байцаагдсан бөгөөд, гарч ирээд ажлаасаа халагдлаа, дуулах эрхээ хасууллаа, эхнэр, хүүхдийнх нь ирээдүйд ч энэ бүхэн нь сөргөөр нөлөөлөх бололтой гэсэн мэдээлэл түгж байна.
Түүний эрхийг хязгаарлаж, Өвөр Монголын өөртөө засах орны 70 жилийн ойд гэнэтийн бэлэг барьсан. Өмнөд монголчууд хайртай дуучнаа ойн баяр наадмын үеэр ямар уран бүтээл толилуулах бол гэж тэсэн ядан хүлээж байсан. Дуучин Тэнгэр ч монгол хүнийг магтан дуулахаар бэлтгэл сургуулиа хийсэн байжээ. Гэтэл түүнийг баяр наадмаар олон түмний өмнө ямар нэг байдлаар гарахыг хоригложээ. Дуулахаа хориулсан уран бүтээлчийг дагаж мөрдөн, хоригоо биелүүлж буй эсэхийг хянажээ.
Японы Шизуока их сургуулийн багш Огоонус Цогт буюу Акира Оно: “Тэнгэр гэрийн хорионд орсон нь үнэн. Яагаад гэвэл Монголын “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцоод баяртайгаар гэртээ очоод их олон юм ярьсан. Энэ нь нэг шалтгаан. Дараагийн шалтгаан нь Тэнгэрийн хорь гаруй жил дуулсан дууны шүлэг нь үндэсний үзэлтэй. Тал нутаг, мал сүргээ магтан дуулдаг. Гэхдээ улс төр бол байхгүй дуунууд. Одоо өвөр монголчууд мал сүрэггүй, нутаггүй, нутагт нь хятад хүн суусан. Одоо Тэнгэр урьдын дуунуудаа дуулаад явбал өвөр монголчуудын үндэсний үзэл сэргэнэ гэж хардсан” гэж “Өдрийн сонин”-д ярьжээ.
Тэрбээр 1960 онд Өвөр Монголын Ордосын Отог хошуунд малчин Сайнбаярын гэр бүлд төрсөн. Бүх Хятадын Хөдөлмөрийн жишээч, мөн Бүх Хятадын тавдугаар сарын 1-ний хөдөлмөрийн шагнал авсан. Хятадад гурван том дуучин тодруулж, “Дундад улсын гурван том морин тэрэг” шагналыг хүртээхэд дуучин Тэнгэр, хоёр хятад хүн шалгарчээ. 2005 онд Бүх Хятадын 10 том дуучныг жагсаахад бас багтжээ. Бас наян хэдэн онд Бүх Хятадын дөрвөн рок дуучны нэг болж байв. Бас төвийн телевизэд хамгийн урт үстэй, сахалтай нэгдүгээр хүн болсон аж. Тухайн үедээ төвийн телевизээр түүнээс өөр сахалтай хүн дуулдаггүй байлаа.
Бүх Хятадын Үндэстний дуу бүжгийн төв чуулганы дэд захирлын албыг 2009 оны наймдугаар сараас хашиж байлаа. Хан үндэстнээс бусад 55 үндэстний 500 гаруй уран бүтээлч энэ чуулгад ажилладаг.
Эх сурвалж: http://southmongolia.org
URL:





