Цас орон лавсах нь сайхан… Даанч
Нийслэл хот цагаан өмсгөлөө өмсөөд ойрын хэд хоног сайхан харагдаж байна.
Өглөө босоход цас орсон байх сайхан
Өрхний оосор даялахад тооноор цас унах сайхан
Гадаа уул толгод гялбалзах нь сайхан
Ганц нэг өвс салхинд сэвэгнэх нь сайхан
Тооноор цас будран орох нь сайхан
Тогооны таган дээр унаад хайлах нь сайхан
Гэрийн хойморт аав суух сайхан
Гэрэлтэй үүдээр ээж орж ирэх сайхан…
Цас орон орон лавсах нь сайхан
Цаг эргэж ирэх сайхан
Царайлагхан чамайгаа, намайг тоогоогүйг тоосоон гэж бодох сайхан
Цаг гэрт цохисоор байх нь сайхан…гэж нэрт яруу найрагч Д.Нямсүрэн шүлэглэсэн байдаг. Уг нь ч цас орох сайхан л даа. Даанч манайд цас орохоор нэг асуудал тулгардаг шүү дээ. Өвөл болдгоороо болж цас унадгаараа унах нь хорвоогийн жам. Харин манайхан үүнийг мартчихдаг гэмтэй. Зам дээр асгадаг давс, цас хайлуулдаг бодис энэ тэрээ нөөцлөө болов уу яагаа бол.Ямар ч байсан саяхны орсон цасны дараа хотын гудамжаар нуруу тэнэгэр явахын арга алга. Хотоор дүүрэн л бээцийсэн алхаагаар алхсан хүмүүс. Ядаж байхнаа өнгөт хавтангаар бүрсэн замаар явахад бүр осолтой. Өнгө үзэмж сайхантай ч өвлийн улиралд манайх шиг оронд зохимжгүй эд бололтой. Яг л мөсөн гулгуур болсон байна лээ. Орчныхоо цасыг цэвэрлэх үүрэг байгууллага бүхэнд байдаг ч хэрэгжүүлдэг газар хянаж шалгадаг албан тушаалтан алга. Гадаад оронд бол, гадаа нь унаад бэртвэл эмчилгээний зардлаа тухайн байгууллагаар төлүүлдэг юм билээ.
П.АНИР
URL:













