“Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдлаа

13087

Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын нэг үндсэн зорилтод “Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих хөгжлийн санхүүжилтийн болон санхүүгийн зах зээлийн зохистой тогтолцоог хөгжүүлнэ. Санхүүгийн зах зээлд банкны бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, арилжааны банк, хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлийн эзлэх хувийг зохистой түвшинд хүргэнэ.“ гэж тодорхойлж заасан байдаг.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас  “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2017  оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлаад байна. Хөтөлбөрийн зорилго нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, банкнаас бусад санхүүгийн дэд салбар, тэдгээрийн  үйл ажиллагааг зохистой түвшинд эн тэнцвэртэйгээр  хөгжүүлэх, тэдгээрийн зохицуулалт, хяналтын бүтцийг сайжруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг урамшуулах, урт хугацааны санхүүгийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, санхүүгийн байгууллагуудын удирдлагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн салбарт авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлогын арга хэмжээг дунд болон урт хугацааны гэж хуваан хүрэх үр дүнтэй нь уялдуулан ангилж тодорхойлсон. Хөтөлбөрийг 2018-2025 онуудад хэрэгжүүлэх болно.

Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг  боловсруулахдаа санхүүгийн салбарын бүтцийг банкны салбар, даатгалын зах зээл, хөрөнгийн зах зээл, бичил санхүү, зах зээлийн дэд бүтэц, олон нийтийн санхүүгийн боловсрол, санхүүгийн хүртээмж, хадгаламжийн даатгал, санхүүгийн салбарын сайн засаглал зэрэг хэсгүүдэд хуваан ангилан авч үзэн эхний ээлжинд олон улсын сайн туршлагыг судалж, олон улсад мөрдөгддөг банк, санхүүгийн салбарын нийтлэг зарчим, стандартууд нь манай улсын санхүүгийн салбарт хэрхэн мөрдөгдөн хэрэгжиж байгаа талаарх үнэлгээ хийсэн. Ингэхдээ ОУВС, Дэлхийн банкнаас улс орнуудын санхүүгийн салбарт үнэлгээ өгөхдөө баримталдаг FSAP (Financial sector assessment program)-тай нийцтэй стандарт зарчмуудыг баримталжээ.


URL:

Сэтгэгдэл бичих