Ц.Цогзолмаа сайд аа, та багшийн цалингаар ганцхан сар амьдраад үзээч
Энэ намар анхаарал татсан олон ч үйл явдал болж өнгөрлөө. Гэхдээ яг өнгөрсөн гэхэд хэцүү. Учир нь эдгээр асуудлын дийлэнх өнөөг хүртэл шийдлээ олоогүй байгаа. Тухайлбал, багш нарын ажил хаялт. Статистикийн Ерөнхий газар, ХНХЯ зэрэг холбогдох байгууллагаас монголчуудын дундаж цалинг 800 мянган төгрөгөөр тогтоосон. Гэтэл энэ тоо баримт бодит байдлаас хол дөрүүтэй байгааг олон талаар илчилж болно.
Үүний нэг нь багш, эмч нарын цалин. Өнөөдөр 40 гаруй мянган багш боловсролын салбарт ажиллаж байна. Эдэн дунд дөнгөж сургуулиа төгссөн шинэхэн багш ч бий, 30 жил энэ салбарт үнэнч зүтгэсэн хашир туршлагатай багш ч бий. Гэхдээ цалингийн хувьд ялгаа бараг үгүй. Ажил хаялт зарласан багш нарыг төлөөлж буй хүмүүсийн мэдэгдэж буйгаар тэдний дундаж цалин 450-700 мянган төгрөгийн хооронд байх аж. Эндээс зохих татвар, шимтгэлийг суутгуулаад гар дээрээ 364-567 мянган төгрөг авдаг байх нь. Тэгвэл өнөөгийн өндөр инфляци, үнийн хэт хөөрөгдөл, улстөрөөс шалтгаалсан эдийн засгийн хямралын үед энэ мөнгөөр ганц хүн байлаа ч бүтэн сарын турш амьдрах арга байхгүй.
Тийм байхад л төр засгаас ажил хаялтад оролцсон багш нарыг хавчиж, дарамтлах, улмаар ажлаас нь халахаар сүрдүүлэх зэрэг олон төрлийн шахалт үзүүлж байгаа нь нууц биш. Ялангуяа боловсролын салбарын үндсэн менежментийг хийхээр “давхар дээл” өмссөн сайд Ц.Цогзолмаа албан ажлаа авснаасаа хойш багш нартай холбоотой таагүй мэдэгдэл хийсээр өнөөг хүрлээ.
Тэрбээр энэ сарын 13-нд л гэхэд Нэг удаагийн 516 мянган төгрөгийн урамшуулал, нэмэгдлийг “голсон”, ажил хаясан багш нарт хатуухан сануулга өгч “Багш нар нэмэгдэл урамшуулал олгож гэж байхад ажил хаяж байна. Багш мэргэжилтэй ажил олдохгүй олон хүн байгаа шүү” гэж занах маягтай хэлсэн. Тэр ч бүү хэл, ажил хаясан багш нарыг ардаа захиалгатай, нийгмийг зориудаар цалин нэмүүлэх шаардлагад турхирч байна гэх ухааны юм ч ярьсан. Гэхдээ түүний хэлсэн үгсээс “Мөнгө өгнө гээд байхад ажил хаяна гээд байгааг би ер ойлгохгүй байна” гэсэн нь харин ч туйлын ойлгомжгүй санагдсаныг нуух юун.
Яг үнэндээ Засгийн газарт нөөц бололцоо бий. Тийм байхад ганц удаагийн 562 мянган төгрөгөөр багш нарыг хуурсан болоод орхихыг санаархаж байгаа нь гал намжаах гэсэн өчүүхэн аргаас цаашгүй. Хэрвээ Ц.Цогзолмаа хатагтайг нэг сард багш нарын цалингийн хамгийн бага хэмжээгээр биш ядахдаа хамгийн дээд хэмжээгээр нь амьдар гэвэл үнэндээ долоо ч хонож чадахгүй гэхэд буруудахгүй болов уу. Багш хүн гэхээр ганцхан амь биш. Ардаа гэр бүл, үр хүүхэд, санаа тавьж шийдвэрлэх олон асуудалтай.
Тэгээд ч өнөөдөр Монголд хоёр багшийн ажлыг ганц багш хийж, дээр нь ганц багшийн хагас сарын цалинг бүтэн сард авч байгаа нь үнэн. Гэхдээ салбарын сайд нь багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдэж болох гарцыг хайхын оронд байн дахин дарамтлах мэдэгдэл хийсээр байгаа тул хаданд хашхирсантай л адил үр дүнтэй хоцрох бололтой.
Erennews.mn
URL:













