Монгол залууг буудсан америк эрд 31 жил хорих ял оноолоо

АНУ-д цагаачилсан монгол залууг буудаж хүнд гэмтээсэн этгээдэд 31 жилийн хорих ял оноосон байна. Тодруулбал, АНУ-ын Калифорни мужийн Конкорд хотын шүүх өнгөрсөн баасан гаригт Питсбург хотын иргэн Весераг шүүж, ял оноожээ. Тэрбээр одоогоос гурван жилийн өмнө С.Баяр гэдэг монгол хүнийг дээрэмдэж, улмаар буудсан аж. Шүүх хурлын дараа “Contra costa times” сонинд нийтэлсэн байна. Болсон явдлын талаар тоймлон хүргэе.

Монгол Улсын иргэн Сувдаа овогтой Баяр эхнэр хүүхэдтэйгээ АНУ-д очиж ажиллаж, амьдрах хүсэлтэй байжээ. Тэд хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд АНУ руу явахаар хөөцөлдөж эхэлжээ. Улмаар АНУ-д амьдрах урт хугацааны визтэй болж 2004 онд эх орноо орхисон аж. Гэр бүлийн гурав АНУ-д цагаачилж, С.Баяраа пицца хүргэгчээр ажиллах болжээ. Эхнэр нь ч ресторанд ажиллаж эхэлжээ. Ийн тус тусынхаа ажлыг хийж байтал 2008 оны хоёрдугаар сарын 11 -нд “Clayton Road”  зочид буудалд пицца хүргэх захиалга иржээ. С.Баяр захиалгын дагуу гурван пицца, тахианы нэг далавч хүргэж өгтөл Весера төлбөрийг нь өгөлгүй зугтжээ. С.Баяр араас нь хөөж, ноцолдож байтал Весера гэдсэнд нь буудаад зугтсан аж. Цагдаа нар хохирогчийг олж, эмнэлэгт хүргэсэн байна. Хэргийн газрын ойролцоо байсан бүх иргэд сайн дураараа гэрчийн мэдүүлэг өгснийг хуулийнхан онцолжээ. Гэрчүүдийн мэдүүлгийн хүчээр сэжигтэнг тав хоногийн дараа цагдаа нар баривчилсан байна. С.Баяр хоёр сар гаруй ухаангүй хэвтсэн аж. Тэрбээр ухаан орсны дараа хохирогчийн мэдүүлэг өгсөн байна. Мөн хохирогчийг эмнэлэгт ухаангүй байх хооронд тулгар биетэй байсан эхнэр нь хоёр дахь хүүгээ төрүүлсэн гэдэг. С.Баяр ухаан ороод Кевин гэдэг хүүтэй болсноо мэдсэнээ шүүх хурлын явцад ярьжээ. Нөхөр нь үнэтэй эмчилгээ хийлгэж, эхнэр нь нялх биетэй байхад С.Баярын гэр бүлд Америк дахь монголчуудын “Bey Apea” нийгэмлэгийнхэн тусалж байсан гэнэ. Мөн эмнэлгийнхэн ч монгол гэр бүлд чамгүй тусалж байсанд талархаж байгаагаа хохирогчийн гэргий шүүх хурлын үеэр илэрхийлжээ. С.Баяр олон удаа мэс засал хийлгэж, сүүлийн гурван жил эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд эхнэр нь ресторанд ажилласан хэвээр байгаа аж.

Шүүхээс ажлаа хийж явсан хүнийг дээрэмдэж, хүнд гэмтээсэн гэх үндэслэлээр Весерад 31 жил хорих ял оноожээ. Весера гэгч нь коллежид сурдаг байжээ. Түүний ээж хараагүй нэгэн гэнэ. Гэмт этгээд 20 ам.долларын үнэтэй пицца, тахианы далавч дээрэмдэхийн тулд бусдыг хүнд гэмтээсэндээ харамсч байгаагаа хэлжээ. Тэрбээр “С.Баярыг буудаж, гэр бүлд нь хүнд хохирол учруулсандаа гэмшиж байна. Би коллежид сурдаг. Цаашид шоронд докторын зэрэг хамгаална гэдэгтээ итгэлтэй байна. Улмаар сэтгэл судлалын чиглэлээр ном бичнэ. Номондоо хохирогч Баярын талаар өгүүлэх болно” гэжээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих