Төрөө дээдэлдэггүй бөхчүүдэд төр нь цол өгдгөө болимоор юм

Хэдхэн хоногийн өмнө Монгол бөхийн өргөөнд болсон Улс тунхагласны ойн барилдааныг бөхчүүд тоосонгүй. Уг нь энэ барилдаан анхдугаар Үндсэн хуулийг баталж Бүгд Найрамдах Монгол ард Улсыг тунхагласны 87 жилийн ойн баярт зориулсан төрийн ёслол хүндэтгэлийн барилдаан байсан юм. Гэтэл бөхчүүд том, жижиггүй бүгд эл барилдааныг алгасчихлаа. Бай шагнал нь бага болохоор бөхчүүд барилдахаас цааргалжээ. Тэгсэн хэрнээ хэд хоногийн дараа болох “Бридж” группийн нэрэмжит барилдаанд аваргаасаа эхлүүлээд бүгдээрээ “Барилдана” гээд нэрээ өгчихсөн байна. Яагаад гэвэл энэ барилдааны бай шагнал, давааны мөнгө төгрөг нь харьцангуй өндөр юм гэнэ.

Улс тунхагласны ойн барилдаанд аварга С.Мөнхбат, улсын арслан Г.Эрхэмбаяр, Б.Ганбат, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Ч.Санжаадамба, Д.Рагчаа, Д.Баасандорж, харцага Ө.Даваабаатар нарын бөхчүүдийг зодоглоогүйд бөх сонирхогчид, Монголын ард түмэн гайхацгаасан. Энэ барилдаан наадам, цагаан сарын барилдаантай дүйх том барилдаан сан. Тэгтэл аварга, арслангүй бүгд л шагналыг нь голоод барилдсангүй. Эндээс манай бөхчүүдийн мөнгөнд дуртай, мөнгө хөөцөлддөг араншин нь ил харагдаж байна. Үндэсний бөх бүхэлдээ мөнгө хөөсөн хэдэн бөхчүүдийн талбар болчихсон юм биш үү. Хэдэн бор төгрөгөөс өөр юм бодохоо байсан бөхчүүд бэл бэнчинтэй л бол эмэгтэй хүнийг хүртэл улсын начин болгочихож мэдэхээр. Сэтгүүлч миний бие улсын начин болчихоод “Улсын эмэгтэй начин” гэгдээд явж байж магадгүй шүү.

Япончууд сумогоо спорт гэж үздэггүй. Шашны хэмжээнд хүндэтгэн авч үзэж, ямар айхавтар дэг жаяг тогтоосныг манайхан мэднэ. Сумо тэр чигээрээ хүмүүжлийн зэвсэг, дэг жаяг, төрийн ёслол хүндэтгэл байдаг. Сумочид тэр ёс заншлаасаа өчүүхэн ч хазайлгүй, номчлон дагадаг. Монголын үндэсний бөх үүнтэй адил. Монгол бөхийн барилдаан бол төрийн ёс заншил, ёслол хүндэтгэлийн нэгэн хэлбэр. “Төрийн барилдаандаа зодоглоно оо. Төрдөө хүндэтгэл үзүүлж барилдахад унах давах нь яахав” гээд алс холоос бөхчүүд ирж төрийн наадамдаа зодоглодог байсан сайхан уламжлал бий. Гэтэл одоо тэр нь түүх болох нь. Бөхчүүд ёс жаягаа умартаад хэдэн халтар төгрөгийн төлөө төрийнхөө барилдааныг үл ойшоож, бай багатай гээд тоохгүй байгаа нь монгол гутлаараа төрийн далбааг гишгэлж байгаатай утга ижил юм.

Бөхчүүд төрийн тэргүүний зарлигаар төрөөсөө цолоо гардаж авдаг. Тэгтэл улсаа тунхагласны түүхт ойн барилдааныг юман чинээ бодолгүй ийн аашилж төрийн хайр хишгийг даадаггүй эрчүүд гэдгээ харууллаа. Ер нь тэгээд төрөө дээдэлж хүндэлдэггүй бөхчүүдэд төрөөс цолыг нь өгдгөө үүнээс хойш боливол яасан юм. Аймаг, сум, хотоосоо л цолоо авч байна биз.

Д.ГАНСАРУУЛ


URL:

Сэтгэгдэл бичих