“Айвенхоу”-гийн нохой зан ба мөнгө уудаг машины болзол
Оюутолгойд олон бэрхшээл үүсээд байна. Тэдгээрийн нэг нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэр ажээ. Дэлхийн хэмжээний энэ том төсөл эрчим хүчгүйгээр урагш алхам ч ахихгүй нь тодорхой. Газрын гүний ус нь үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлыг хангахгүй байгаа өнөөгийн тооцоон дээр нь ийнхүү цахилгаан эрчим хүчний асуудал хурцаар тавигдлаа. Уг нь хөрөнгө оруулалтын гэрээндээ эрчим хүчний олон эх үүсвэртэй байхаар заасан. Гэвч өнөөдөр ганцхан Хятадаас эрчим хүчээр хангагдан, дөнгөж амь зогоох төдий байгаа. Нийслэлд харанхуй гудамж, дэнгийн гэрэл сүүмэлзүүлсэн айл олон. Ер нь Монголчууд цахилгааны ихээхэн гачаалтай. Энэ нь жилээс жилд өснө үү гэхээс буурахгүй төлөвтэй байна.
Өнгөрсөн сонгуулийн үеэр тавдугаар цахилгаан станцын сураг гарснаа одоо бүр чимээгүй боллоо. Ийм байхад Оюу толгойд цахилгаан станц барих нь мянгуужингийн үлгэр биз хэмээн зарим нь итгэл алдарч байна. Гэрээний дагуу төлөвлөснөөр бол тэнд 2016-2017 онд цахилгаан станц барих ёстой. Тэр болтол Хятадаас цахилгаанаа авч байхаар тохиролцсон ч цаадуул нь Оюу толгой компани руу “хялайж” хараад байгаа бололтой. Уг нь Оюу толгойн зэс, алт агуулсан хүдрийг Хятадад баяжуулж, ялгаж авах ажил хийгдэнэ. Энэ утгаараа Хятадууд цахилгаанаар хангахад гар татах учиргүйсэн. Гэхдээ бизнесийн ашиг сонирхол, өрсөлдөөн дунд янз бүрийн л юм гарч ирдэг хойно доо. Ингээд юутай ч Оюу толгой компани нэг тэрбум долларын өртөгтэй өөрийн гэсэн цахилгаан станцаа яаралтай барихаар шийджээ. Сууриа ч тавьж эхэлсэн байна. Гайтай нь манай Засгийн газраас энэ талаар эцсийн шийдвэрээ гаргаж өгсөнгүй. Өнгөрөгч намар энэ тухай Засгийн газар дээр ярилцсан боловч цахилгаан станцыг хаана барих, хөрөнгийг хэрхэн шийдэх гэх мэт асуудлуудтай тулгарсан юм.
Цахилгаан станцыг барихад нэг тэрбум ам.доллар зарцуулна гэж тооцсон бөгөөд Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт энэ хэмжээгээр нэмэгдэх ажээ. Иймээс Засгийн газар шийдвэр гаргаж чадахгүй одоо болтол дүлэгнээд байгаагийн нэг шалтгаан энэ бололтой. Гэхдээ энэ оны 11 дүгээр сард сайд дарга нар дахиж ярилцаад цахилгаан станцыг концессын гэрээгээр шийдэж болох юм гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, “Айвенхоу майнз”, “Рио Тинто”-гоор станцаа бариулах хөрөнгө гаргуулж, гүйцэтгэгч компаниар нь бариулж болно гэж тооцжээ. Тэгээд уг станцыг 15 жил ашигласных нь дараа манай Засгийн газар төрийн өмчдөө бүртгэж, хүлээж авах юм байх аа, янз нь.
Гэтэл үүний цаана эргэлзээтэй олон асуудал байна. Юуны өмнө Оюу толгойтой зэрэгцээд Таван толгойн эрх ашиг давхар хөндөгдөж байгаа юм. Оюу толгойд 450 мегаватт хүчин чадалтай цахилгаан станц шаардлагатай. Тэндээс Таван толгойг эрчим хүчээр бүрэн хангах эсэх нь бүрхэг. Нөгөөтэйгүүр Сайншанд дахь үйлдвэрлэлийн томоохон баазыг цахилгаанаар хангах явдал бас л тулгамдаж буй зүйлсийн нэг мөнөөс мөн. Дан ганц Оюу толгойг хангахын тулд цахилгаан станц барьсанд орвол нэгмөсөн Сайншандад томоохон станц бариад Оюу толгой, Таван толгой зэргийг цахилгаанаар бүхэлд нь хангавал илүү ашигтай гэж маргах мэргэжлийн хүн цөөнгүй бий. Тэдний үг үнэн болов уу. Оюутолгой төсөлд 6-6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдахаас үүний 34 хувийг Монголын Засгийн газар гаргах учиртай. Мэдээж, Засгийн газарт ийм хэмжээний хөрөнгө одоогоор байхгүй. Тиймээс хөрөнгө оруулалтаа зээлийн хэлбэрт шилжүүлсэн. Энэ нь улс төрчид төдийгүй жирийн иргэдийн эсэргүүцлийг өдөөж орхисон билээ.
Өр тавьж байж хувь эзэмших нь буруу гэсэн шүүмжлэл одоо ч үргэлжилсээр. Гэтэл цахилгаан станц барихтай холбоотойгоор нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж буй сурагтай. Хэрвээ тийм бол Засгийн газар ордыг хамтран эзэмшигчийнхээ хувьд өөрт оногдох хөрөнгө оруулалтыг гаргаж таарна. Иймээс аргаа зөв олохгүй бол болохгүй. Бэлэн зэлэн арга нь барагдахын даваан дээр харин тэрхүү концессын гэрээ гэгч рүү дөхөж яваа юм болов уу даа, манай дарга нар. Оюу толгойн хөрөнгө оруулагч, гадаад эзэд нь болохоор “Цахилгаан станц барих хөрөнгийг энэ удаад өөрсдөө босгоход асуудалгүй” гэж байна. Гэхдээ тэд хөөрхөн нохойтож байгаа бололтой. Юу гэвэл “Төслийн үйл ажиллагаанд шаардлагатай эрчим хүчийг цахилгаан станц барих замаар шийдвэрлэхэд хүрвэл эхний бүтээгдэхүүн гаргах хугацаа хойшилно шүү” гэж “Айвенхоу майнз”-ын захирлууд сануулжээ. Тэд ийм шахалт үзүүлж эхэлсэн нь бас өөр учир шалтгаантай байж болох юм. “Айвенхоу майнз”, “Рио Тинто” хоёр Хятадад зэс хайлуулах үйлдвэр барихад хөрөнгө оруулалт хийхээс өөр замгүй болж байгаа гэнэ.
Хятадууд зөвхөн Оюу толгойд цахилгаан нийлүүлснийхээ төлөө тэднээс үүнийг хүсч, шаардаагүй болов уу. Зэс хайлуулах, борлуулах бусад үйл ажиллагаанд тэд хамтрагчид хэвээр үлдэхийн тулд энэ болзолдоо Монголыг чирч оруулах нь зүйн хэрэг. Ингээд манайхан тэдний хөлд чирэгдэх үү. Энэ тийм ч сайхан зам биш байх. Өнгөрсөн тавдугаар сард Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, зургадугаар сард Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д айлчлах үеэрээ Оюу толгой болон бусад баялаг ихтэй ордуудын талаарх байр сууриа илэрхийлж байв. Мөн наймдугаар сард Засгийн газар хоорондын комиссын хурлын үеэр Шадар сайд М.Энхболд ч өмнөд хөрштэйгөө нягт хамтрах тухайгаа хэлээд авсан байна лээ. Ингэхдээ тэд Хятадын зэс хайлуулах үйлдвэр барихад хөрөнгө оруулна гэж яаж хэлж зүрхлэх вэ. Ийм боломж нь ч манайд байхгүй. Гагцхүү “Айвенхоу майнз”, “Рио Тинто” хоёрын давхар шахаа буюу хятадуудтай хорших сонирхол нь Монголын Засгийн газрыг цахилгааны хомсдолоор далимдуулан атгах бас нэг мэх болж хувирч байх шиг байна.
Эцсийн дүнд Оюу толгой төслөөс Засгийн газарт хүсэлт гаргаж, Хятадаас эрчим хүч авч буй өнөөгийн байдал нь хоёр талын харилцааны асуудалд зарим нэг хүндрэл учруулж болзошгүйг сануулж, цахилгаан станц барих ажлыг яаравчилья гэжээ. Хятадууд монголчуудын импортолдог бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөлөх, хил гаалиа хаах зэргээр элдэв ааш араншин гаргахыг үгүйсгэх аргагүй л дээ. Ер нь Оюу толгойн ордын эрчим хүчний асуудал дөнгөж саяхнаас сөхөгдөж буй сэдэв биш. Аль эрт, 2003 оноос яригдаж байлаа. Тус ордын хөрөнгө оруулагчидтай Тогтвортой байдлын гэрээ байгуулах эсэх дээрээ тулж байсан Н.Энхбаярын засаглалын үед эрчим хүчний асуудал нь тэднийг гацаанд оруулж байв. “Айвенхоу майнз” болохоор 100 км-ийн цаана байгаа Хятадаас эрчим хүч импортолно гэсэн. Монголын тал харин 600 км-ын алсад буй Улаанбаатараас эрчим хүчээ тат гэсэн шаардлага тавьж байсан юм. Үүн дээр “Айвенхоу майнз” тохиролцож чадаагүй. Тиймээс Тогтвортой байдлын гэрээ байгуулагдаагүй юм. Дараа нь 2004, 2008 оны УИХ-ын сонгууль болж өнгөрлөө.
Эрх баригч намуудын сонгуулийн халуурал сүүлдээ том том мөнгөн амлалтаар дүүрээд ирэхэд харин “Айвенхоу майнз” нь улс төрчдөд өгөөшөө хаяж эхэлжээ. Ардын намаас иргэддээ 1.5 саяыг бэлнээр өгнө гэсний цаад учир начир үүнтэй холбоотой байлаа. Харамсалтай нь, С.Баярын Засгийн газар тухайн үед Оюу толгойг хаанаас, хэний мөнгөөр эрчим хүчээр хангахаа мэдэхгүй хэвээрээ байсан юм. Эцэст нь, 2009 онд буюу өнөөгийн хамтарсан Засгийн газрын үед Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ гэгчийг байгуулан эхний хэдэн жилд эрчим хүчээ Хятадаас татаж, олборлолт эхэлсний дараа тэнд цахилгаан станц барихаар тохиролцсон байлаа. Тэгвэл одоо цахилгаан станцаа барих зөвшөөрөл өгөх хэрэгтэй боллоо, энэ Засгийн газар. Эсвэл эрчим хүч импортолсныхоо хариуд Хятадад хөрөнгө оруулалт хийх нь ээ. Станц барих нэг тэрбумаас нь илүү өртөгтэй хөрөнгө оруулалт байж таарна. Үүнээс бултаж, дээр өгүүлсэн концессын гэрээгээр станц бариулж, 15 жилийн дараа манайхан станцаа авбал хожих зүйл бас л хомсхон харагдаад болдоггүй ээ. Аливаа цахилгаан станц эхний 15 жилдээ илүү хөрөнгө шаардаж, элдэв засвар үйлчилгээ нэхэхгүй. Энэ бол сайн тал нь. Ашиг унах боломж гэсэн үг. Харин үүнээс цаашаа жил ахих тутамд мөнгө уудаг машин болдог юм билээ.
Гурав, дөрөвдүгээр цахилгаан станц Японы буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг бараг тэр чигт нь уусан шүү дээ. Гэхдээ хэрэглэгчээс их юм шалтгаална. Оюу толгойгоос гадна өөр олон хэрэглэгч байх тусмаа алдагдал бага хүлээнэ. Хятад руу эрчим хүч экспортлох хэмжээнд нүүрсээр ажилладаг цахилгаан станцтай байж чадах эсэх нь зөвхөн монголчуудаас шалтгаална. Харин “Айвенхоу майнз”, “Рио Тинто” хоёр манайд тэр үед ямархуу төмрийн сэг болсон станц шиг юмаа концессын гэрээнийхээ дагуу өгөхийг бүү мэд. Тэр болтол далайсан сүхний өмнө зогсч буй үхэр шиг амар амгалан сууцгааж байх уу даа, хэдүүлээ.
Б.Отгонбаяр
URL:













