С.Бямбацогт оо Ховд аймаг бол “Нью Прогресс” компани биш шүү

e78590fc046272621e1f92f04a01d1f7Орон нутагт зарлагдсан бүхий л тендерийг хуу хамж, нутгийнхаа бизнесменүүдийг гар хумхин суулгахад хүргэсэн Төрийн түшээ байх юм. Барилга орон сууц, зам талбай гээд аваагүй тендер үгүй хэмээн нутаг зоныхон өгүүлэх. Гэтэл нэг муу царцааны хорны тендерийг хүртэл дээрэмдээд авчихсан баримт хүртэл байна.

Ховдчууд уг нь өөрсдөө сонгож Төрд төлөөлүүлсэн Түшээгээ өрмийг нь аваад хусмыг өгөх байх хэмээн горьдож суутал өрөмтэй хусамтай бүгдийг нь хуу хамчихсанд  ихээхэн гомдож байгаагаа бидэнд дуулгаад авлаа. Ерөөсөө Ховд аймагт сүүлийн хэдэн жилд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажил, тэнд зарлагдсан тендерийг “Нью Прогресс” гэх их айлын данстай компаниуд эзэмшиж ирсэн учраас бизнес эрхлэгчид нутгаасаа дүрвэхэд тулаад байгааг эх сурвалж дуулгасан. Тэгэхээр энэ тухай гомдлыг сануулах үүднээс уншигч тантай хуваалцахаа өөр аргагүй. Энэ удаад бид албан баримт дэлгэхгүй. Харин шаардлага байгаа бол дэлгэх баримт байгааг дуулгах байна.

МАН дотроо карьер нь зогсолтгүй өсч явсан залуу улстөрч С.Бямбацогт Хууль зүйн сайдын суудлаас буусан цагаасаа хойш ихээхэн бухимдалтай байсан төдийгүй энэхүү уур уцаараа алс баруун хязгаарт улам бүр гаргах болсон тухай хэвлэлүүд нэг хэсэг дэлгэсэн. Тодотговол тендерээсээ хальж Орон нутгийн засаг захиргааг Улаанбаатараас удирдахаар муйхарлан зүтгэсэн нь Ховдын хязгаар нутагт багагүй гай тарив.

Энэ тухайд дурдвал, өнгөрөгч өвөл намрын завсарт буухиалсан МАН-ын Их хурлаар Ховд аймгийн төлөөлөгчдийг эрхэм түшээ маань дарамтлахыг нь дарамтлаж, мөнгө өгөхөд нь өгч “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгч болсон тухай мэдээллийн эх сурвалжууд дурдажээ. Өөрөөр хэлбэл баруун хязгаараас зочилсон төлөөлөгчид маань С.Бямбацогтын дарангуйлал дунд хуралдаанаа өндөрлөөд нутгийн зүг хөлгийн жолоо залсан юм байх. Үүнээс харахад С.Бямбацогт нутгаас ирсэн зочдынхоо үзэл бодлыг тас цохисон байна. Учир нь Ховд аймагт өөрийнхөө эрх мэдлийг тэлж, өөрийн гар хөлөө Төрд шургуулах ажиллагаагаа бататгах гэсэн ажиллагаа зохион байгуулжээ.

Улстөрийн үйл явц нэлээд ээдрээтэй энэ үед залуу улстөрчийн карьер нь өсөхийн хэрээр тэрбээр баруун хязгаарт өөрийн хүрээллээ зузаалах, хүчээ нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарч байгаа хандлага бий. “Өргөн талд түшиж яваад өндөр дээрээс түлхэдэг” талбар бол улстөр учраас хүчээ зузаалж, хүрээгээ нэмэгдүүлэх нь буруугүй байх.

 Гэхдээ С.Бямбацогтын хувьд буруу замаар хүчээ зузаалахаар улайрч байгааг сүүлийн үеийн улстөрийн үйл явцаас харж болно. Уг нь МАН-ыг сөрөг хүчин байхад УИХ дахь бүлгийн даргаар ажиллаж, 2016 онд Хууль зүйн сайдаар ажиллаж гээд карьераа өсгөж явсан залуу өөрийнхөө хувийн компанид 77 тэрбум төгрөгийн концессийн гэрээ авч өгч асуудал дэгдээснээр сайдын суудлаасаа буусан. Гэхдээ зөвхөн С.Бямбацогт биш хэд хэдэн сайд энэ замаар концессийн гэрээ гаргасан учраас танхимаараа огцорсон гэдгийг сануулах хэрэгтэй байх.

Одоо бол тэр УИХ дахь сул гишүүдийн нэг учраас баруун хязгаарыг “тохинуулах” ажиллагааг удирдаж байгаа бололтой. Энэ оны өмнө Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг огцруулах ажиллагааг С.Бямбацогт удирдсан гэдэг. Харин орон нутгийн иргэдийн хүсэл сонирхол, Гүйцэтгэх засаглалын тэргүүний захирамж, аймгийн Иргэдийн хурлын олонхийн саналаар Д.Галсандондогийг эргүүлэн томилсон. Гэтэл С.Бямбацогтын хүн гэгдэх ИТХ-ын дарга асан Г.Пүрэвганди нь тамгаа авч зугтаагаад нэг сар гаруйн хугацаа өнгрөхөд Ховд аймгийн төрийн ажлыг гацаасан балаг нь саяхан хүртэл үргэлжилсэн. Энэ бол С.Бямбацогт гишүүний явуулсан ажиллагаа гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Ховд аймагт үүнээс үүдэн Төрийн ажил гацаж багагүй бэрхшээл туулсныг ховдчууд бидэнд дуулгасан. УИХ-ын танхимаас аймаг удирдахаар хичээж буй С.Бямбацогт гишүүн нутгийнхаа бизнесмэнүүдээс уучлалт гуйж, тэнд ажиллаж байгаа өөрийнхөө болон компани, гар хөлийг цэгцлэхгүй бол ирэх 2020 онд хариуцлага тооцохоо илэрхийж байна.

Өнөөдөр монголын гайгүй том бизнесмэнүүдийн орлого эрс буурсан, эрсдлээс яаж хамгаалах тухай л ярьж байхад С.Бямбацогт нарын гишүүдийн орлого хэдэн тэрбумаараа өсч байгаагийн нууц чухам юундаа байгааг надаар хэлүүлэх юун. Бизнестэй хүнд мөнгө өсгөх, орлого олох арга зам олон бий учраас энэ төдийлөн ач холбогдлолтой биш юм. Хамгийн гол нь Ховд аймгийн засаг захиргааг бужигнуулж байгаа нь орон нутгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьжиргааны түвшинд ил биш ч далд нөлөөлөл үзүүлнэ гэдгийг тэр мэдэх л учиртай.

Ийм учраас л нутгийн иргэд Ховд аймаг уу, “Нью Прогресс” аймаг уу гэдгийг ойлгохоо болиод байгаагаа дурдаж байна.

Н.Дөл

Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих