Улс төрийн хийрхлийн завсараар урлагийнхан тэнгэрт залрав

МАН- ынхан Бага хурлаа хийж, УИХ-ын гишүүд төсөв, сонгуулийн хуулиа хэлэлцэж, Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр шүүхдэлцэж, хуулийн байгууллагаар бие биенээ шалгуулж байх завсар Монгол Улсын төрийн тэргүүн ч зүгээр суусангүй. Удаан хугацааны турш олгоогүй төрийн шагнал, төрийн соёрхлоо нэр бүхий эрхмүүдэд гардууллаа. Сайхан шагнал ч гэлээ даанч эзнээ олсонгүй хэмээн иргэд бухимдаж байна.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эрдэмтэн, мэргэдийн багынханд төрийн соёрхол хүртээсэн бол болж байна. Харин Монгол поп гэсэн тоглолт хийсэн дуучин Болд төрийн соёрхол хүртэх уран бүтээлч мөн үү гэж бачимдаж байна. Эзэн Чингисийн үеэс л өөрийн гэсэн дуу хуур, аян дантай ирсэн Монголын ард түмний агуу урлагийг ганц нөхөрт өмчлөн өгсөн нь Монголын урлагт хэдэн зуун жил хүч хөдөлмөрөө зориулсан олон хүнийг гомдоолоо. Үгүй ээ энэ Ерөнхийлөгч яаж чадаж байна аа. Зангад гуайд, Хайдав гуайд, бүр болъё гэхэд саяхан ойгоо хийсэн Улсын драмын эрдмийн театрын сүрлэг хойморт ноёрхлоо тогтоосон найруулагчдад шагнал өгөхдөө татганадаг төр амьд хоолойгоороо бус ихэвчлэн бичлэгээр дуулдаг залууд төрийн соёрхол хүртээсэн нь бас л сонин улстөр биш гэж үү.

Болд гэдэг уран бүтээлч хөдөлмөрч байж болно. Бүтээсэн ч байж болно. Гэхдээ түүний хөдөлмөр гавьяатын энд л дөхнө үү гэхээс Төрийн соёрхлын хэмжээнд очихгүй гэдэгтэй олон уран бүтээлчид санаа нийлж байна. Нэгэн цагт Улсын драмын эрдмийн театрын найруулагч Баатар Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяраас Соёлын гавьяат зүтгэлтэн цолоо авчихаад буцаана хэмээн мэдэгдэж хэвлэлийн хурал хийлгэсэн. Үнэгүйдсэн шагналын эзэн байхыг хүсээгүйгээ угийн омголон зантай уран бүтээлч илэрхийлж, дуулиан тарьж байлаа. Үнэндээ зарим нөхдөд өгсөн төрийн шагнал эзнээ олдоггүй гэдэг маргашгүй үнэн. Дамбийжаагийн дүрээрээ, олон сайхан бүтээлээрээ олны танил болсон Цолмонбаатар 50 жил Монголын урлагт зүтгээд гавьяат жүжигчин боллоо.

Түүний хажууд таван жил дуулсан Жавхлан, Баясгалан, Батэрдэнэ нар аль хэдийн гавьяатын тэмдэг энгэртээ зүүчихсэн байх жишээний. Төрийн соёрхол гэдэг сайхан тэмдгийн эзэн нь төр түмэндээ хүндлэгдсэн байх ёстой болохоос биш Ц.Элбэгдоржийн сэтгэлийг хөдөлгөсөн ганцхан тоглолт хийснээрээ хүртэх учиргүй нь ойлгомжтой. Үнэхээр Монголын төр, соёрхлоо хайрлахыг хүсвэл Морин хуурын чуулгынхан хамгийн түрүүнд авах ёстой. Дэлхийн соёлын өвд бүртгүүлж, НҮБ-ын гантиган тайз нь дээр морин хуураа эгшиглүүлсэн энэ багийнхнаар төр нүүрээ үргэлж тахлуулдаг ч шагналдаа харам байдаг. Тэгсэн атлаа төрийн соёрхлоо эзнээ ололгүй өглөө хэмээн олон түмэн бухимдаж, популизмд дуртай Ерөнхийлөгч жинхэнэ популизм хийлээ гэж шуугиж байна.


URL:

Сэтгэгдэл бичих