Халаасан дахь бүх мөнгөөрөө биткойн авах хэрэггүй гэдгийг “Хас”-ын Ч.Ганхуяг анхаарууллаа
“Хас”-ын гэх тодотголтой Ч.Ганхуяг “Биткойноор ашиг олбол аз чинь. Алдагдал хүлээвэл би хариуцлага хүлээхгүй” хэмээн хэвлэлд ярьсан байна. Биткойнтой холбоотой ном гаргаж, ашиг орлого олох боломж байгаа талаар сүүлийн үед хамгийн их ярьсан хүмүүсийн нэг бол тэр. Тэгвэл тэрээр эрсдэлийн талаар илүү дуугарах болж. Ямартаа л “Халаасан дахь бүх мөнгөөрөө хөрөнгө оруулах хэрэггүй. Зээл аваад хөрөнгө оруулалт хийе гэж ирсэн иргэдийг бид буцаадаг. Тэгж болохгүй. Мөн эрсдэлээ маш сайн судлах хэрэгтэй. Биткойныг анх уламжлалт банк, санхүүгийн салбарын хүнд суртлыг үгүй хийх зорилготой зохиосон. Энэ утгаараа хөрөнгө оруулалт биш харин санхүүгийн хэрэгсэл гэдэг үүднээс хандах хэрэгтэй. Гадагшаа мөнгө гуйвуулах, төлбөр төлөх зэрэгт ашиглавал илүү зохистой гэсэн үг. Гэхдээ өнөөдөр ханшийн өсөлтийг ашиглаж мөнгө хийх боломж гарч ирсэн юм чинь яагаад ашиглаж болохгүй гэж. Энэ талаас нь би тайлбарлаж өгдөг. Хэдийгээр ингэж зөвлөдөг ч гэлээ уриалан дуудсан зүйл огт байхгүй. “Асар их ашиг олно”, “Баталгаатай” гэж уриалж, хэлж болохгүй” хэмээн ярьсан байна.
Дашрамд өгүүлэхэд, энэ оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд цахим мөнгөний тухай ойлголтыг тусгасан нь блокчейн технологид суурилсан битктойн зэрэг криптовалютуудтай хамаатай юу гэдэг асуулт тавигдаж буй. Харин Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар энэ талаар “биктойн зэрэг криптовалют нь хуульд заасан шинжийг хангахгүй учир цахим мөнгө гэж тооцогдохгүй, төгрөгийг орлох төлбөрийн хэрэгсэл болж, Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоонд хэрэглэгдэх боломжгүй. Харин төлбөрийн системийн тухай хуульд заасан шинж, шаардлагыг хангасан цахим мөнгийг аж ахуйн нэгжүүд Монголбанкны холбогдох зөвшөөрлийн дагуу гаргаж, төлбөр тооцоонд чөлөөтэй хэрэглэх боломжтой” гэсэн байгаа юм.
За мөн Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл “Биткойн буюу, криптовалютыг хэдийгээр “электрон мөнгө” гэж нэрлэж байгаа ч яг үнэндээ мөнгө гэж нэрлэх хэцүү. Учир нь эдийн засагт юуг мөнгө гэх вэ гэдэг тодорхойлолтыг одоохондоо бүрэн хангаж чадахгүй байгаа. Нэг ийм жишээгээр тайлбарлая. Хүн төрөлхтний түүхийг эргээд харахаар янз бүрийн л зүйлс мөнгөтэй төстэй зорилгоор тѳлбѳр тооцоонд хэрэглэгдэж ирсэн байдаг. Зарим орнуудад халуун ногоо, будаа, давсаар хүртэл төлбөр тооцоо гүйцэтгэж байсан тохиолдлууд бий. Монголд малчин айл ѳрхүүд одоо ч хониор төлбөр хийх тохиолдол байдаг шүү дээ. Гэхдээ тэглээ гээд эдгээр зүйлсийг яг мөнгө гэх үү гэдэг эргэлзээтэй. Ер нь ийм 3 гол шаардлагыг хангасан зүйлийг орчин үед бид мөнгө гэж нэрлээд байгаа. Нэгт, аливаа зүйлийн үнийг хэмжих нэгж байж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал. Хоёрт, чөлөөтэй хөрвөх төлбөр тооцооны хэрэгсэл байж чадах уу, үгүй юу гэдэг асуудал. Гуравт, үнэ цэнээ удаан хугацаанд тогтвортой хадгалж чадаж байна уу гэдэг асуудал юм. Харин криптовалютуудын хувьд, жишээ нь мөнгөн тэмдэгт шиг дуртай дэлгүүртээ ороод юм худалдаж авч чадахгүйн зэрэгцээ үнэ нь байнга савлагаатай, тогтворгүй гэдэг утгаараа ѳнѳѳдѳр мөнгөний үүргийг гүйцэтгэж чадахгүй байна гэж хэлж болох юм” гэсэн байдаг.
Тэгэхээр албаны хүмүүс ч тэр, биткойныг сурталчилж байгаа хүн ч тэр эрсдэлтэй гэдгийг нь хүлээн зөвшөөрцгөөж байгаа юм.
Эх сурвалж: Hunnu.mn
URL:














