Сайн эцэг, эх байх хүсэл сайхан төгсгөлтэй байдаггүй
Шинэ залуу эцэг, эхчүүд өөрсдийн шинэ дүрдээ ороход ихээхэн хүндрэлтэй байдаг билээ. Эргэн тойрны хүмүүс тэднийг эцэг, эхийн үүргээ хэрхэн биелүүлж байгааг нь үргэлж л харж, дүгнэж байдаг гэнэ. Саяхны хийгдсэн судалгаагаар залуу эхчүүд өөрсдийн чадварт эргэлзэж байдаг нь харагдсан бол аавууд бусад хүмүүс тэдний талаар юу гэж боддог бол хэмээн сэтгэл зовнисноор стресст ордог болох нь тодорхой болжээ. Судалгааны ажлыг Охайогийн их сургуулийн эрдэмтэн Мэган Ли удирдаж явуулсан бөгөөд өв тэгш эцэг, эх болох хүсэл эрмэлзэл тун ярвигтай зүйл болох нь тогтоогдсон аж. Хэрэв тухайн хүн бусдад таалагдах үүднээс сайн эцэг, сайн эх болох ёстой гэж үзвэл энэ нь зөвхөн зовлон, шаналлыг дагуулдаг байна.
Харин тухайн хүн өөртөө тодорхой шаардлагууд тавьж, би ийм үүрэгтэй гэж бодвол бүх зүйл тийм ч муугаар өндөрлөдөггүй гэнэ. Хамтран зүтгэгчдийнхээ хамтаар Мэган Ли эрдэмтэн нэгэн судалгааны ажлыг явуулсан бөгөөд хүмүүс ууган хүүхдээ хорвоод мэндэлсний дараа ямаршуухан байр байдалтай болдог вэ гэдгийг тогтоохыг оролджээ. Судалгаанд 2008-2010 онуудад эцэг, эх болсон 182 хосыг оролцуулав. Залуу эцэг, эхчүүд асуулт бүхий асуулгад үнэн зөв хариулт өгөх ёстой болсон бөгөөд түүгээр нь тэдний эцэг, эхийн үүрэг хариуцлагын түвшинг тогтоосон байна. Гурван сарын дараа тэднээс дахин асуулга авч эцэг, эхийн дүрд хэрхэн амжилттай орж байгааг нь мэдэж авчээ. Тэгтэл анхнаасаа л нийгмийн идэвхтэй байдал үзүүлж байсан эхчүүд өөрийгөө сайн ээж болж байгаа гэдэгт итгэл муутай байсан гэнэ. Аавуудын хувьд тэд сэтгэлийн хямралд орох явдал түгээмэл ажиглагджээ. Харин бусдын хамаарлаас өөрийгөө ангид байлгаж чадсан эхчүүд ээж болсноосоо хойш баяр баясал, сэтгэлийн ханамж авч байгаагаа илэрхийлэв. Мөн бусдын бодол санаа, дүгнэлтийг үл ойшоосон аавууд сэтгэлийн хямралд бага орж, үүрэг хариуцлагаасаа илүү ихээр сэтгэл ханамж авч байснаа өгүүлсэн аж.
www.wikimon.mn
URL:




