Гадны эмч нар зөвшөөрөлгүй гоо сайхны үйлчилгээ эрхэлж байжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар арьс, гоо заслын эмнэлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын мэдээллээ танилцуулж байна. Шалгалтаар гадаадын эмч нар монголд ирж зөвшөөрөлгүйгээр эмчилгээний гоо сайхны үйл ажиллагаа эрхэлж байгаа ноцтой зөрчил илэрсэн байна. Мөн гадаадын эмч мэргэжилтнүүд аялал жуулчлалын визээр Монголд нэвтэрч, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин эмнэлгийн тусламж үзүүлсэн, Монгол улсын эм бүртгэлд бүртгэгдээгүй эм эмнэлгийн хэрэгслээр үйлчилж байсан зөрчил тус тус илэрчээ.
Тухайлбал “Шангри-Ла” төвийн хоёр давхарт байрлах “Үлэмж клиник” эмнэлэг нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй ч тухайн эмнэлэгт Япон улсын иргэн ирж Эрүүл мэндийн яамнаас эмчлэх эрхийн зөвшөөрөл авалгүй мэсгүйгээр гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлж байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. “Өлзий Ден” компанийн “Ай Эм Скин Ка” төвд БНСУ-ын хоёр иргэн ирж, иргэдэд нүүр өргөх болон бие галбиржуулах био утас суулгах талаар практик сургалт явуулж байсан нь мөн илэрсэн байна.
Эдгээр зөрчлийг таслан зогсоож, Зөрчлийн тухай хуулиар шийтгэх арга хэмжээ авсан байна. Түүнчлэн шалгалтын явцад хоёр байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох саналыг харъяалах прокурорын газарт тавьжээ.
Иймд иргэдийг эмчилгээний гоо сайхныг хийлгэхдээ тухайн эмч нь эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягтлах, хэрэглэж буй бүтээгдэхүүн нь Монгол Улсын эм бүртгэлд бүртгэгдсэн стандартад нийцсэн эсэхийг шалгаж байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид анхааруулав.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:




