БНСУ-ААС 300 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВАХААР БОЛЛОО

“БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан /ЭЗХХАС/-аас 2011-2015 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”-ийг өнгөрсөн баасан гарагт байгууллаа.
Хэлэлцээрт Монголын Улсын Засгийн газрыг Сангийн сайд С.Баярцогт, БНСУ-ын Засгийн газ­рыг төлөөлж БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Ил нар гарын үсэг зур­лаа. БНСУ-ын ЭЗХХАС нь 1987 оны 6 дугаар сарын 1-нд хөгжиж буй орнуудын эдийн засгийг дэмжих зорилготойгоор байгуулагджээ. ЭЗХХАС нь хөгжиж буй орны Зас­гийн газар болон хэрэгжүүлэгч агент­лагуудад эдийн засгийг тогт­воржуулах, аж үйлдвэрийн хөгж­лийг дэмжих төслүүдэд туслалцаа үзүүл­дэг бөгөөд БНСУ-ын Стратеги, санхүүгийн яам энэхүү санг бод­лого, чиглэлээр удирдаж ажилла­даг байна.
Манай улсад 1993 оноос хойш зээл олгож ирсэн бөгөөд 1993-2007 онд, мэдээлэл холбооны техно­логи, эрүүл мэнд, эрчим хүч, зам тээврийн салбарт 7 төслийг хэрэг­жүүлэхэд 60 гаруй сая ам.дол­ларын хөнгөлөлт­тэй зээлийг өгсөн байна. БНСУ-ын Засгийн газраас 2011-2015 онд авах 300 сая ам.дол­ларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар Мон­голын ард иргэдийн эрүүл амьдрах орчныг бүр­дүү­лэх зорилгоор эрүүл мэнд, агаарын бохирдлыг буу­руулах төслүүдийг хэрэг­жүүлэхэд зарцуулах бод­лого барьж байгаа аж. Энэ­хүү бодлогын хүрээнд эх­ний ээлжинд “Үндэсний онош­логоо, эмчилгээний төв ба­рих төсөл”-ийг хэрэгжүүлэх хүсэлтийг БНСУ-ын Зас­гийн газарт тавьж холбогдох гэрээ хэлцлийг эхлүүлсэн бай­на. Харин зээлийн хөрөн­гөөр хэрэгжүүлэх бусад төс­лүүдийн хувьд 2015 он хүртэлх хугацаанд жилд 1-2 төслийн санхүүжилтийн асуудлыг хоёр талын Засгийн газар харил­цан тохиролцох замаар шийдвэр­лэх юм. Монгол Улсын Засгийн газ­рын авч буй зээлийн хүү 0,15 хувь, зээл эргэн төлөх хугацаа 35 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил бай­хаар тохиролцсон бөгөөд энэ нь ма­най улсын хувьд хамгийн таатай нөхцлөөр хийгдэж байгаа гэрээ гэдгийг Сангийн сайд С.Баярцогт тэмдэглэн хэллээ.
БНСУ-ын Засгийн газар нь “Но­гоон өсөлт”-ийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаатай холбогдуу­лан “Сэргээгдэх эрчим хүч”-тэй хол­боотой төслүүдэд санхүү­жилт олгох сонирхолтой байгаа бөгөөд энэ чиглэлийн төслийн хувьд зээ­лийн хүүг илүү хөнгөлөлттэй нөх­цөлтэй болгох боломжтой гэнэ. Тухайлбал, нар, салхины эрчим хүч, биотехнологи, хог хаягдлын боловсруулалт, цэвэр, бохир усны систем, бохир ус цэвэршүүлэлт зэрэг чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд дээр дурдсан зээ­лийн хүү 0,05 хувь, зээл эргэн төлөх хугацаа 40 жил болох боломжтой ажээ.
Г.Мандуул


URL:

Сэтгэгдэл бичих