Баярын салют нулимс дагуулах вий

Өнгөрсөн жил шинэ оны босгон дээр салютаас болж гар нүүрээ түлэн, зарим нэг нь тахир дутуу болсон удаатай. Азаар хүний амь эрсдээгүй.

Энэ дүр зураг өнөө жил дахин давтагдахгүй гэх баталгаа алга. Учир нь аюул дагуулсан тэсэрч дэлбэрдэг зүйл маань хаа нэгтээ харагдах боллоо.

Хэдхэн хоногийн дараа шинэ он гарна. Энэ бол хүн бүхний хүсэн хүлээдэг баярын нэг. Нийслэл хотод маань аль хэдийнэ гацуур мод сүндэрлэж, шинэ оны дуу хаа сайгүй эгшиглэнэ. Үүнтэй зэрэгцээд л наймаачид янз бүрийн гацуур, гэрлэн чимэглэл, саа болон салют, бенгалын гал, оргилуурт гэрэл, динамик зэргийг их хэмжээгээр худалддаг.

Өнгөрсөн жил шинэ оны босгон дээр салютаас болж гар нүүрээ түлэн, зарим нэг нь тахир дутуу болсон удаатай. Азаар хүний амь эрсдээгүй. Энэ дүр зураг өнөө жил дахин давтагдахгүй гэх баталгаа алга. Учир нь аюул дагуулсан тэсэрч дэлбэрдэг зүйлүүд хаа нэгтээ харагдах боллоо. Уг нь улсын хэмжээнд уг хэрэгслийг “Протек”, “Тотал мюзик”, “Шинэ өглөө” цогцолборын “Пластик” дэлгүүрүүд тус тус худалдан борлуулах эрхтэй юм байна.

Гэтэл шинэ он дөхөх тусам ганзагын наймаачид салютыг их хэмжээгээр оруулж ирэх нь ихэсдэг. Хүний биед хамгийн их гэмтэл учруулагч “8 short roman candle” “Bian lian wang” төрлийн пиротехникийн хэрэгслийг иргэд холбогдох хяналтын байгууллагуудын хараа хяналтаас далдуур БНХАУ-аас оруулж ирдэг аж. Түүнийгээ “Нарантуул” болон “Хархорин” захаар худалдаалдаг байна. Тиймээс үүнд хараа хяналт байхгүйн дээр эргээд хэн нэгэн гэмтсэн тохиолдолд хариуцлага тооцож чадахгүйд хүрдэг.

Тухайлбал, өнгөрсөн жил гэхэд дээрх шалтгаанаас үүдэлтэйгээр бэртсэн 21 хүнээс 42.9 хувь нь хар, улаан өнгийн дээрх төрлийн салютыг хэрэглэсэн байжээ. Харин үүний дийлэнх нь орон нутгаас ирсэн иргэд байх нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Уг нь салютыг зааврын дагуу хэрэглэх ёстой. Гэтэл 2010-2011 оны зааг дээр Гэмтлийн эмнэлэгт салютад түлэгдэж хүнд, хөнгөн хэлбэрийн шарх авсан хүмүүсийн дараалап үүссэн нь Монголчуудын англи хэлний мэдлэг муугаас болсон гэлтэй.

Учир нь салютан дээр Ангилиар “Гар дээрээс буудуулж болохгүй” гэсэн томоос том заавар бичээстэй байдаг аж. Гэтэл үүнийг анзаараагүйгээс өөрийгөө гэмтээсэн тохиолдол цөөнгүй. Түүнчлэн бага насны хүүхдүүд салют болон динамикийг сонирхон худалдаж авч нэгнээ айлгах тоглоом мэтээр ашигладаг.

Үүнээс болж нэгнийхээ нүдийг сохолсон хэрэг ч гарсан удаатай. Энэ төрлийн бизнес эрхлэгчид ашгаа бодохоос бус зарж буй бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдал болон яаж хэрэглэх талаар иргэдэд анхааруулдаггүй нь ийм эмгэнэлтэй байдалд хүргэдэг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тусгай дүрэм журам батлан үүний эсрэг тэмцэж эхлэх гэнэ.

Мөн тэд пиротехникийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүйгээр импортлох, гар дээрээс худалдан борлуулж байгааг таслан зогсоох, иргэд зөвшөөрөлтэй баталгаатай байгууллагуудаар үйлчлүүлэх, уг хэрэгслийг ашиглах хадгалах заавар зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах, мөн үүсч болох аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг сайжруулах шаардлагатайг хэлж байсан юм.

Нөгөө талаар төр засгийн байгууллагаас хяналт тавьж шаарддаг ч гэсэн хувиараа бизнес эрхлэгчид нууцаар худалдаалах нь багасдаггүй. Тэр ч бүү хэл шинэ он дөхөх тусам үнэ өсдөгийг хүн бүхэн мэднэ. Энэ нь иргэдийн худалдан авах эрэлт өсч буйтай холбоотой юм. Ер нь нэгэнт нийслэлд орж ирсний дараа тэмцэж байхаар хил гаалиар орж ирэхэд нь илүү хяналт тавьж байх хэрэгтэй.

“Ниргэсэн хойно нь хашгирна” гэгчээр хэдэн хүн бэртэж, хэдэн хүнийг гаргүй болсны дараа асуудал болгож дэгдээх нь энүүхэнд. Уг нь хоёр сая гаруй хүн амтай манай улсад үйл ажиллагаагаа явуулах эрхтэй хоёр гуравхан байгууллага байдаг гэхээр хачирхалтай. Нэг талаар энэ нь хууль бусаар импортолж бараа оруулж буй иргэдийн наймааг улам өөгшүүлж байгаа хэрэг.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны пиротехникийн хэрэгслийг импортлох, ашиглах дүрэм батлах тухай 149 дүгээр тогтоолд зааснаар пиротехникийг хэрэглэх, ашиглах үйл ажиллагааг явуулах эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагаас бусад аж ахуйн нэгж байгууллага, иргэн уг хэрэгслийг ашиглахыг хориглосон байдаг.

Гэтэл манай Улсад ямар нэгэн хууль дүрэм гаргадаг хэдий ч түүнийг зөрчих нь олон. Ганцхан өдрийн баяраас болж өөрийн эрүүл мэндээ хохироож үлдэх нь дэндүү харамсалтай. Иймээс иргэн та ухаалаг хэрэглээг сонгох нь чухал гэдгийг энэ дашрамд дуулгах нь зөв болов уу.

Д.Ангараг

Эх сурвалж: “Монголын Үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих